БНАСАУ-ын Засгийн газраас өчигдөр буюу бямба гаригт /2019.05.04/ ойрын тусгалтай пуужинг Япон тэнгис рүү харваж туршсан тухай мэдээлсэн. Энэхүү туршилтаа батлан хамгаалах ангийн зэвсэг, техникүүдийн байлдааны чадварыг шалгах, дүгнэх зорилгоор хийсэн хэмээн тайлбарласан бөгөөд 2017 оны арваннэгдүгээр сард тив алгасах баллистик пуужин туршсанаасаа хойш анх удаа пуужин харвасан нь энэ болж байгаа юм.
Дээрх пуужингийн туршилтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд хандан амлалтаа зөрчихгүй байхыг сануулан “Дэлхий ертөнц дээр боломжгүй зүйл гэж үгүй. Гэвч удирдагч Ким Жон Уныг надад өгсөн амлалтаа биелүүлж, БНАСАУ-ын агуу эдийн засгийн нөөц бололцоо, ирээдүйг харлуулах зүйл хийхгүй байх гэж найдаж байна. Хэзээ нэг өдөр хэлэлцээр хийх өдөр ирнэ” хэмээн твиттер хуудсандаа нийтэлсэн байна.
Мөн БНСУ-ын зүгээс энэхүү пуужингийн туршилтад санаа зовниж байгаагаа илэрхийлж, өнгөрсөн онд хоёр Солонгосын хооронд байгуулсан дайсагналыг бууруулах гэрээг зөрчиж байгааг анхааруулаад, цаашдаа иймэрхүү өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байхыг хүсчээ.
Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сард хоёр дахь удаагаа уулзахдаа зөвшилцөлд хүрэлгүй уулзалтаа өндөрлүүлснээс хойш Умардын зүгээс цөмийн реакторуудаа идэвхжүүлэх, шинэ зэвсэг турших зэргээр АНУ-д сануулга өгсөөр байгаа юм. Тухайн уулзалтын үеэр Ким Жон Ун АНУ-аас эдийн засгийн хоригуудаа хэсэгчлэн цуцлахыг хүсээд оронд нь цөмийн зэвсгээ устгах санал тавьсан бол Дональд Трамп үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн учир тэдний уулзалт таагүй өндөрлөсөн билээ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ