"Байгалийн түүхийн музейг 25 дахин том талбайд байгуулна"

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

"Байгалийн түүхийн музейг 25 дахин том талбайд байгуулна"

Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар

Засгийн газрын хуралдаанаас Байгалийн түүхийн музейн шинэ цогцолборыг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан. Одоогийн музей байрлаж буй газарт долоон давхар хаадын музей байгуулах талаар өнгөрөгч баасан гариг /2019.05.03/-т Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өгсөн. Үүнтэй холбогдуулан Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатартай ярилцлаа.

 -Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар Засгийн газрын шийдвэр гарсан. Шинэ музейн цогцолбор байгуулах газартайгаа танилцсан уу?

-Монгол Улсын Засгийн газраас Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд долоон га орчим газар барихаар шийдэж өгсөн. Энэ газар нь одоогийн Байгалийн түүхийн музейн эзэмшиж байгаа газраас 25 дахин том талбайтай. Өөрөөр хэлбэл, музей шинээр байгуулах газар маань Сүхбаатарын талбайгаас хоёр км арай л хүрэхгүй хэмжээтэй гэсэн үг. Маршалын гүүр давахаар төрийн тусгай хамгаалалттай газар байгаа. Тэр тусгай хамгаалалттай газрын зүүн талд зэрэгцээ шинэ музейн цогцолбороо байгуулах юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалж, амарч байгаа хүмүүс тэндээс музей рүү очиход 10-аад минут л алхаад очно. Яг Туул голын эрэг дээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг байрлана. Зарим хэвлэлээр музейн шинэ барилга барихын тулд Туул голын бургасыг огтлох уу гэсэн байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Яг уулынхаа аманд цаашаа битүү модтой газар байгаа.

-Байгалийн түүхийн музейн удирдлагын хувьд шинэ музейн цогцолбор барилга барих газрыг хүлээн зөвшөөрч байна уу?

-Бид бүхэн шинэ музейн цогцолбор барилга барих газрыг хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл одоо бидний эзэмшиж байгаа газраас 25 дахин том талбайтай. Энэ том талбайд бид дэлхийн жишигт нийцсэн байгалийн түүхийн цогцолбор музейгээс гадна ногоон байгууламж байгуулах боломжтой болж байна. Тэнд хэдэн мянган хүн амарч, зугаалж болно шүү дээ. Тэрнээс гадна маш олон баримал барина. Бас авто зогсоолын асуудлыг бүрэн шийдэж болно. Одоо ч гэсэн тулгамдаж буй асуудлын нэг бол 10 метрийн урттай жуулчны автобусыг байрлуулах талбайгүй байсаар байна. Тиймээс шинэ музейн цогцолборын гадна талбайд 400-500 авто зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Ийм том бүтээн байгуулалтыг ард түмэн минь зөвөөр ойлгооч ээ.

-Одоогийн музейн газраас 25 дахин том гэлээ. Харин шинэ музейн цогцолборын хувьд хэр хэмжээтэй байгууламж болох вэ?

-Их тэнгэрийн аманд байгуулах шинэ музейн цогцолборын газарт одоогийн музейн газраас найм дахин том цогцолбор байгуулах юм. Тэгэхээр Монгол Улсын түүхэнд хэзээ ч байгаагүй тийм том байгууламж бүтээнэ гэсэн үг. Шинэ музейн цогцолборт байгалийн түүхийн музейн үзмэрүүд тэр чигээрээ орно. Мөн геологи, эрдэс баялгийн музей болон палентологийн музей тэр чигээрээ орох юм.

Өөрөөр хэлбэл ан амьтан, ургамалтайгаа, палентологийн үзмэртэйгээ, эрдэс баялаг, солир гээд арвин үзмэртэй байна. Дэлхийд алдартай үлэг гүрвэлийн яснуудаа дэлгэж тавья л даа. Монгол Улсын хувьд БНХАУ, АНУ-ын дараагаар дэлхийд эхний гуравдугаарт бичигдэж байгаа улс шүү дээ. Энэ бол маш том түүхэн шийдвэр.

-Байгалийн түүхийн музейн одоогийн газар дээр хаадын шинэ музей байгуулна гэсэн. Энэ үнэн үү?

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо байгаа музейн барилгын газрыг зарах гэж байгаа гэсэн буруу мэдээлэл цацагдаад байна. Үгүй ээ. Энэ музейн газрыг зарахгүй гэж шийдсэн. “Зарна” гэж хэн ч яриагүй. Ерөнхий сайд хэлэхдээ “Энэ музейн барилгын газар дээр барилгыг нь барья" гэсэн.

Яагаад гэвэл 2013-2014 онд жил гаруй хугацаанд хөөцөлдөж байж, улсын төсвөөс 290 сая төгрөг гарган, долоон давхар барилгын зураг зуруулчихсан юм. Нэгэнт музейн барилгын зураг зуруулчихсан юм чинь зургаа ашиглан барилгаа барина. Гэхдээ Монголын Чингис хаан болон түүнийг залгамжилсан хаадын түүхийг багтаасан музей байгуулж болно гэж ярьсан юм. Зарим нь түүхийн музей гээд яриад байх юм. Байгалийн түүхийн музей, түүхийн музей хоёр чинь өөр шүү дээ. Байгалийн түүхийн музейн барилга байгаль руугаа, устайгаа ойр байхад буруу юм байхгүй гэдгийг эрдэмтэд хэлж байна.

-Дэлхийн улс орнуудад Байгалийн түүхийн музейг хотынхоо аль хэсэгт байрлуулсан байдаг вэ?

-Жишээлбэл, БНХАУ-ын Бээжин хотод байдаг байгалийн түүхийн музей хотынхоо захад дөрөвдүгээр тойрогтоо байрладаг. Мөн БНСУ-ын Байгалийн шинжлэх ухааны хамгийн том музей нийслэлээсээ хурдны замаар давхихад хоёр цаг явж очдог газар байна. Засгийн газрынхаа шийдвэрийг бид хүндэлнэ. Би өнгөрсөн зургаан жилийн турш хүмүүст муугаар хэлүүлж ирсэн. Энэ музей маш их зовлон туулж байж 2160 хоног хүлээж байж ийм шийдвэр гарлаа. Тиймээс бид маш сайхан музейтэй болно. Шинэ музейн барилгыг их ч хурдан барих төлөвлөгөөтэй байгаа юм билээ.

-Шинэ музейн цогцолборын архитектороор гадны мэргэжилтнүүд ажиллах уу?

-Одоо шинэ музейн цогцолборын барилга барих тендер зарлаж байна. Гадны архитекторууд бас оролцох юм билээ. Өөрөөр хэлбэл шалгарсан компани гадны өндөр хэмжээний мэргэжлийнхний дэмжлэг авна гэж ярьж байгаа гэсэн. Шинэ музейн барилгын зураг төслийг шалгарсан компани зурах юм. Зураг төслөө зурж дууссаны дараа ажлын зураг үргэлжилнэ. Ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр барилга барих компаниа шалгаруулж, тендер зарлана. Он гарч, газар гэсэнгүүт шинэ музейн барилгын ажилдаа орно гэж бодож байна. Мөн байгалийн түүхийн музейн бүх үзмэр бэлэн байна.

-Байгалийн түүхийн музейн үзмэрийн хадгалалтын тухай ярихгүй юу. Бас музейн шинэ цогцолбор ашиглалтад орвол боловсон хүчин нэмэх шаардлагатай болох байх?

-Байгалийн түүхийн музей одоогоор нийт 42 ажилтантай. Цаашдаа ажлын орон тоог нэмэх болно. Яг ямар боловсон хүчин хэрэгтэй байна вэ гэдгийг судалж байгаа. Бас ажиллах боловсон хүчнийхээ тоог замбараагүй нэмж болохгүй байх. Улсаас ийм их хөрөнгө мөнгө гаргаж байхад дахин боловсон хүчний мөнгө нэхэх нь хэцүү юм. Зарим хүмүүс Байгалийн түүхийн музейн үзмэр их муудаж байгаа байх гэсэн байсан.

Музейн үзмэр хадгалдаг өргөтгөлийн барилга 30-хан жил болж буй орчин үеийн барилга юм. Энэ барилгыг дахин 50 жил ашиглах боломжтой. Тийм учраас бүх үзмэрээ яг номын дагуу чадах чинээгээрээ маш сайн хамгаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж