Монголын сэтгүүлчид улам бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг болж буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил олон нийтийн цахим сүлжээ тэлэхийн хэрээр тахал мэт тархаж буй хуурамч мэдээлэл, хуурамч мэдээллийн нийгэм, улс төрд үзүүлж буй нөлөөлөл, тэр дундаа улс орнуудын сонгуульд үзүүлж буй нөлөөлөлд анхаарал хандуулах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг дэлхий даяар 26 дахь жилдээ тэмдэглэж буй нь энэ юм.
Fake news хэмээн дэлхий нийтээр ярьж байгаа томъёоллыг ташаа гэж ЮНЕСКО үзэж байгаа бөгөөд үүний оронд disinformation хэмээх зөв гээд, үүнийгээ дотор нь disinformation, misinformation, mal-information хэмээн ангилж үзэхийг санал болгож байна. Харин Монголын хувьд fake news гэдгийг худал мэдээ гэх үү, хуурамч мэдээ гэх үү гэдэг дээр ч санал нийлсэн зүйл алга. ЮНЕСКО-гийн санал болгож буй disinformation, misinformation, mal-information гэдэг үгүүдийг ч хэвлэл мэдээллийнхэн, олон нийт зөв цэгцтэй ойлгон хүлээн авах нь ч тодорхойгүй. “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн хатагтай Х.Наранжаргал эдгээр үгүүдийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд,
–Disinformation буюу Хуурамч мэдээлэл
Хувь хүн, нийгмийн бүлгүүд, байгууллага, улс оронд хор хохирол учруулахын тулд урьдчилан төлөвлөж зохиосон худал мэдээлэл
–Misinformation буюу Хуудуутай мэдээлэл
Худал мэдээлэл, гэхдээ хувь хүн, нийгмийн бүлгүүд, байгууллага, улс оронд хор хохирол учруулах санаа зорилго агуулж, зохиогоогүй
–Mal-information буюу Дэгс мэдээлэл
Жинхэнэ байдалд үндэслэсэн, гэхдээ хувь хүн, нийгмийн бүлгүүд, байгууллага, эсвэл улс оронд хор хохирол учруулахын тулд ашигладаг хэмээн томъёолж байна.
Хуурамч мэдээлэл гэдэг сэтгүүл зүйд огт байгаагүй шинэ зүйл биш, тэр тусмаа сонгуулийн үеийн хуурамч мэдээлэл бол дэлхийн улс орнуудын сонгуулийн түүхэнд байсан хар технологийн нэг байсаар ирсэн. Гагцхүү өнөө цагт интернэтийн сүлжээ дэлхийг бүрхэж, үүнд суурилсан олон нийтийн цахим сүлжээгээр хил, хэл харгалзахгүй мэдээлэл авдаг мэдээллийн нэг зах зээлтэй болсонд гол хор хөнөөл байна. Хамгийн сүүлийн буюу 2019 оны дөрөвдүгээр сарын мэдээгээр:
-Facebook 2 тэрбум 320 сая
– Twitter 1 тэрбум 900 сая
-WhatsApp 1 тэрбум 600 сая
-Facebook Messenger 1 тэрбум 300 сая
-WeChat 1 тэрбум 098 сая
-Instagram 1 тэрбум хэрэглэгчтэй байна. /Эх сурвалж: www.statista.com/
Монголын хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны жилийн эцсийн тайлан мэдээгээр 3 сая 302 мянга 052 хүн ухаалаг гар утас хэрэглэж байгаа бөгөөд албан бус тоо баримтаар үүнийг 2 сая гаруй нь Facebook-ийн хэрэглэгч ажээ. Монголд хамгийн түгэмээл хэрэглэж байгаа олон нийтийн суваг нь Facebook бөгөөд Twitter, Instagram, WeChat-ын хэрэглээ массыг хамарч чадаагүй байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын сонгуулиар ялалт байгуулж буй үндсэрхэг, хэт барууны үзэлтэй улс төрийн хүчин, улс төрчдийн ялалтын хөрс суурь нь уламжлалт хэвлэл мэдээллээс илүүтэй сошиал сүлжээ байсан гэдэг дүгнэлттэй хэн ч маргашгүй болсон.
“Глоб Интернэшнл” төвийн урилгаар Монголд уригдан ирсэн Пакистаны Ага Хан их сургуулийн судлаач, хатагтай Зехра Абид Пакистан болон Энэтхэгийн жишээн дээр сошиал сүлжээний мэдээлэл улс төрийн сонгуульд хэрхэн нөлөөлж байгаа талаар монгол нөхөдтэйгөө байр сууриа хуваалцсан юм.
Пакистан улсад өнгөрсөн онд сонгууль явагдаж крикетийн спортын тамирчин Имран Хан Ерөнхий сайдаар сонгогдсон. Имран Ханы сонгуулийн сурталчилгаа сошиал сүлжээнд суурилан явагдсаныг Зехра Абид хэллээ. Хэрвээ сошиал сүлжээ ингэж их дэлгэрээгүй байсан бол энэ хүн Ерөнхий сайдаар сонгогдохгүй байсан гэдгийг тэр хэллээ.
Имран Хан сонгогдсоноосоо хойш ч сошиал сүлжээн дэх маш зохион байгуулалттай бүтцээ ашиглаж, улс төрийн карьераа үргэлжлүүлсээр байгаа ажээ. Пакистаны нэгэн адил Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2014 онд сонгогдохдоо сурталчилгааны гол түшиц газар нь сошиал орчин байсан, одоо явагдаж байгаа ээлжит сонгуульдаа ч энэ бааз сууриа идэвхтэй ашигласаар байгааг Зехра Абид хэллээ.
Монголын хувьд байдал дэлхийн жишгээс гажаагүй. Магадгүй дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа цөөн зүйлийн нэг нь сошиал орчны идэвхтэй хэрэглээ байх. 2016 оны парламентын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн олон нийтэд нөлөөлөх шийдвэрлэх гол мессежүүд уламжлалт хэвлэлээр биш, сошиал сүлжээгээр явагдсан. Бусад улс орны улс төрчдийн нэгэн адил сошиал орчны нэр нөлөөгөө алдахгүй, улам тэлэх бодлогыг ч Монголын улс төрчид барьж байгаа нь нууц биш.
Сошиал сүлжээг мэдээ мэдээллээ олонд хүргэн түгээх таатай орчин хэмээн талархаж байсан сэтгүүлчид одоо ацан шалаанд оржээ. Ямар ч хяналтгүйгээр цацагдаж буй нягтлан шалгаагүй, улс төрийн зорилготой мэдээлэл дунд бодит байдал, хариуцлагатай сэтгүүл зүй хоёр живэн алга болох дээрээ тулжээ. Нэгэн үе сошиал сүлжээ бий болсноор сэтгүүлч мэргэжил устана гэж байсан бол одоо эсрэгээр мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүл зүй яагаад хэрэгтэй байсныг ойлгуулж байна. Энэ ухаарал энэ жилийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн жинхэнэ бэлэг байлаа.
Холбоотой мэдээ