“Бусдын материалыг хуулбарлавал сэтгүүлчийг 500 мянгаар торгоно”

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

“Бусдын материалыг хуулбарлавал сэтгүүлчийг 500 мянгаар торгоно”

“Бусдын материалыг хуулбарлавал сэтгүүлчийг 500 мянгаар торгоно”

Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар хамтран өнөөдөр /2019.05.03/ Оюуны өмчийн тухай багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр бид сэтгүүлчийн маш их хөдөлмөр зарцуулж бэлтгэсэн мэдээ, сурвалжлага зөвшөөрөлгүйгээр хуулбарлагдан, олон нийтэд цацагдаж байгаа зөрчлийг хууль эрх зүйн хүрээнд хянан, хариуцлага хүлээлгэх боломжтой эсэхийг холбогдох албаны хүнээс тодрууллаа.

ЭНЭ ЗӨРЧЛИЙГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэнгээс дараах асуултад хариулт авав. 


-Цахим сэтгүүлзүйн контентын зөрчил танайд хэр ирдэг вэ?

-Оюуны өмчийн газарт ирж байгаа зөрчлийн 70 орчим хувь нь зохиогчийн эрхийн асуудалтай холбоотой байна. Гэхдээ цахим сэтгүүлзүйн контентыг хуулбарласан, ямар нэгэн байдлаар эрхийг нь зөрчсөн талаарх гомдол ирж байгаагүй.

-Энэ төрлийн зөрчлийг зохицуулах хуулийн заалт байна уу?

-Хуулиар энэ төрлийн зөрчлийг зохицуулах бүрэн боломжтой. Зохиогчийн эрхийн зөрчилд хамруулж, бусдын бэлтгэсэн мэдээ, материалыг хуулбарлаад цахим орчинд түгээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар байгууллагыг таван сая төгрөг, хувь сэтгүүлчийг 500 мянган төгрөгөөр торгууль ногдуулах боломжтой. Сэтгүүлчдэд хандаж хэлэхэд, хэрэв өөрийн тань бэлтгэсэн материалыг бусад газрууд хуулбарласан бол гомдлоо манайд ирүүл. Бид энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж зохих шийтгэлийг ногдуулах бүрэн боломжтой.  Үүний тулд өөрийн бичсэн бүтээл гэдгийг нотлох баримтаар хавсаргаад, хаана, хэзээ хуулбарласныг зураг, эсвэл видео бичлэгээр нотлоод ирүүлэх хэрэгтэй.

-Танайд ирж байгаа гомдлын 70 хувийг эзэлж буй зохиогчийн эрхийн зөрчлийг бууруулахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Зохиогчийн эрхийн долоо хоног зохион байгуулах гэж байгаа. Энэ хүрээнд БНСУ, ОХУ, БНХАУ-тай хамтран бүс нутгийн гурав хоногийн уулзалт зохион байгуулна. Үргэлжлүүлэн энэ сарын 16, 17-нд үндэсний семинар зохион байгуулна. Семинараар бусад оронд зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалж байгаа талаар сонирхолтой илтгэл тавигдана.

ОЮУНЫ ӨМЧИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ БОЛОМЖТОЙ

Хэлэлцүүлгээр Патентын тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцсэн юм. Эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын үзэл санааны талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригоос дараах зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Монгол Улс оюуны өмчийг хамгаалах нэлээд хэдэн конвенцэд нэгдсэн байдаг. Энэ конвенцид хууль эрхзүйн орчноо нийцүүлэх шаардлага үүсээд байгаа. Нөгөө талаас техник технологийн хөгжлийг дагаад оюуны өмчийг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байгаа. Энэ бүхэнтэй уялдуулж эрх зүйн асуудлыг зохицуулах шаардлага тулгарч байгаа. Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хөндөгдөж байгаа.

Цахим сэтгүүлзүйн бүтээл нь бичмэл бүтээлийн төрөлд багтана. Гэхдээ үүнтэй холбоотойгоор асуудлуудыг ялгаж үзэх хэрэгтэй. Ажил олгогчтой маргаад асуудал үүсгэж байна уу, Оюуны өмчийг лицензийн гэрээгээ яаж зохицуулсан зэргээс шалтгаална. Өнөөдрийн хэлэлцүүлэг Оюуны өмчийн багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг. Багц хуультай холбоотой хэлэлцэх асуудал байвал Оюуны өмчийн газар, Хууль зүй дотоод хэргийн яамтай холбогдож болно” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж