Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр “Монгол Улсын соёлын элч” болжээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 2012 оноос дуурийн гоцлоочоор ажиллаж эхэлсэн залуу уран бүтээлч саяхнаас Улсын филармонид ажиллахаар болсон байна.
Тэрбээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлоочоор ажиллах хугацаандаа Ж.Верди “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччини “Богема”дуурийн Марчелло, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизе "Кармен" дуурийн Эскамильо, Данкайро, В.А.Моцарт "Дон Жуан" дуурийн Дон Жуан, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий зэрэг дэлхийн сонгодог дууриудын дүрүүд болон Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг Монголын дууриудын гол болон туслах дүрүүдийг бүтээсэн.
Үүнээс гадна ОХУ-ын Улан Үдэ, Японы Токио, Нагоя, Австрийн Вена, Зальцбург хотод, Голланд, Белги, Грек, Италийн алдарт Ла Скала театрын их тайзнаа мөн ОХУ ын Большой театрын тайзнаа өөрийн бие даасан болон олон улсын, Монголын дуучидтай хамтарсан тоглолтонд оролцож байсан юм.
Дуурийн дуучин Э.Анхбаяр өнгөрөгч онд Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байрт шалгарсан юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ