Налайхын замын ажилд орон нутгийн иргэдийг ажиллуулах чиглэл өгөв

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

Налайхын замын ажилд орон нутгийн иргэдийг ажиллуулах чиглэл өгөв

Налайхын замын ажилд орон нутгийн иргэдийг ажиллуулах чиглэл өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.05.04/ нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, замын ажлыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаан ажил гүйцэтгэж байгаа үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай Хотын Захирагч уулзаж, ажил явуулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж,  яаралтай шийдэхийг холбогдох албаны хүмүүст, замын ажилд орон нутгийн иргэдээс авч ажиллуулахыг компанийн удирдлагуудад даалгасан. Мөн замын ажлын хүрээнд түр зам дагуу тоосжилт их байгаа тул зам усалгаа ойр ойрхон хийж байхыг сануулаад, Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргуулахаар болов.

Түүнчлэн авто замын ажлыг чанартай, олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөсөн хугацааны дагуу гүйцэтгэх, бусад шалтгаанаар ажил цалгардах ёсгүй гэдгийг анхааруулаад, ажлын зохион байгуулалтаа сайжруулах, хуулсан асфальт хогоо гуу жалганд хаяж болохгүй гэдгийг ч мөн Хотын захирагч анхаарууллаа.

Мөн энэ үеэр Налайхын Барилгын материалын үйлдвэр, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж, одоогийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид зарим бүтээн байгуулалтад тусгамдаж буй асуудлуудын талаар Налайх дүүргийн болон паркийн удирдлагуудтай ярилцсан юм. Түүнчлэн паркт үйл ажиллагаа явуулж байгаа, хаягдал хогоор хөнгөн цагааны хайлш үйлдвэрлэдэг компани болон удахгүй нээлтээ хийгээд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 5 сая хүн амтай хотыг барилгын хар цагаан замаск, будаг, бүх төрлийн эмульс гээд шаардлагатай зүйлсээр хангах боломжтой  үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцав.

Үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд ямар асуудал тусгамдаж байгааг үйлдвэрлэл эрхлэгчдээс асуухад паркт дэд бүтэц тэр дундаа эрчим хүчний асуудал тулгамдаад буйг Хотын захирагчид уламжилж байлаа. Тиймээс энэ  асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг гацаахгүй байх, Налайх дүүрэгт тулгамдаж буй томоохон асуудал болох ажилгүйдлийг бууруулах үүднээс үйлдвэрүүдэд дүүргийн ажилгүй иргэдийг ажиллуулахыг холбогдох хүмүүст мөн үүрэг болгов. Тус паркийн 4.67 км авто замын ажил ирэх наймдугаар сард дуусна гэдгийг Хотын захирагчид энэ үеэр мэдэгдсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж