Томилолт: Ерөнхий сайд Хэнтийд, хэнтийчүүд Ерөнхий сайдад

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Томилолт: Ерөнхий сайд Хэнтийд, хэнтийчүүд Ерөнхий сайдад

Томилолт: Ерөнхий сайд Хэнтийд, хэнтийчүүд Ерөнхий сайдад

-Манай сурвалжлагч Ж.Нямсүрэн орон нутгаас мэдээлж байна-

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хэнтий аймаг дахь томилолт Жаргалтхаан сумаас эхэллээ. Хотоос ердөө гуравхан цаг л давхиад оччих юм. Билгийн тооллын зуны эхэн сарын нэгэн хэдий ч газрын өнгө тааруу. Ногооны үнэр ч алга. Энэ жил Монгол орны нийт нутгаар, тэр тусмаа зүүн аймгуудын нутгаар газрын гарц муутай байгаа аж. Сумын төвийнхөө чанх ард баригдсан, бөөр бөөрөөрөө нийлсэн нэгээс хоёр давхар үзэмж муутай барилга нь ерөнхий боловсролын есөн жилийн сургууль аж. Сургуулийн багш, хүүхдүүд Ерөнхий сайдын сургаар цугларч, амжилт бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж суухтай таарав.

Тус сургууль нь 1972 онд ашиглалтад орсон дотуур байрандаа хичээллэж буйг, нийслэл хоттой ойр, төв зам дагуу сум учраас ойр орчмын сумаас хүүхдүүд ирж суралцдаг болохыг, хичээлийн шинэ байр маш хэрэгтэй байгааг, дотуур байрны хүрэлцээ асуудалтайг захирал ярьж байна. Нийтдээ 345 хүүхэд суралцдаг, хоёр ээлжээр хичээллэдэг аж. Олон жил хүлээсэн, хэзээ мөдгүй нурж унахад бэлэн болсон тус сургуулийг шинэчилж,  320 хүүхдийн шинэ сургууль барьж өгөх санхүүжилт, зураг төслийг нь Ерөнхий сайд багш, ажилчдад нь танилцуулсан юм. Хөдөөгийн сургууль гээд хүүхэд хөгжүүлэх асуудал орхигдсонгүй, багш нар нь өөрийн дур сонирхол, хичээл зүтгэлээрээ цөөнгүй дугуйлан ажиллуулдгийн нэг нь бийрэн бичлэгийн дугуйлан. Хүүхдүүд бийрээр Ерөнхий сайдын нэрийг бичиж, түүнийгээ бэлэглэв. Энэ дугуйланг хичээллүүлэхэд ямар ч төлбөр авдаггүйг сурагчид хэлж байлаа.

Цав цагаан талд анир гүмхэн орших сумын төвд ажиллаж амьдарч байгаа хүмүүст учирдаг нэг зовлон бэрхшээл бол эрчим хүчний асуудал аж. Тус суманд эрчим хүчний хүчин чадал муу, байсхийгээд цахилгаан тасардаг байна. Тиймээс ирэх есдүгээр сар гэхэд энэ асуудлыг шийдвэрлэж, улсын төсвөөс 3,2 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо.

Сумын соёлын төвд Ерөнхий сайдын уулзалтад оролцохоор цөөнгүй хүн иржээ. Хөдөөгийнхөн харин ч цагийг яс барих юм. Уулзалт эхэллээ. Энд тэнд шивэр авир болж байсан яриа намжив. УИХ-ын гишүүнээс зурагчин болж мэргэжлээ өөрчилсөн М.Зоригтын хэлсэн “Хэнтийнхэн таныг хүлээж байна” гэдэг оргүй “зусардалт” бас биш бололтой. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үг хэлэх бүрт танхим дүүрэн нижигнэсэн алга ташилт.

Ерөнхий сайд уугуул нутгийнхандаа хандаж, улс төржилтөөс ангид амьдрахыг зөвлөв. Мөн улс оронд хийж буй бодлогын чанартай ажлуудаа танилцуулж, хувийн хэвшлийнхнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн хөдөөд болон нийслэлд ажилгүйдэл нэлээд байгааг онцлов. Ерөнхий сайд үгээ хэлсний дараа сумын иргэд дугаарлаж байгаад санаа оноогоо хэлэв. Банкны хүүг бууруулуулах, “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг иргэдэд тараахыг хүсч байгаагаа зарим нь уламжилж, зарим нь Ерөнхий сайдад талархлаа илэрхийлж, зарим нь түүнээс шагнал нэхэх юм.

Цөлжилт, малын хулгай хөдөөгийнхнийг зовоосон том асуудал болжээ. Тус сумын иргэн н.Гомбосүрэн малын хулгайн гэмт хэрэгт оноох ялыг нэмэхийг хүсэв. "Хууль чангарахаар хулгай нарийсна" гэгчээр малын хулгайчдын арга барил улам нарийсаж буйг “ховлов”. Үлийн цагаан оготно малчдын том дайсан болжээ. Дөрөвдүгээр сар гарсаар тус суманд 49 хонь үлийн цагаан оготно идэж үхсэн талаар иргэн н.Уранцэцэг хэлэв.

Нээрэн ч замын хажуугаар үлийн цагаан оготно хаа сайгүй гүйлдэж харагдсан. Үлийн цагаан оготнотой тэмцэхээ Монголд үйлдвэрлэсэн ногоон давуун дээлээр гоёсон Ч.Улаан сайд амаллаа. Тус суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болсон, мөн сумын эмнэлэгт фургон машин хүлээлгэж өгч буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх дуулгав.

Цааш Өлзийт тосгонд очив. Тус тосгоны иргэдийн дийлэнх нь казах хүмүүс байдаг аж. Өлзийт суманд хүн эмнэлэг шинээр барихаар болсон тухайгаа Ерөнхий сайд уулзалтын үеэр онцолсон. Бага сургуультай аж. Өлзийт мөн л зуншлага тааруу. Газар дэлэгнэж, ган тайлагдахыг хүлээсэн хүн олон. Мөрөнгийнхөн харин амьжиргаатай хүмүүс юм. Хүнсний ногоо тарьж, аймгийнхаа хүнсний хэрэгцээний 40 хувийг хангадаг аж. Тавин гэр бүл нийлээд хоршоо байгуулан, амьжиргаагаа залгуулж, ашиг орлого олж амьдардаг байна. Сумын төдийгүй аймгийнхаа иргэдийн 40 хувийг аймгаасаа хангана гэдэг том амжилт. Тиймээс тэдгээр иргэдэд таван га газрын усалгааны системийг нь шийдэж, трактор, 60-70 метрийн гүний худаг барьж өгөхөөр боллоо. Мөн соёлын төвийг нь шинэчилж, шинэ сургууль барих санхүүжилтийг улсын төсөвт суулгахаар болов.

Иргэдийн зүгээс хэд хэдэн санал хэлж байна. Махны үнэ өндөр байгааг мөн бэлчээрийн асуудал бэрхшээл үүсгэж буйг иргэд хэлж байна. Бэлчээр ашилалтын тухай хууль боловсруулж байгаагаа Ч.Улаан сайд хэлсэн.

Ерөнхий сайдын Баасан гариг хүртэл үргэлжлэх Хэнтий аймаг дахь томилолтын эхний өдөр шийдвэрлэсэн асуудлууд нэг ийм. Өнөөдөр Засгийн газрын тэргүүн Өндөрхааны иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж