Д.Петрарка: Миний хамгийн хайртай дүр бол Арья Старк

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

Д.Петрарка: Миний хамгийн хайртай дүр бол Арья Старк

Д.Петрарка: Миний хамгийн хайртай дүр бол Арья Старк

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмаар дэлхийн кино урлагийн тавцанд танигдсан олон алдартан хүрэлцэн ирээд байна. Энэ дундаас нэгэн эрхэм бусдаас онцгойрч байсан нь алдарт найруулагч Дэвид Петрарка юм. Өдгөө дэлхий нийтийг байлдан дагуулж буй Game of Thrones цувралын найруулагчаар сонгогдон ажилласан нь түүний чанар чансааг илтгэнэ. Мөн монголчуудын сайн мэдэх “Марко Поло” цувралын найруулагчийн багт ажиллаж байжээ. Энэ эрхэм зөвхөн манай сонинд ярилцлага өгөхөөр зөвшөөрснийг хүргэж байна.


-Кино урлагийн ертөнцөд танигдсан, чадварлаг найруулагч Монголд хүрэлцэн ирсэнд их баяртай байна. Монголын талаарх анхны сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монголд ирсэндээ үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Би өмнө нь “Марко Поло” төсөл дээр ажиллаж байхдаа монголчуудын талаар мэддэг болсон. Гэхдээ Монголд ирээд нэг их удаагүй болохоор танай оронтой сайн танилцаж амжаагүй л байна. Ямар ч байсан их гайхалтай оронгэж боддог.

-Тантай уулзсаных алдарт Game of Thrones цувралын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Анх энэ киноны найруулагчаар ажиллах санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ. Тухайн үедээ цуврал ингэж алдаршина гэж бодож байв уу?

-Би энэ төсөлд II улирлын хоёр анги дээр л найруулагчаар ажилласан юм. Тухайн үедээ их баяртай байлаа. Учир нь ийм өргөн цар хүрээтэй телевизийн цувралын нэг хэсэг болно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Нөгөөтэйгүүр, би өөрөө цувралын эхний бүлгийг шимтэн үздэг байсан болохоор бүр ч сонирхолтой санагдсан. Цувралын тухайд намайг найруулагчаар ажиллаж эхлэхээс өмнө л тодорхой хэмжээнд олонд танигдчихсан байсан л даа. Мэдээж хэрэг одоогийнх шигээ алдартай байгаагүй ч цаашдаа улам их амжилтад хүрэх нь тодорхой байсан.

-Киноны зохиол номноосоо огт өөр байх тохиолдол элбэг. Энэ цуврал ч гэсэн тийм байсан. Таны зүгээс үндсэн зохиолоос нь кинонд оруулмаар байсан ч арай өөрөөр хийгдсэн хэсэг байдаг уу?

-Миний хувьд тиймэрхүү өөрчлөлт хийх боломж байгаагүй. Учир нь кинонд юу гарах, ямар дүрүүдийг оруулах зэргийг найруулагч биш кино зохиолч шийддэг. Миний хувьд зөвхөн бичигдсэн кино зохиол дээр л ажилласан.

-Game of Thrones цуврал найруулагчийн чансааг сорьсон төсөл гэдэгтэй санал нийлэх үү?

-Мэдээж, тэгэлгүй яахав. Энэ бол маш өргөн цар хүрээтэй, том төсөл. Гайхалтай баг хамт олонтой хамтран ажиллаж, мэддэг бүхнээ бүтээлчээр ашиглахын хажуугаар олон зүйлсийг шинээр сурч, байнга шинийг эрэлхийлэх шаардлагатай тулгарч байлаа. Тэр ч утгаараа энэ цувралд ажилласнаар өөрийгөө маш олон талаар сорьж, хөгжүүлсэн гэж бодож байна.

-Game of Thrones цуврал анх 2011 онд дэлгэцэнд гарсан цагаасаа эхлээд л дэлхий даяар түгэж, шинэ анги гарах мөчийг нь хүмүүс хоног тоолон хүлээдэг болжээ. Энэ цуврал ингэж алдарших болсон гол нууц, учир шалтгаан нь юунд байна вэ. Найруулагчийн зүгээс, мөн цувралын баг хамт олонтой хамтран ажилласан хүний хувьд бодлоо хуваалцахгүй юу?

-Миний бодлоор энэ цувралд өөр олон теливизийн цувралд байгаагүй онцгой чанар байсан. Мэдээж зураглал, хэмжээс болон өргөн цар хүрээг хамарсан гэх мэт бусдаас ялгарах онцлог шинжтэй. Үүнээс гадна аль нэг дүрийг тэгтэл тусгайлан онцолж гаргаж ирдэггүй. Тухайлбал, хамгийн эхний бүлэгт хүмүүсийн таамгаар хэзээ ч үхэхээргүй байсан гол дүрийг үхүүлчихдэг шүү дээ. Энэ нь үзэгчдийн хувьд цочирдмоор боловч нэлээд шинэлэг зүйл байсан. Өөрөөр хэлбэл, телевизийн цувралын үйл явдлыг яг роман, зохиолд гардаг шиг тогтмол өөрчилж, урьдчилан таамаглахын аргагүй өрнөлийг гаргаж өгдгөөрөө онцлог гэж хэлж болно.

-Та өөрөө ч цувралын фэнийн нэг гэж хэлсэн шүү дээ. Найруулагч бус зүгээр л жирийн үзэгчийн нүдээр харвал энэ цувралаас таны хамгийн хайртай дүр хэн бэ?

-Миний хамгийн хайртай дүр бол Арьа Старк. Түүний дүр яг л XV зууны үед арван наймхан насандаа Францын армийг ялалтад хөтөлж, түүхэнд нэрээ үлдээсэн харваач Жанна д’Арк гэх домогт эмэгтэй шиг зоригтой, жинхэнэ баатрыг санагдуулдаг. Цувралын туршид шинэ зүйлийг сурч, өөртэйгөө их ажиллаж, олон саад бэрхшээлийг давсаар эцэстээ аль ч талаараа жинхэнэ дайчин болж байгаа нь их таалагддаг.

Би монголчуудыг эрч хүч дүүрэн гайхалтай хамтач хүмүүс гэж хэлнэ

-Game of Thrones цувралын тухай яриагаа ингээд өндөрлүүлье. Түрүүн дурдсанчлан та “Марко Поло” төсөл дээр монголчуудтай хамтран ажиллаж байсан. Монгол жүжигчдийн ур чадварын  талаар ямар бодолтой байна вэ?

-“Марко Поло” төсөл дээр хамтран ажилласан монголчуудыг би эрч хүч дүүрэн, хүсэл эрмэлзэл буцалсан, маш гайхалтай хамтач хүмүүс гэж хэлнэ. “Марко Поло” цуврал өөрөө Монголын түүхтэй холбоотой учраас их хичээж байгаа нь мэдрэгдэж байсан. Монгол хүн гэдэг үүднээсээ тус цувралд монгол хэв шинжийг шингээхэд их хувь нэмэр оруулсан. Ур чадвар талаасаа ч мэргэжлийн түвшний, хамтарч ажиллахад тун таатай санагдсан.

-Та ойрын үе ямар төслүүдэд ажиллахаар төлөвлөж байна вэ. Гэрээ байгуулж, ажиллаад эхэлсэн төсөл байгаа юу?

-Би саяхан HBO Cinemax-ийн “дайчин” нэртэй кино төсөл дээр ажилласан. Энэ нь Брюс лигийн бичвэрүүдээс сэдэвлэсэн, түүнийг анх Сан Францискод ирж байх үеийн түүхийг өгүүлдэг кино. Хятадын нэгэн цагаач залуу Америкт дөнгөж ирээд хэлний бэрхшээл, цагаачлалын асуудлаас гадна гудамжны элдэв бүлэглэлүүдтэй учраа ололцох зэрэг олон зүйлтэй хэрхэн нүүр тулж байгаа талаар өгүүлдэг юм. Хүний амьдралд олон олон саад бэрхшээл тулгардаг ч өөрөө хичээвэл арга зам олоод дээшээ гарч ирж болдгийг энэхүү цувралаас харж болно.

-Цаг зав гарган манай сонинд ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд маш их баярлалаа. Монголд байх хугацаандаа монголчуудын олон сайхан чанар, соёл, уламжлалтай танилцан сэтгэл хангалуун буцна гэдэгт итгэлтэй байна.

-Баярлалаа. Тэгэлгүй яахав.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж