Шинэ үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Шинэ үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монгол Улс БНСУ-ын хооронд  дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулан  Монголын түүхийн музейд “Солонгосын орд харш” үзэсгэлэнг толилуулсан билээ. Тэгвэл энэхүү цуврал арга хэмжээний үргэлжлэл болгон маргааш Үндэсний музейд "Тэнгэр өөд тэмүүлсэн таван өнгийн зохицол" сэдэвт үзэсгэлэн нээгдэх гэж байна. Уг үзэсгэлэнд Солонгосын үндэсний  хувцас, гоёл чимэглэл, гар урлалын таван зүйлийн гоёмсог өнгө, уян зөөлөн зах зураас, түүнчлэн буян хишиг, урт удаан наслахыг бэлгэдсэн янз бүрийн хатгамал, уран зангилаа зэрэг түүхийн явцад уламжлагдан ирсэн соёлын өв уламжлал болсон бүтээлүүд дэлгэгдэх юм байна. Энэхүү үзэсгэлэнгээр хоёр улсын хоорондын соёлын адил зүйлсийг дахин  нэг сануулах таатай боломжийг олгоно гэдэгт үзэсгэлэнг зохион байгуулагчид найдаж байгаа аж. Монголын  үндэсний музей, Солонгосын соёлын өвийн сан хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн наймдугаар сарын 4-нийг дуустал дэлгэгдэх юм байна. Үзэсгэлэнгийн  үеэр хоёр орны уламжлалт хувцас, уран хатгамалын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх, түүнчлэн Солонгосын уран зангилааг монгол урчууд, сонирхогчдод зааж танилцуулах цуврал сургалтыг явуулах ажээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж