Зөрчлийн тухай хууль нь сэтгүүлчдийн эр зоригийг мохоож байна

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Зөрчлийн тухай хууль нь сэтгүүлчдийн эр зоригийг мохоож байна

Зөрчлийн тухай хууль нь сэтгүүлчдийн эр зоригийг мохоож байна

Өнөөдөр /2019.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Нэгдсэн үндэстний  байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм.  Тэгвэл энэ хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй үндэсний форум-2019”-ыг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд  Монголын сэтгүүл зүйн салбарт амьдралаа зориулсан бүхий л ахмадууд хүрэлцэн ирснээс гадна энэхүү түүхийг буухиалан залуу хойч үедээ хүргэж яваа дунд үе, идэр залуу үеийн төлөөлөл энд хүрэлцэн иржээ.  Форумын үеэр сошиал орчин  эрчимтэй хөгжиж байгаа энэ үед  мэргэжлийн сэтгүүл зүйн зарчим алдагдаж байгааг онцлон ярьж байсан юм. Учир нь  сошиал  орчинд хүн бүр мэргэжлийн   сэтгүүлч мэтээр ярьж, хэлж, мэдээллийг нийтлэх болсон учраас сэтгүүлчид илүү мэргэжлийн түвшинд ялгарах ёстой гэдгийг мөн хөндөж байлаа.

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ СУУРЬ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАТАЙ

Энэ үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ гүйцэтгэх захирал  Т.Гүнжидмаагийн байр суурийг сонирхсон юм. Тэрбээр “Энэ өдөр хэвлэл мэдээллийн салбарт  ажиллаж  байгаа сэтгүүлчид,  хэвлэл мэдээллийн байгууллагын  удирдлагууд, эрдэмтэн судлаачид, салбарын багш оюутнууд гэсэн тал бүрийн оролцоотойгоор  сэтгүүлзүйн салбараараа асуудлыг эргэн  харж ярилцах нь маш чухал. Цаашид ч энэ уламжлалыг битгий алдагдуулаасай гэж хүсч байна. Энэ жилийн форумаар хууль эрхзүйн орчны талаар ярилаа. Энэ бол маш чухал. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн эрх чөлөөний тухай суурь хуулийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байна. Үүнд, редакцын хараат бус  байдал, эзэд хөрөнгө оруулагчдын ил тод байдал, нууц эх сурвалжаа хамгаалах талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Хэвлэл мэдээллийн зохицуулалтын механизмын   суурь хуульд өөрчлөлт  оруулснаар чанартай сэтгүүлзүй буюу салбарынхаа дархлааг хамгаалж байгаа хэрэг.  Мөн сошиал медиатай холбоотой асуудал их яригдлаа.

Сошиал орчинд  сэтгүүлчид мэдээ, мэдээлэл олж авах түгээхэд ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ үүнд сэтгүүлзүйн ажиллагаа явагдаагүй гэж мэргэжилтнүүд  харж байна. Сэтгүүлчийн,  тухайн редакцын  боловсруулсан мэдээллийг  сошиал орчинд хуваалцах буюу share хийх нь  нягтлагдсан баталгаажсан  мэдээлэл. Харин үзэл бодлоо илэрхийлэх сошиал орчноос ихэнх хүмүүс хуурамч мэдээлэл авдаг. Түүндээ  төөрдөг. Энэ нь  иргэдийн үнэн бодит мэдээллийг авах эрхийг зөрчиж байгаа учраас  сошиал орчныг илүү том хүрээнд анхаарч харах хэрэгтэй байна.

Сошиал  орчинд үзэл бодлоо илэрхийлэх  талбар, иргэдийн мэдээлэл хүлээж авах суваг гэдгээр нь бид  хүлээн зөвшөөрсөн. Харин үнэн мэдээллийг хэрхэн яаж олж авах вэ үнэнийг хэрхэн нягталж шалгах вэ гэдэг л асуудал болоод байна. Тийм учраас сэтгүүлчид сошиал хуудсанд ажиллахдаа реакцид мөрддөг хэвлэл мэдээллийн  ёс зүйн  зарчмыг мөрдөх хэрэгтэй. Мэдээж сэтгүүлч хүн сошиал орчинд   үзэл бодлоо хуваалцаж болно. Гэхдээ ёс зүйн кодоор хүлээн зөвшөөрөгдсөн худал мэдээлэл тараах хэн нэгний нэр төрд халдах баталгаагүй таамаг мэдээллийг шууд дамжуулах нь сэтгүүлч мэргэжлийн нэр хүндэд халтай гэдгийг сэтгүүлзүйн  салбар даяараа ярьж байна” гэв.

Мөн форумын үеэр  Зөрчлийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс ч олон байсан юм.Тэр дундаа тус хуулийн 6.21 дүгээр зүйл “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх  заалтыг өөрчлөх шаардлагатай  гэдгийг онцолж байсан юм.

Зөрчлийн тухай хуулиар шийдэгдсэн хэргүүдийн дийлэнх нь өөрийн зохицуулалтаар  буюу ХМЗ-өөр орох боломжтой юм. ХМЗ нь сүүлийн дөрвөн жилд нийт 227 өргөдөл хүлээн авч шийдсэн байна. Нийт өргөдлийн 85 хувь нь сонин сэтгүүл, болон мэдээллийн цахим сайтууд, 15 хувийг телевизүүдэд хаяглагджээ. Тус зөвлөлд төрийн албан хаагчдаас хамгийн олон гомдол ирдэг байна.

Ерөнхийдөө Зөрчлийн тухай хууль нь сэтгүүлч мэргэжлийг сонгосон  хүмүүсийн эр зоригийг мохоохоос гадна, тэд шүүмжилж бичхээс айдаг болжээ. Хэрэв энэ байдал цаашид  үргэлжлэх юм бол монголын нийгэм буцаад харанхуй байдал руу орох учраас нэн тэргүүнд аюулгүй , айдасгүйгээр ажиллах  нөхцөлийг бодолцож Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтад  анхаарах ёстой гэж тэд үзэл бодлоо хувцаалцсан юм. 

ТЭГВЭЛ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ? 

25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Б.Доржбаяр “Сэтгүүлзүйн салбар үүсгэн байгуулагдаад хэдэн жарнаар хэмжигдэх салбар болжээ. Хэвлэлийн эрх чөлөөг тодорхойлохдоо сэтгүүлчид  дуугарах эрхтэй  гэхээсээ илүүтэйгээр тухайн мэдээллийг ямар байдлаар дамжуулах уу? Сэтгүүлчдийн гаргаж байгаа мэдээлэлд ямар цензур  байгаа вэ гэдгийг  сайн нягтлах шаардлагатай.  Харин тэрхүү цензур нь  улстөрийн бус мэргэжлийн байх  ёстой. Сүүлийн хэдэн жилүүдэд улстөрчид шийдвэр гаргах түвшний хүмүүс учраас өөрсдийгөө мэдээллээр хамгаалахын тулд хэвлэлийн эрх чөлөө хараат бус байдаг алдагдуулаад байна.  Энэ байдлыг үгүй хийж байж л сэтгүүлзүйн салбар шат ахина. Сэтгүүлчид мэдээллээ нягталж ахин дахин  шалгах мэргэжлийн өндөр ур чадвартай байх юм бол Зөрчлийн тухай хуульд хамаарахгүй байх бүрэн боломжтой” гэв.

Танин мэдэхгүйн /ТМ/ телевизийн ерөнхий редактор С.Эрдэнэбаяр  “Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь  сэтгүүлчийн уран чадварын асуудал. Эхлээд сэтгүүлч хүн өөрөө хэн бэ гэдгээ таних ёстой. Мэргэжилдээ  үнэхээр хайртай хүн сайн сэтгүүлч болохын төлөө хөдөлмөрлөнө. Энэ нь ур чадвар сууна  гэсэн үг. Ур чадвартай сэтгүүлч хөндлөнгийн ямар нэгэн нөлөөнд ороод эрхээ зөрчүүлэх явдал гарахгүй болов уу гэж бодож байна.  Сэтгүүлч өөрийнхөө баримтыг нягтлаагүй буруутай үйл ажиллагаа явуулж зарчмаасаа гажсан бол хуулийн ямар нэгэн  хариуцлага хүлээх нь зөв” гэв.

ETV телевизийн захирал, сэтгүүлч Т.Ганзул “ 1992  онд анхны чөлөөт хэвлэлүүд үүсч хөгжсөн. Энэ цагаас хойш 20 гаруй жилийн хугацаанд телевизийн салбар өнөөдрийг хүртэл хууль эрхзүйн зохицуулалтгүй явж ирсэн байна. Яг энэ цаг үед  хууль эрхзүйн зохицуулалт  телевизийн салбарт хэрэгтэй байна. Үзэгчид телевизийг дамжуулагч компани буюу олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан хүлээн авч үздэг. Дамжуулагч компани  телевизүүдийн хооронд үүсээд байгаа олон асуудлууд бий. Тиймээс  өргөн нэвтрүүлгийн  тухай хуулийг батлах нь зөв гэж харж байна. Мөн  телевизийн салбарт боловсон хүчний дутагдалтай байна. Тэр дундаа инженер техникийн албаны дутагдалд ороод байна. Улс орон даяар нийт 156 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Үзэгчдийн хүсээд байдаг танин мэдэхүйн контентуудыг бэлтгэхийн тулд боловсон хүчин зайлшгүй шаардлагатай” гэв.

Э.БУРАМ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж