Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганыг Төрийн ордонд, өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна.
УУХҮЯ-наас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт хүрээгээ тэлж, уул уурхайн салбараас гадна геологи, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж 500 орчим эмэгтэй оролцож байна.
Чуулганыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “2018 оны байдлаар уул уурхай, олборлох салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, экспортын бүтээгдэхүүний 87 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус тус бүрдүүлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд манай салбарын оруулах хувь нэмэр өмнөх оныхоос 2 хувиар нэмэгдлээ. 2019 онд манай салбар улсын төсөвт 3 их наяд төгрөгийг татан төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байна. Зөвхөн улсын төсвийн бүрдүүлэлт, улс орныхоо баялгаас ард иргэдэд ногдох хувийг шударгаар хуваарилах, ингэснээр айл өрх бүрийн амьдралын боломжийг дээшлүүлэх, бусад салбаруудыг хөгжүүлэх санхүүгийн хуримтлал үүсгэх зэрэг нэн хариуцлагатай үүргийг хүлээж буйгаа бид сайтар ойлгож байна.
Энэхүү хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлэхийн тулд Засгийн газар болон манай яамны зүгээс голлох ашигт малтмалын салбаруудаа тэрбум ам.долларын эргэлттэй салбар болгон хөгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, зэсийн салбар одоогоор 3 орчим тэрбум ам.доллар, нүүрс 2 тэрбум гаруй ам.долларын эргэлттэй байгааг зэсийн үйлдвэрлэлийн өсөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэргээр дамжуулан өсгөх бүрэн боломжтой. Харин алтны салбар өнөөдрийн байдлаар 800 орчим сая.ам долларын эргэлттэй байгааг 1 тэрбум ам.доллар давсан салбар болгох, бусад 1-2 ашигт малтмалыг 1 тэрбум ам.доллар давсан салбар болгон хөгжүүлэх зорилт тавиад байна. Энэхүү хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд та бидний нэг зүгт чиглэсэн хамтын ажиллагаа хамгийн чухал юм” гэдгийг тэрбээр онцлов.
УУХҮЯ-НЫ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА Ч.АНУН:
Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулган энэ жил Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна. Зөвхөн уул уурхайн салбарын эмэгтэйчүүдээс гадна геологи, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын эмэгтэйчүүдийг хамарч байгаагаараа онцлог. Өнөөдрийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарт нийт ажиллагсдын 14 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүд маань эрчүүдээс дутахааргүй үр дүнтэй ажилладаг. Уул уурхайг хүрз, жоотуугаар мөн эрчүүдийн салбар мэтээр төсөөлдөг байсан цаг ард хоцорсон. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллага компаниуд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцуулахдаа нарийн мэргэжлээс гадна эрсдэлийн удирдлага, эдийн засаг, санхүү, хүний нөөцийн чиглэлийн мэргэжлээр эмэгтэйчүүд түлхүү ажиллуулж байна. Өнөөдрийн чуулганаас зөвлөмж, уриалга гарна. Тухайлбал, салбарын эрхзүйн орчныг боловсонгүй болгож хэрэгжүүлэх замаар салбарын тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг илүү бодитой болгох, үүний тулд салбарын хүний нөөц чадавхыг сайжруулах, нийгэмд болон хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн бүлгүүд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш оролцооны боломжуудыг тэлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр уриалга гаргана.
Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо олон улсад ямар байгаа талаар РИО ТИНТО ГРУППИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ СИМОН НИВЕН хэлэхдээ:
Хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад тулгардаг хамгийн том бэрхшээл нь удирдах түвшний менежерүүдийн өрөөсгөл хандлагатай шууд холбоотой. Зарим удирдагчид эмэгтэйчүүдийг тэсвэр хатуужил муутай, карьераа өсгөх сонирхолгүй гэж боддог.
Ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг эмэгтэйчүүд сонирхдоггүй гэсэн хандлага удирдагчдын дунд давамгайлдаг. Энэ нь эргээд эмэгтэйчүүдийн энэ салбараас холдуулах шалтгаан нь болдог. Мөн эмэгтэйчүүдийг ажил, амьдралаа хослуулаад авч явах чадвар бага гэж дүгнэдэг.
Дэлхийн аль ч улсад энэ хандлага ижил түвшинд байгаа гэдгийг тодотгон хэлмээр байна. Үүнийг шийдэх хялбар гарц байхгүй. Эмэгтэйчүүдийг дүгнэдэг өрөөсгөл ойлголтыг арилгахын тулд 2015 оноос эхлэн Оюутолгойн компанийн жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн сургалтад 530 гаруй ажилтан хамрагдсан. Тэгш эрхийг хэрэгжүүлэхийн тулд эмэгтэй ажилчдын квот тогтоосон олон компани байдаг. Гэхдээ квот тогтоосноор үүнийг шийдвэрлэх асуудал мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Мөн хүйсээс хамааралтай эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн зөрүүтэй байдлыг арилгах тал дээр маш олон байгууллагууд анхаарч байгаа нь сайн хэрэг.
"Оюу толгой" компанийн ажилчдын 93 хувь нь Монголчууд, үүнээс 24 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна.
Уул уурхайн салбар бол эмэгтэйчүүдийн хувьд карьераа сонгох хамгийн эхний сонгох салбар биш. Энэ салбарын онцлогтой нь холбоотой. Уул уурхайг бохир заваан, аюултай гэж үздэг энэ байдлыг өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Уул уурхайн салбар сүүлийн үеийн дэвшилтэт технологийг хамгийн түрүүнд нэвтрүүлдэг ийм салбар. Рио Тинто группийн хувьд мөн адил техникийн дэвшлийг ашигладаг. Мөн манай компани дата инженерүүдтэй.
ОЮУТОЛГОЙ КОМПАНИЙН ГҮНИЙ УУРХАЙН ИНЖЕНЕР Ш.ДАВААСҮРЭН:
Тэрбээр Оюутолгой компанийн аврах багийн хамгийн анхны эмэгтэй гишүүний нэг.
Энэхүү чуулганд оролцохдоо, манай компани сонгон шалгаруулалт хийж энэ боломжийг надад оногдсон. Анх би 2011 онд Оюутолгой компанийн гүнийн уурхайн төслийн талбар дээр гэрээт компанид зураг төслийн инженерээр ажилд орж байсан. 2017 он хүртэл гэрээт компанидаа ажилласан. Би цахилгааны инженер мэргэжилтэй. Цахилгааны инженер мэргэжлийг тэр бүр эмэгтэйчүүд сонгодоггүй. Манай компанийн уриа бол уурхайн үнэт зүйл нь уурхайчин та өөрөө гэдэг уриатайгаар ажилладаг. Бидний аюулгүйн ажиллагаанд компанийн зүгээс маш сайн анхаардаг учраас бид бүхэн ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр ажлын 14 хоногоо өнгөрөөдөг.
Холбоотой мэдээ