“Тираннозавр батаар”-ыг Монголын талд хүлээлгэн өгөв /2013.05.07/

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

“Тираннозавр батаар”-ыг Монголын талд хүлээлгэн өгөв /2013.05.07/

NEWS агентлаг Монгол түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

1913.05.08 Хаант Орос улсаас Бага даргын сургуульд хэрэглэх зэвсгийг хүлээн авав.

1921.05.12 Монгол, Зөвлөлтийн хамтарсан цэрэг Цагаантны цэргийн гол хүчийг Хиагт-Тройцкосавскийн дэргэд бут цохив.

1922.05.09 Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн удирдагчдаас Монголын Засгийн газарт бичиг ирүүлж, олсон амжилтад баяр хүргээд, Ар монголтой нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

1925.05.08 Монголын пионерийн байгууллага байгуулагдав. МХЗЭ-ийн Төв хорооны дэргэд байгуулагдсан энэ байгууллагын анхны удирдагч нь Д.Нацагдорж байв.

1932.05.11 Монголын төв, Баруун хэсгийг хамарсан хувьсгалын эсэргүү бослогын зэвсэглэсэн 13 отрядын 3000 орчим шар цэрэг оролцсон уг бослого Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Рашаант, Ренчинлхүмбэ, Архангайн Мөрөн, Тариат, Агьтын хүрээ хийдүүдэд төвлөн, үйл ажиллагаагаа явуулж байв. Уг бослого зургаан сар орчим үргэлжлэх хугацаандаа улсад ихээхэн хохирол учруулж, нэлээд газар авсан бөгөөд Дотоодын хамгаалах газар, цэргийн яамнаас томилсон тусгай хорооныхон ба  сайн дурын морьт отрядуудын хамтарсан хүчээр том жижиг зэвсэгт тулгаралтуудын үр дүнд дарагдсан юм.

1937.05.08 Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх газрын дэргэд “Улсын номын худалдааны газар” байгуулагдав.

1939.05.11 Халхын голын байлдаан эхлэв. Монгол Улсын дорнод хил, Халхын гол орчмоор Японы милитаристууд гэнэт халдан довтолж, дорно зүгт дарийн утаа суунагласан юм. Халх голын дайн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт дөрвөн сар үргэлжилжээ.

1944.05.09 Холбооны яам байгуулагдав.

1956.05.08 БНМАУ, БНРАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдав.

1958.05.12 БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрчид галт тэрэгний буудал дээр хятад ажилчдын нэгдүгээр ээлж нутаг буцаж буйн учир үдэж мордуулав

1963.05.10 МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын Хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь, бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театр байгуулав. Ийнхүү Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдлаа.

1972.05.12 “БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хооронд 1972 онд харилцан бараа нийлүүлэх протокол”-д Бээжин хотноо гарын үсэг зурав.

1977.05.06 БНМАУ-БНАГУ-ын хооронд найрамдал хамтын ажиллагааны тухай шинэ гэрээнд гарын үсэг зуржээ

1979.05.11 БНМАУ-Мадагаскар улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1989.05.12 ЗХУ-ын зүгээс тавдугаар сарын 15-наас эхлэн БНМАУ-аас үлдсэн цэргийн анги нэгтгэлийг татан гаргах болсон тухайгаа мэдэгдэв. ТАСС агентлагийн мэдээлснээр нэн түрүүнд танк болон агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн анги нэгтгэлийг татан гаргах аж. ЗХУ-ын хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга, хурандаа генерал Голицын 1989-1990-оны хооронд БНМАУ-аас нийт50 мянган цэрэг, 850 гаруй танк,1100 явган цэргийн машин болон хуягт машин, 820 гаруй олон төрлийн галт зэвсэг, 190 байлдааны онгоц болон 130 байлдааны нисдэг тэргийг гаргахаа мэдэгдсэн байна. Мөн ЗХУ-аас гаргасан энэ гэнэтийн шийдвэр нь энэ бүс нутгийн сайн хөршийн харилцаа болон энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө гэдгийг илэрхийлэв.

1992.05.07-11 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ди Пэний урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн БНХАУ-д албан ёсны найрсаг айлчлал хийв. Энэ нь 30 жилийн турш Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа Хятадад айлчилсан явдал байв.

1996.05.06-09 Монгол Хятадын эдийн засаг, худалдаа шинжлэх ухааны техникийн хамтын ажиллагааны 4 дэх удаагийн хурал Бээжин хотноо зохиогдов.  Талууд хурлын протоколд гарын үсэг зурж, холбогдох бичиг баримт солилцов. Хятад Улсын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжаар 3 сая юанийг гамшгийг арилгахад хандивласан байна.

1997.05.09 Орон сууцыг үнэгүй хувьчилж эхлэв. Монгол Улсын иргэдийн 48 хувь нь орон сууцад амьдрах бөгөөд эзэмшиж буй орон сууцыг үнэгүй хувьчлах тухай Засгийн газраас тогтоол гаргаж, хэрэгжүүлж эхлэв.

2000.05.07 Монгол Улсын Дундговь аймгийн Улаанбадрах суманд шүлхий өвчин гарсны учир БНХАУ уг өвчний халдвараас сэргийлэхийн тулд Хятадын хилийн хорио цээрийн албанаас албан ёсны мэдэгдэл хийж, тухайн өдрөөс эхлэн шууд ба шууд бус замаар Монгол Улсаас шүлхийн туссан малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглов.

2003.05.07 “Хувьсгалт Монгол” танкийн хөшөөг 120 мянгатаас Зайсан толгой руу нүүлгэн шилжүүлэв.

2010.05.08-10 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээнд оролцов.

2011.05.06 БНХАУ-ын Ардын банк Монгол Улсын Төв банк хооронд юань, төгрөгтэй харьцах хоёр талын валютын солилцооны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2012.05.10 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийг батлав.

2013.05.07 “Тираннозавр батаар” үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монголын талд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөв.

2013.05.08 Ардчилсан намын Их хурал хуралдав. Хурлаас Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр баталгаажуулав.

2013.05.10 УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Зоригт, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар тангараг өргөлөө. Ийнхүү сонгуулиас хойш 11 сарын дараа УИХ-ын бүрэлдэхүүн бүрдлээ.

2013.05.11 МАХН-ын Бага хурлаас 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүллээ. Тэрбээр Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдсөн анхны эмэгтэй болов.

2013.05.11 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор Засгийн газраас журам батлав.

2014.05.06 Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, “Чингис” бондын зарцуулалт, үлдэгдлийн тайлан, эргэн төлөх эх үүсвэр, хуваарийн талаар хэлэлцэв.

2014.05.10 МИАТ компани Боинг 737-800 шинэ агаарын хөлөг хүлээж авав. Зогсолтгүйгээр 10 цаг нислэг үйлдэх хүчин чадалтай, бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай тус онгоцыг Чингис хааны ач Гүюг хааны нэрээр нэрлэжээ.

2015.05.09 ОХУ-ын нийслэл Москва хотноо Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад Монгол Улсын цэргийн бүрэлдэхүүн дэлхийн 730 орчим цэрэг, дайчидтай хамт анх удаагаа Улаан талбайд жагслаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж