Эмэгтэй волейболчид ААШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Эмэгтэй волейболчид ААШТ-д оролцоно

Эмэгтэйчүүдийн волейболын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-28-нд БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотуудад болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг өчигдөр урд хөршийг зорьсон бөгөөд маргааш эхний тоглолтоо хийх гэж байна.

Азийн шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдсанаас манай шигшээ баг “С” хэсэгт Япон, Вьетнам, Туркменистаны багуудтай багтсан юм. Энэ хэсгийн эхний тоглолт маргааш Япон-Вьетнам, Монгол-Туркменистан улсын тоглолтоор эхэлнэ. Улмаар манай баг тамирчид энэ сарын 21-нд Вьетнам, 22-д Японы багтай тоглох юм.

Багийн ахлах дасгалжуулагчаар Готовын Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Батдоржийн Хэрлэн, багийн менежерээр Тэрбишийн Алтансүх нар ажиллаж байна.

Багийн бүрэлдэхүүнд Г.Цэцэгжаргал (багийн ахлагч), А.Батжаргал, С.Пүрэвжаргал, Ч.Номинчулуун, Г.Энхнаран, Б.Энхзаяа, Г.Хонгорзул, Г.Хандсүрэн, Б.Цолмон, М.Сувдмаа, Ч.Халиун, С.Отгонбямба нар багтжээ.

Монголын волейболын холбооноос шигшээ багийг бүрдүүлж, хоёр сарын хугацаанд бэлтгэл хийснээр урд хөршийг зорьж байна. Энэ удаагийн шигшээ багт харьцангуй залуу тамирчид багтсан бөгөөд багийн дундаж өндөр 1,78 см аж.

18 дахь удаагийн Ази тивийн АШТ-ий медальт байрт шалгарсан багуудад олимпийн эрх олгох бөгөөд харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй манай баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, эхний наймд орох зорилго тавьжээ.

Тоглолтын хуваарь:

"С" хэсэг:

V.20 Монгол-Туркменистан

V.21 Вьетнам – Монгол

V.22 Монгол –  Япон

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж