Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ 2013 оны долдугаар сард Цагдаагийн албаны тухай хуулийг баталсан ч цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулах боломжгүй болсон тул алба хаагчийн эрх зүйн байдал, баталгаатай холбоотойасуудлыг зохицуулах хэрэгтэй болсон аж. Түүнчлэн цагдаагийн цолыг “албан тушаалын цол” байсныг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан олгодог болгохоор, цагдаагийн алба хаагчаас авч хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг зохицуулсан бүлгийг шинээр нэмсэн аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, 3000 хүнд нэг цагдаагийн хэсэг үйлчилж ажилладаг дэлхийн дундаж жишиг байдаг. Харин Улаанбаатар хотод нэг хэсэг 10-15 мянган хүнд үйлчилж байна. Цагдаагийн алба хаагчийн хүртээмж муу байна. Дээр нь энэ алба эдийн засгийн хувьд дутмаг. Шинэ хуулиар энэ асуудлыг зохицуулах уу гэж тодруулсан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, нийслэлд хүн ам олноор суурьшсанаас цагдаагийн албан хаагчдын ачаалал хэтэрч байгаа. Харин 3000 хүн амтай суманд 1 хэсгийн байцаагч, нэг цагдаа ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын хөрөнгийн бололцоогүй байдлаас болоод хэргийг шалгах явцад иргэдээс гомдол гарах тохиолдол ч бий. Тиймээс төсөв хэлэлцэх үед цагдаагийн зардал, төсвийн талаар онцгой анхаарах хэрэгтэй байна байгаа хэмээлээ.