Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан өнөөдөр (2019.05.03) Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли болон Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөллийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, “Хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах дөрөв дэх удаагийн уулзалтыг хийж, хамтран ажиллаж байна. Богино хугацаанд үр дүнтэй хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьж чадсан. Хамтын ажиллагааны эхний үр дүнгээс дурдвал “Архилан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнг УИХ-ын холбогдох байнгын хороо, ажлын хэсэгт танилцуулсан. Одоо “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд бид гурван аймаг, таван дүүрэгт ажиллаж, судалгаа хийсэн. Удахгүй үр дүнг нь гаргаж, тайлагнана. Цаашид хоёр талын хамтын ажиллагааны хүрээ улам өргөжин хөгжинө гэдэгт илтгэлтэй байна” гээд бүхий л талаар дэмжин ажилласан Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчид долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах дөрөв дэх удаагийн семинар амжилттай болсныг тэмдэглээд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд үр дүнтэй, чанартай ажлуудыг хийж чадсаныг онцоллоо. Парламентаас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх нь чухал бөгөөд цаг хугацаа, хөрөнгө зарцуулах шаардлагатай байдаг. Иймд УИХ-ын Тамгын газарт үнэлгээ хийх чадварлаг хүний нөөц байгаа боловч цаашид тогтолцооны түвшинд хэрхэн бэхжүүлэх талаар анхаарч шийдвэрлэх хэрэгтэйг төлөөлөгчид хэлсэн юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт хоёр жилийн турш хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн үнэлгээний тайланг 10 дугаар сар гэхэд хамтран ажилласан багийнханд хүргүүлж, санал зөвлөмжийг нь авч тусгаад 11 дүгээр сард УИХ-д танилцуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлэв.
Ингээд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлд үр бүтээлтэй хамтран ажилласан Камил Баррастад УИХ-ын Тамгын газрын өргөмжлөлийг гардуулж, талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр жилийн хугацаанд Монгол Улсад ажиллаад нутаг буцаж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.