Монголын дүрслэх урлагт судлаач дутагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Монголын дүрслэх урлагт судлаач дутагдаж байна

Монголын дүрслэх урлагт судлаач дутагдаж байна

 Монголын уран зургийн галерей уран зураг, зураасан зураг, сийлбэр, уран баримал гэсэн үндсэн дөрвөн сан хөмрөгтэй. Дүрслэх урлагийн сан хөмрөгт нийт 4000 гаруй бүтээл хадгалагдаж байдаг ажээ. Монголын уран зургийн галерей жил болгон оны шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн билээ.

Энэ талаар тус галерейн менежер Ө.Даваажаргал ярихдаа “Манай галерейд дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээлээр шалгарсан таван бүтээл бий. Үүнд Марзан Шаравын 1922 онд зурсан В.И.Лениний хөрөг, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн “Талын айл”, Г.Одонгийн “Ажлын дараа”, О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” гэсэн таван бүтээл багтдаг. Энэ таван бүтээлийнхээ жаазыг саяхан цэвэр итали модон жаазаар сольсон” хэмээн хэлж байв.

Өнөөдөр дэлхийд Монголын зураачдын бүтээлийг үнэлж, сэтгэлгээг нь гайхан биширч байна. Дүрслэх урлагийн хөгжилд томоохон ахиц авч ирэх мэргэжилтнүүд бол урлаг судлаачид гэдгийг нь уран бүтээлчид хэлж байгаа юм. Монголын дүрслэх урлагт ХХ зууны эхээс урлаг судлал хөгжсөн боловч харамсалтай нь 1990-ээд онд энэ чиглэлийн залгамж холбоо, боловсон хүчин “тасарсан” байдаг. Тиймээс Монголын дүрслэх урлагт урлаг судлаачдын орон зай хэр дутагдаж байгаа талаар уран бүтээлчдийн байр суурийг хүргэхийг зорьсон юм.

Г.ДУНБҮРЭЭ: УРЛАГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ СОЦИАЛИСТ 10 ГАРУЙ ОРОНД БЭЛТГЭДЭГ БАЙСАН

УГЗ, Зураач Г.Дунбүрээ

Монголын дүрслэх урлагийн сан хөмрөгт Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Г.Одон, Н.Цүлтэм, О.Цэвэгжав гээд их мастеруудын олон сор бүтээл бий. Эдгээр уран бүтээлчид маань ЗХУ-ын академид суралцаж, эх орондоо ирээд, Монголынхоо ахуй амьдралыг бүтээлдээ туурвисан байдаг. Жишээлбэл, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэм гуай ЗХУ-д дээд боловсрол эзэмшиж ирээд, Монголын урчуудын эвлэлийг 30 гаруй жил удирдсан хүн. Энэ хүн Монголын дүрслэх урлагийн боловсон хүчнийг социалист орнуудад хуваарилж, боловсрол эзэмшүүлэх тал дээр онцгой анхаарал тавьсан хүн юм. 1950-иад онд манай зураачид ЗХУ-ын академи, Ленинградын академи, В.И.Суриковын нэрэмжит уран зургийн академи болон социалист Болгар, Герман гэх мэт 10 гаруй оронд боловсон хүчин бэлтгэж байсан.

Судлаачаар тэр үед Л.Батчулуун, Ц.Эрдэнэцог, Д.Батсайхан гээд залуус төгсөж байлаа. Урлаг судлаач мэргэжлээр ЗХУ-ын Ленинградын академи болон Чех улсад бэлтгэж байсан. Сүүлд зах зээлийн нийгэмд шилжээд, урлагийн боловсон хүчин нэг хэсэг тасарсан. Одоо дүрслэх урлагийн салбарт урлаг судлал тун хоцрогдонгуй байгаа нь үнэн. Урлаг судлаач хүн уран бүтээлийг шүүмжлэхээс гадна зураач хүний нүдээр харж үнэн, зөв илэрхийлж, бодит үнэнийг харж хэлнэ. Урлаг судлал гэхээр хэл ам болно гэж төвөгшөөдөг болсон байна. Энэ нь уран бүтээлийн тухай ярихгүй, амьсгаагаа дотогшоо татаж байна гэсэн үг л дээ. Монголд ардчиллын уур амьсгал орж байхад зохиолч, яруу найрагч О.Дашбалбарын “Мөнхийн бүтээл мөхлийн ирмэгт”өгүүлэл нийтлэгдэж, хурц шүүмжилдэг байсан. Монголын урчуудын эвлэлээс “Дурслэх урлаг” хэмээх сэтгүүлийг 1968 оноос эхлэн гаргаж, 1990 он хүртэл нийтлэгдэж, уран бүтээлчдийн бүтээлийг шүүмжлэлтэйгээр бичиж, хурал хийдэг байлаа.

Ц.УРАНЧИМЭГ: МОНГОЛД УРЛАГ СУДЛААЧААР АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙР БАЙХГҮЙ

Урлаг судлалын ухааны доктор, профессор Ц.Уранчимэг

-Монголын дүрслэх урлагт урлаг судлал, уран бүтээлчид хамтдаа хөгжиж явах ёстой. Нэн ялангуяа уран бүтээлчдийг гаргаж ирдэг хүн нь урлаг судлаачид байдаг. Учир нь урлаг судлаачид онолын, философийн хувьд дэлхийн урлагийн түвшинд судалж, урлагийн ертөнцийн өөрчлөлтийг Монголтой хэрхэн холбогдож байгааг харах ёстой. Ингэснээр уран бүтээлийнх нь үнэ цэнэ, нэр төр нь тогтож ирдэг. Уран бүтээлчид өөрийн үзэл бодлоо уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлэх тал дээр төвлөрч ажиллахаас биш “Азид ийм юм хийнэ” гэсэн  бодол уран бүтээлчдэд байдаггүй. Тэрийг л түүхэн болон орчин үеийн хүрээнд хардаг хүн бол урлаг судлаач юм. Тийм учраас энэ хоёр чиглэл хамтдаа хөгжиж явдаг ухаан л даа. Өөрөөр хэлбэл урлаг судлаачид уран бүтээлгүйгээр оршихгүй. Уран бүтээлчид урлаг судлаачгүй байхгүй.

АНУ, Япон гэх мэт бусад улс оронд урлаг судлал нь бие даасан нийгмийн шинжлэх ухаан болсон байдаг. Тийм учраас урлаг судлаачид философи, онолын чиглэлээр урлаг гэдэг ухагдахууныг нийгэмд эзэлж буй байрь суурийнх нь хувьд анализ хийж, тайлбарладаг шинжлэх ухаан юм. Манай улсад урлаг судлал 20 дугаар зуунаас эхлэн хөгжсөн боловч харамсалтай нь боловсон хүчин бэлтгэх төрийн бодлого “тасарсан" байдаг. Намайг хүмүүс Төрийн шагналт, ардын зураач Н.Цүлтэм гуайн бага охин гэдгээр сайн мэднэ. Манай аавын зургууд эгч, ах нарт маань бий. Миний хувьд бичгийн хүн учраас аавынхаа гар бичмэлүүдийг судалж, урлаг судлаачийн хувьд ойлгохыг хичээж явна.

Манай улсын дүрслэх урлагийн салбарт үнэхээр урлаг судлал дутагдаж байна. Урлаг судлаачаар ажиллах гэхээр ажлын байр байдаггүй. Миний бие урлаг судлаач мэргэжилтэй ч өмнө нь МУИС-д хоёр жил, СУИС-д зургаан жил багшилсан байдаг. Тийм учраас энэ чиглэлийг хөгжүүлье гэвэл урлаг судлаачийн ажлын байрыг музей, галерейд гаргаж өгөх ёстой. Уран бүтээлчдийн хувьд ч гэсэн урлаг судлаач гэж хүндэтгэх хэрэгтэй. Уран бүтээлчдийн хувьд уран бүтээлийнх нь талаар сайн яривал дуртай. Харин шүүмжлэл хүлээж авахдаа муу байдаг. Музейнүүд эрдэм шинжилгээний ажилтан гэж аваад байдаг ч жинхэнэ урлаг судлаач нарыг авах нөхцөл байдаггүй.

Б.ОТГОНТҮВДЭН: АХМАД ЗУРААЧДАА ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАХ БУС, ХОЙЧ ҮЕЭ БЭЛТГЭДЭГ БАЙМААР БАЙНА

Зураач Б.Отгонтүвдэн

-Дүрслэх урлагийн салбарт социализмын үеэс хойш боловсон хүчнээ бэлтгэх төрийн бодлого алдагдаж, замхарч байхгүй болсон. Нөгөө социализмын үед бэлтгэгдсэн уран бүтээлчид маань ихэнх нь ахмад уран бүтээлчид болж, тэтгэвэртээ гарсан байна. Гэтэл эдгээр ахмад уран бүтээлчдийг тэтгэвэрт нь гаргах бус, улсаас бүх зүйлийг нь хангаж өгөөд, тэднийхээ мэдлэг, туршлага чадварыг хойч үедээ залгамжлуулах хэрэгтэй. Оросын хатан хааны нэрэмжит 260 гаруй жилийн түүхтэй И.Е.Репиний сургууль яг тийм системтэй. Манай сургуулийн настай багш нар гэхэд 80, 90 настай хүмүүс байхад залуу багш нар нь 50, 60 настай байх жишээтэй.

Ер нь залуу уран бүтээлчдийн хувьд ахмад уран бүтээлчдээсээ суралцах зүйл олон бий. Зарим хүмүүс ахмад уран бүтээлчдийг хоцрогдсон гэж ярьдаг. Энэ бол маш том алдаа. Харин ч эсрэгээрээ ахмадуудаасаа суралцах зүйл их байна. Боловсролын системийн нэгэн “гажиг” тогтолцоо гэж хэлж болно. Мөн маш сул боловсон хүчин их сургуулиа төгсөж байна. Энэ бол дүрслэх урлагийн салбарт төрөөс анхаарал тавих болсныг илтгэж байна. Ихэнх залуу уран бүтээлч маань чадварлаг, сайн байгаа ч тэдэнд жаахан түлхэц хэрэгтэй байна. Уран зураг шинжээч, сэргээн засварлагч гээд ОХУ-д дүрслэх урлагийн соёл хэдэн зуун жилийн өмнөөс эхэлсэн учраас энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин хангалттай байдаг. Ямар нэгэн үзэсгэлэн, уран бүтээл хийхэд шүүмжийг их гоё хэлээд өгнө. Манай улсад урлаг судлаач байгаа ч тун цөөн. Тэд уран бүтээлчидтэйгээ ярилцаад, уран бүтээлд нь дүгнэлт хийж хамтран ажиллавал зүгээр л байх юм. Манай улсын хүн ам бага учраас “Тэр уран бүтээлчийг тэгээд хэлчихвэл тэгчих болов уу” гэж цааргалдаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ урлаг судлаачийн мэргэжлийн үг, судалгаа, шүүмжлэл дутагдаж байгаа нь үнэн.

С.ТӨГС-ОЮУН: УРЛАГ СУДЛААЧДЫН ШҮҮМЖИЙГ ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ

Зураач С.Төгс-Оюун

Монголын урчуудын эвлэлийг Төрийн соёрхолт, Ардын зураач Н.Цүлтэм гуай удирдаж байх үед олон арван зураачийг ЗХУ-ын В.И.Суриковын уран зургийн дээд сургууль болон Ленинградын Репиний уран зургийн академид суралцуулахаар явуулж байсан юм. Одоо тэр үед сурч төгссөн зураачид хэдийнэ Монголын дүрслэх урлагт хувь нэмрээ оруулсан, алдар цолтой зураачид болсон байна. ОХУ-ын Репиний академи төгссөн урлаг судлаач Д.Дашбалдан гэдэг сайн судлаач байлаа. Зураач нарынхаа дунд орж, ойртон нөхөрлөж, уран бүтээл хэрхэн төрж бүтдэгийг маш сайн мэдэж мэдэрдэг урлаг судлаач байлаа. Одоо Ц.Эрдэнэцог, О.Сосор, Л.Батчулуун зэрэг урлаг судлаачид багшилж, зураачдын бүтээлийн тухай ном бичин хэвлүүлж байна.

Урлаг судлаачдыг дэмжих тал дээр анхаардаггүй, шүүмжийг хүлээн авдаггүй учир уран бүтээлчид зөвхөн өөрсдийн хүсэл зоргоор бүтээлээ хийдэг болсон. Урлаг судлаачид уран бүтээлд нь шүүмжлэлтэй хандвал эсэргүүцэлтэй тулдаг нь үнэн билээ. Зөвхөн магтаалд дуртай байх хандлага бий болсон учир уран бүтээлийн алдаа дутагдлыг үнэнээр нь хэлсэн хүнд дургүйцэх байдал газар авснаас урлаг судлаачид голдуу түүхэн судлалд гол анхаарлаа хандуулах болсон юм. 1990 оноос өмнө шинээр гарсан үзэсгэлэн болгон дээр урлаг судлаач, уран бүтээлчдийн хамтарсан хэлэлцүүлэг байнга болдог, алдаа дутагдал, ололт амжилтаа бүгд хамтран ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцдог байсан нь уран бүтээлчдэд цаашдаа бүтээн туурвихад нь үр дүнгээ өгдөг байв.

Одоо уран бүтээлчид өөр өөрсдийн дураар юу хүссэнээ хийдэг сайхан цаг үе ирсэн ч тэдний уран бүтээлийн тухай шүүмж судлал байхгүй. Учир энэ талаар таг чиг байдаг болсон. Уран зураг шинжээч гэдэг нь урлаг судлаачдыг л хэлэх болов уу. Хэрэв тийм бол энэ мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсож, үзэгч олонд хүргэдэг байх хэрэгтэй юм. Хэдий ийм ч гэсэн цагийн шалгуураар сайн уран бүтээлчийн шилдэг уран бүтээл ирээдүйд түүхэн орон зайгаа эзлэх болно.

Гэрэл зургийг Г.БЭЛГҮТЭЙ, ТЭМҮҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж