Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 2016 оноос эхлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жил Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 тоот тогтоолоор “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам” батлагдсантай холбогдуулан зохион байгуулж байгаа “Гамшгийн дараах хохирол, хэрэгцээг үнэлэх аргазүйн асуудал” сэдэвт онол, практикийн хурал эхэллээ.
Хуралд ОБЕГ, МУЗН, НОБГ, Гамшгаас хамгаалах улсын албад, Гамшгаас хамгаалах судалгааны байгууллага, ХСИС, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон олон улсын болоод төрийн бус байгууллагуудын 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож үг хэллээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нээж хэлсэн үгэндээ, “Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 тоот тогтоолоор “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг батлуулсан. Журам батлагдсанаар гамшгаас хамгаалах талаарх төрийн бодлого, бусад тулгуур баримт бичгийн хэрэгжилтийг хянах, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг хэмжих, түүнчлэн гамшгаас учирсан хохирлыг шуурхай, бодитой тооцож, нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, гамшгийн үеийн яаралтай тусламж болон хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт сайжрах боломж бүрдсэн юм. Цаашид гамшгийн хохирол, хэрэгцээг үнэлэх аргазүй, аргачлалыг шинжлэх ухааны үндэстэй, холбогдох салбаруудын үйл ажиллагаанд нийцүүлж боловсруулах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тиймээс энэ удаагийн онол, практикийн хурлаар гамшгийн хохирол, хэрэгцээг үнэлгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох чиглэлээр эрдэмтэн, судлаачдын төлөөлөлтэй санал бодлоо солилцож, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох юм” гэлээ.
Эрдэмтэн, судлаачид гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний эрхзүйн зохицуулалт, гамшгийн хохирол, хэрэгцээг үнэлэх онол, аргазүйн асуудал, дэлхий дахинд болон Монгол Улсад гамшгийн хохирлыг тооцож буй арга туршлага, сургамж, тулгамдаж буй асуудал, гамшгийн хохирлын мэдээллийн сан, түүний хэрэглээ, гамшгийн үеийн яаралтай тусламж, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ