АТГ-ын дарга З.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нарын хийх эхний ажил 33 их наяд төгрөгийг Өршөөлийн хуульд хамруулсан гэх дуулианыг шалгаж, эздийг тогтоох даалгавар ногдоод байна. АТГ-ын өмнөх удирдлага Х.Энхжаргал “Бондуудыг багтаагаад 33 их наяд төгрөгийг Өршөөлийн хуульд хамруулсан нь Монголын нэр хүндийг дэлхийд муухай харагдуулсан” гэх тайлбарыг чөлөөлөгдөхийнхөө өмнө ярьсан нь дуулиан тарьсан юм.
Экс даргын энэхүү тайлбарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Өршөөлийн хуулиар цагаатгасан 33 их наяд, бонд хоёрт уялдаа холбоо байхгүй. УИХ энэний учрыг олох хэрэгтэй. Х.Энхжаргал хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг ажлаас нь халах ёстой” гэж мэдэгдсэн билээ.
Ардчилсан намыг эрх барьж байх үед буюу 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль батлагдсан. Уг хуульд бүх иргэн хамрагдах боломжийг олгож, татварынхнаас нууж хааж байсан орлого, үл хөдлөх хөрөнгө зэргээ ил болгон, өршөөлд хамруулах бололцоог олгосон. Хууль батлагдан хэрэгжсэнээр 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө ил болж, татварын орлогыг мөн нэмэгдүүлэх боломж бололцоо бүрдлээ гэдгийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар мэдэгдэж байсан.
Тиймээс ямар тооцооллоор 33 их наядын хөрөнгө, мөнгө Өршөөлийн хуульд хамрагдсан гэж үзэв, энэ нь үнэхээр бодитой тоо мөн үү. Эсвэл АТГ-ын экс дарга ташаарав уу гээд нэлээд ээдрээтэй дуулианыг эцэслэх шаардлага тулгараад байна. Хэрэв энэ дуулианы үнэн мөнийг тогтоохгүй бол Хэнтий аймгийн угшилтай АТГ-ын шинэ удирдлагыг дагаад Ерөнхий сайдын рейтинг ч унана.
Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль нь нэг удаадаа тодорхой хугацаанд хэрэгжсэн. Уг хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг ил болгосон хэн ч байсан шүүхийн өмнө бусдын нууцыг задалсан хэргээр яллагдах хатуу заалттай. Иймээс өршөөлд хамрагдсан иргэдийн мэдээллийг ил болгох бол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой материалыг улсын нууцаас гаргах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний нэгэн адил мэдээллийг ил тод болгох эрх зүйн орчин бүрдүүлэх учиртай.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ УИХ учрыг нь олох ёстой гэж онцолсон. Иймээс ажлын хэсэг гарч, ажиллахыг ч үгүйсгэхгүй байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хувьд 33 их наядыг буцаан төлүүлэх ёстой гэдэг байр суурь барьж буй.
АТГ ЖДҮХС-гийн хэрэг гэх том асуудлыг эцэслэж чадаагүй байтал дараагийнх нь томоохон дуулиан гарч, 33 их наяд гэх томоохон асуудал дээр ажиллах шаардлагатай болж байна. Нөгөө талаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг мөн тогтоож, огцруулах.
АТГ-аас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгээр МАН-ынхан түлхүү хөрөнгөжиж, хөрөнгө мөнгө нь арвижсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлсэн үгийг ажил хэрэг болгож чадвал эрх баригч хүчин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэр шударга ажилласан бэ гэдэг ч тодорч гарч ирнэ.
Г.ХОРОЛ