Д.Хаянхярваа: Монголоос өөр оронд З.Энхболд огцорсон

Хуучирсан мэдээ: 2019.05.04-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Монголоос өөр оронд З.Энхболд огцорсон

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа багцлан хүргэж байна.


Д.ХАЯНХЯРВАА: МОНГОЛООС ӨӨР ОРОНД З.ЭНХБОЛД ОГЦОРСОН

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай  улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барих Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн гишүүдийн нэг нь та. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлын талаар тайлбар хийхээр үеэрээ “ Манай улсын нутгаар явж байгаа км болгон манай улсын ашиг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нар эсэргүүцээд байгаа. Тэднийг Хятадын УИХ-ын гишүүд үү, Монголын парламентын гишүүн үү гэдэг асуулт гарч ирнэ. Энэ хоёр гишүүн төмөр замыг Хятадын нутгаар хол явуулах гээд байна” гэж хэлсэн.  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барихыг та яагаад эсэргүүцэв?

-Би энэ хүний өмнөөс  ичиж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, байнгын хороон дарга гээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн улс төрийн том алдаа гаргаж байна лээ дээ. Манайхаас өөр оронд бол энэ хүн ажлаасаа аль хэдийн халагдсан.

Төрийн албан ёсны айлчлал, тэр  дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн албан ёсны айлчлалд Тамгын газрын дарга нь явж байхдаа УИХ-ын гишүүдээ  Хятадын парламентын гишүүн гээд Хятадын нутагт очоод ярьж байгаа нь түүнийг  ямархуу ёс суртахуунтай хүн бэ гэдгийг харууллаа. Энэ хүнд Монгол орны эрх ашиг хамаагүй юу эсвэл ингэж бодлогогүй ярьдаг хүн үү,  хэн нэгнийг доош нь хийж л байвал энэ хүний бах тав нь ханадаг хүн үү аль болохыг би үнэндээ ойлгосонгүй. “Тохой шалбаравч ханцуйн дотроо” гэж үг байдаг даа. Хятадын нутагт оччихоод өөрсдийнхөө шийдэж ядаж байгаа төмөр замын маргааны асуудалд УИХ-ын гишүүдээ Хятадын талд үйлчилдэг гээд яриад зогсож байна гэдгийг юу гэж ойлгох вэ. Энэ бол яаж  ч бодсон том тэнэглэл.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барих асуудлыг З.Энхболд өөрөө ойлгоогүй байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн  414 км төмөр зам  барихыг нь би эсэргүүцээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын 267 км  төмөр замд 737 тэрбум төгрөг зарцуулаад 50-60 хувийн гүйцэтгэлтэй болчихсон энэ ажлаа эхлээд гүйцээж дуусгая гэж хэлсэн.  З.Энхболд Монголын нутгаар төмөр замаар вагон явуулж мөнгө олох гээд байгаа юм уу эсвэл нүүрсээ зарж мөнгө олох гээд байгаа юм уу. Бид барьж байгаад орхичихсон төмөр замаа барьж дуусгаад нүүрсээ Хятад руу гаргаж зараад одоогийнхоосоо хэд дахин илүү ашиг олоод мөнгөтэй болбол хаашаа төмөр зам тавихаа шийдэх нь бидний эрх биз дээ. Нарийн яривал дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс бүхэн Хятадтай худалдаа, бизнесийн орчноо нэмэгдүүлэхийг тэмүүлж байхад  бид үүнээс хоцорчих гээд байгааг нь би ойлгохгүй байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2125637 линк рүү орж унших боломжтой.

ХҮҮХДИЙН ХООЛНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ БАЙХ НЬ ХҮЧИРХИЙЛЭЛ

Хоолзүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.

– УИХ-ын хаврын чуулганаар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн байна лээ. Хуулийн гол үйлчлэл “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр рүү шилжүүлэхэд чиглэж байна уу?

– Зөвхөн үдийн цай хөтөлбөрийг хоол болгох асуудал биш. Сургууль дээр хоол үйлдвэрлэж, үйлчлэх тогтолцоог бий болгох зорилготой. Энэ ажлын үр дүнгээс цэцэрлэгийн хоол зэрэг төрийн худалдан авалтын хоол үйлдвэрлэлийн бусад үйлчилгээ улсын хэмжээнд сайн жишгээр хөгжих боломжтой. Сургуулийн хоол гэхээр 600 төгрөгийн асуудлаар ойлгож байгаа нь ихээхэн өнгөц харж илтгэнэ.  Зургаан зуун төгрөг нэн бага мөнгө хэдий ч 2000, 3000₮ болж нэмэгдүүлсэн ч тогтолцоо бүрдээгүй цагт хүүхдийн эрүүл мэндийн төлөөх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн ходоод руу орохгүй, улсын мөнгө  үр ашиггүй үрэгдэнэ гэсэн үг. Сургуулийн эрүүл аюулгүй орчин бүрдэхэд бие засах газар, агаарын бохирдол, бэртэж гэмтэх эрсдлээс гадна хамгийн чухал нь хоол, шим тэжээлийн асуудал учраас дэлхийн бараг бүх орон School lunch program буюу сургуулийн өдрийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнийгээ нийгмийн халамжийн бодлого гэж үздэг.

Манай улсад хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт хүндэрсэн учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хоол тэжээлийн давхар дарамт”-тай орон гэж тодорхойлсон. Хүүхдүүд нь ийм тодорхойлолттой оронд ирээдүйн эрүүл иргэн гэдэг мөрөөдөл болчих талтай.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2125518/ линк рүү орж унших боломжтой.

“ААВЫН ЭНТЭЙ БАГШИЙНХАА ХҮЧИНД ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВНА”

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүхийн дууг тун ч эвлэгхэн дуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй бяцхан хүүг хүмүүс андахгүй болжээ. Тэр хүү бол дуучин Б.Бат-Энэрэл.

Түүнтэй ярилцахаар олон ч удаа утас цохисны эцэст эмээгээс нь зөвшөөрөл авч, цаг тохирсон юм. Эмээ нь “Б.Бат-Энэрэл маань олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн болохоор дуртай биш байна. Заримдаа их сүрхий ярина. Заримдаа амттай юм өгье гэсэн ч ярихгүй шүү дээ” хэмээн хэлсэн юм. Ингээд эмээ, хүү хоёртой төгөлдөр хуурын хичээлээ тараад явж байхад нь уулзаж ярилцлаа.

-Сайн уу Б.Бат-Энэрэлээ?

-Сайн.

-Б.Бат-Энэрэлээ анхны бие даасан “Сэтгэлэн залбирлан” нэртэй гоё тоглолтоо хийлээ. Баяртай байна уу?

-Би их баяртай байна. Их догдолсон. Концертын танхим дүүрэн хүмүүс цугласан байсан.

-Анхны бие даасан тоглолт гээд дуугаа зөндөө бэлдэв үү?

-Би дуугаа бэлддэггүй ээ. Тоглож явж байгаад л дуугаа дуулчихдаг.

-Анхны тоглолтоо хийгээд хүнд өвчтэй Э.Маргад-Эрдэнэ хүүд тусалсан гэсэн үү?

-Тийм. Би багшдаа бие нь өвдсөн Э.Маргад-Эрдэнэ хүүд тусалъя гэж хэлсэн юм. Тэр хүүд тусалмаар санагдсан.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2124314/ линк рүү орж унших боломжтой.

Б.БАТ-ЭНЭРЭЛИЙН АНХНЫ ХАЙР СУВДАА

Телевизийн нэвтрүүлгийн үеэр сод авьяастан хүү Б.Бат-Энэрэлийн дурдсан түүний анхны хайр, нэвтрүүлэгч Н.Сувд-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Б.Бат-Энэрэл та хоёрын “учрал"-ын талаар яриагаа эхэлье. Анх сод авьяастан жаалтай хэрхэн танилцсан бэ. Б.Бат-Энэрэл танд “дурлах” болсон шалтгаан нь юу вэ?

-Юуны өмнө бүх хүнд энэ өдрийн мэнд хүргьe. Анх танилцсан түүх маань их сонин. Би ажлаасаа халагдаж ч болохоор нөхцөл үүсч байлаа. "Өлзий" телевизийн шууд нэвтрүүлгийн зочноор МУГЖ С.Батсүх, Б.Бат-Энэрэл нар оролцох болоод, би хуваарьт хөтлөгчөөр нь томилогдсон л доо. Нэвтрүүлэг дундаа ч ороогүй байхад би гэдэг хүн инээгээд эхэлсэн. Уг нь инээх юм юу ч яриагүй байхад л би зогсож чадахааргүй болтлоо инээгээд. Намайг дагаж С.Батсүх гавьяат, зураглаач, найруулагч гээд тэнд ажиллаж байсан бүх хүн нулимсаа гартал инээсэн. Би чинь телевизийн шууд эфирээр хоёр гараа өргөөд бууж өгсөн. Найруулагчдаа "Би цааш үргэлжлүүлж чадахгүй нь ээ" гэж хүртэл биeийн хэлэмжээрээ хэлж байсан. Ямартай ч ажлаас минь халаагүй юм (инээв. сурв). Хэдхэн цагийн дараа сошиалд "Тeлeзийн шууд нэвтрүүлгийн үeэр хөтлөгч нь инээдээ барьж дийлэхгүй эфирээ хаалаа” гэдэг гарчигтай мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Хэдхэн цагийн дотор хэдэн зуугаараа үзэж, үзсэн хүн бүр дагаж инээгээд, eр бусын бичлэг болж хувирсан (инээв.сурв). Б.Бат-Энэрэл тэр үед инээлгүй "Та нар инээхээ боль л доо" гээд суугаад байдаг, их хөөрхөн бичлэг бий. Тэр цагаас хойш гавьяат С.Батсүх болон Б.Бат-Энэрэлийн гэр бүлтэй дотно, ах дүүсийн холбоотой болсон. Одоогоос гурван жилийн өмнөх үйл явдал юм уу даа. Дурлах ч юу байх вэ дээ, нэг тийм сонин холбоос тэр инээдээс үүдэлтэйгээр эхэлсэн юм.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2126417/ линкээр орж унших боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж