Татварын өршөөлийн хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Татварын өршөөлийн хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

-Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар боллоо-

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хойшлуулах санал гаргав.

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өчигдөр Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцээд бондуудын зарцуулалт, Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зарцуулсан зээл зэргийн шалгалтын дүн эцэслэсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Тэр болтол дэмжих боломжгүй байна гэж үзсэн юм. Энэ дагуу дээрх хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшлоод байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн хүрээнд татварын өршөөл үзүүлэх асуудал багтаж байгаа юм. Ингэхдээ энэ төрлийн хуулийн төслийг Монгол Улс 2008 онд баталж, 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж байсан аж. Татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлж, 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан судалгаа байна.

Үүний дараа байнгын хороогоор Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас олгогдох хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар болсон. Хэлэлцээрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх, Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах зэрэг төслүүд хэрэгжих юм. Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, төслийн үр ашгийг хангах зорилгоор төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас мөн чөлөөлөх бодитой шаардлага байгаа тул хуулийн төслийг боловсруулжээ.

Анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналууд гаргаагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг тус байнгын хорооны дарга Б.Болор гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх хуулийн өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалт тусгаад байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ч.Улаан нар хуулийн төслийг дэмжих боломжгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тэд “Уг хуулийг батлах нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй төдийгүй сөрөг үр дагавартай, бодлогын хувьд алдаа дагуулна.  Эдийн засгийн түр зуурийн бэрхшээл тохиолдоход бууж өгч, байгаль орчноо хяналтгүйгээр ухах, малтаж зөөх өрсөлдөөн бий болгож байгаа сөрөг үр дагавартай шийдвэр болж байна” гэж тайлбарласан юм. Эцэст нь хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсан ч олонхийн дэмжлэг хүлээсэнгүй.

Байнгын хорооны хуралдаанаар мөн Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар боллоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж