АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй бүтэн цагийн турш утсаар ярьжээ. Энэ тухай тэрбээр Твиттер хуудаснаа ерөнхийлөгч Путинтэй “удаан, сайхан яриа өрнүүллээ” хэмээн жиргэжээ.
Тэд хоёр орны гадаад бодлогын зарим асуудлаар санал солилцжээ. Тухайлбал, Венесуэлийн хямралд АНУ-ын баримталж буй байр суурь, ОХУ-аас ерөнхийлөгч Николас Мадурог, Вашингтон сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог дэмжиж буй талаар ярилцсан байна. Мөн АНУ, ОХУ, Хятадын хооронд шинэ цөмийн гэрээ байгуулах, АНУ болон ОХУ-ын хоорондын стратегийн цөмийн гэрээг сунгах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцжээ. 1987 онд АНУ, ОХУ-ын хооронд байгуулагдсан “Дундын зайн тусгалын цөмийн хүчин” (INF) гэх гэрээг өнгөрсөн аравдугаар сард Вашингтон цуцалснаа мэдэгдсэн. Өдгөө хоёр орны хооронд 2021 онд хугацаа нь дуусах зэвсгийн гэрээ л үлдээд буй аж. Түүнчлэн хоёр ерөнхийлөгч Украины асуудлыг ч хэлэлцжээ.
Энэ нь Трампын экс туслах ОХУ-тай холбоо тогтоож ажилласан гэж мэдээлэл гарснаас хойш хоёр улсын төрийн тэргүүний хоорондох анхны харилцаа байв. Сүүлд тэд өнгөрсөн арванхоёрдугаар сард Буэнос-Айрэс хотноо Их-20 уулзалтын үеэр албан бус яриа өрнүүлжээ.