Сүүлийн өдрүүдэд хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг их гарч, олны анхаарал ч хүүхдийн хүчирхийллээс хэрхэн ангижрах вэ гэсэн асуултад чиглэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхоролоос байр суурийг нь тодрууллаа.
-Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд эмэгтэй гишүүд хэрхэн ажиллаж байна вэ?
-Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоосон эрчүүдийн гаргаж байгаа энэ адгууснаас дор авир аашийг олон удаа ярьж тодорхой шийдвэрүүд гарч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хуулиуд гарсан ч хуулийн ялын бодлого нь сул байна. Тийм учраас Эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс Эрүүгийн хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүмүүст тооцох хууль зүйн хариуцлага, ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэгдүгээрт, бүх насаар нь гянданд хорих шаардлагатай гэж үзэж эрүүгийн хуульд чанга дэглэмтэй хорих ангид бүх насаар нь хорих саналыг оруулна. Хоёрдугаарт, өршөөлийн хуулиар хүчингийн гэмт хэрэг хийсэн олон хүмүүс чөлөөлөгдөж байгаа. Тийм учраас цаашдаа ямар ч төрлийн өршөөлийн хуулиар хүчингийн гэмт хэрэг хийсэн, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг хамруулдаггүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулах бодолтой байна.
-Хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах бодолтой байна вэ?
-Өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байна. Монгол Улсын Их Хурлаар "Гэр бүлийн тухай" хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэж эхлэх гэж байна. Энэ хуулийг илүү чангаруулж, хүүхдээ хүмүүжүүлэх, өсгөх, тэжээх үүргээс татгалзсан эцэг, эхчүүдтэй тооцох хариуцлагыг илүү чангаруулах шаардлагатай. Хүүхдийн өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулах хэрэгтэй. Хүүхдээ тэжээх үүргээс татгалзаж байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага тооцдог байсан өмнөх заалтыг сэргээх гэх мэт олон хуулийг ярьж биш хатуу чангаруулсан зүйл заалтуудыг оруулж өгөхөөр ажиллана. Хүүхдийг хүчирхийллийн золиос болгохгүйн тулд эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ ойр дотно ажиллах, ярилцах, сонсох, өрх толгойлж байгаа ээж нар хань ижлээ сонгохдоо хүнийг зөв харж сонгох хэрэгтэй. Сонголтоо буруу хийснээс болж энэ асуудлууд гарч байна. Мөн эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ ажиллах тодорхой цагийг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга дээр оруулж өгөх, өрх толгойлсон ээж нартаа хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх цагийг гаргах, ачааллыг нь бууруулах чиглэлээр хуулийн заалтыг нэмж оруулах хуулийн өөрчлөлтийг оруулна.
-Таны хувьд урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийх нь зүйтэй гэж бодож байна вэ?
-2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэн, 487 хүн хохирсноос 238 буюу 48,7 хувь нь хүүхэд байна. Хүчингийн гэмт хэргийн дийлэнх нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь үнэхээр сэтгэл сэртхийлгэсэн аюултай мэдээлэл болж байна. Тиймээс гол нь хуулийг чангатгах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарсан сурталчилгааны ажлуудыг маш нарийн зохион байгуулалттай хийх хэрэгтэй. Цаашдаа хууль хяналтын байгууллага, Хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран гэмт хэргийн судалгааны дүнг хэвлэлийнхэнд нээлттэй ил тод өгөх хэрэгтэй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ