Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил энэ онд тохиож байна. Уг түүхэн ойг угтан өнгөрөгч долоо хоногт Бээжин хотод хоёр орны жүдочдын хамтарсан бэлтгэл боллоо. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэг бүс, Нэг зам” олон улсын чуулганд оролцох үеэрээ бэлтгэлийн үйл явцтай танилцсан байна.
Бээжин хотын Олимп спорт төвд болсон бэлтгэлийн арга хэмжээнд БНХАУ-ын Олимпийн хорооны ерөнхийлөгч Гоу Жонгвен, БНХАУ-ын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, хатагтай Сянь Дунмэй нараас гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зүүн Азийн жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нар оролцжээ.
Хоёр орны жүдочдын хамтарсан бэлтгэлд дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүтэй Үндэсний шигшээ багийн 30 жүдоч дасгалжуулагч нарын хамт хамрагдсан байна. Энэ үеэр Хятадын өсвөрийн жүдочдын үзүүлэх тоглолт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч тэдний ур чадварыг үнэлсэн тухай Олон улсын жүдо бөхийн холбооны мэдээлэлд дурджээ.
БНХАУ, Монгол улсын жүдо бөхийн тамирчид ирэх наймдугаар сард Япон улсад болох ДАШТ-ий бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэл хийсэн байна.
Холбоотой мэдээ