Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас даатгалын компаниуд хамтран хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянга, нөхөн олговрыг 20 сая төгрөгөөр тогтоосон ажээ. Тус газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатарын мэдээлснээр “Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан.
Уралдааны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлага тулгарч байсан гэнэ. Тэгвэл тус газар, Монголын морин спорт уяачдын холбоо хамтран уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах санамж бичиг байгуулсан талаар өнөөдөр /2019.05.03/ мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Тэгвэл тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулагдах бүх уралдаанд уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамж 100 мянган төгрөг байх бөгөөд 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг Монголын уяачдын холбоо зохион байгуулах юм.
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины эзэн, уяач нар уралдаанч хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх эрх зүйн зохицуулалттай. Энэ хүрээнд 21 аймгийн төвийн болон Улаанбаатар хотод зохион байгуулагдах хурдан морины уралдаанд хүүхдийн гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч даатгалын компаниудтай хамтран ажиллаж байна. Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал жилд нэг удаа 100 мянган төгрөг байх гэнэ. Ингэхдээ хүүхэд уралдааны үеэр бэртэж гэмтсэн тохиолдолд нөхөн олговрын хэмжээг 20 сая хүртэл нэмэгдүүлж учирч болзошгүй гэнэтийн ослын тээвэрлэлтийн зардал оруулж өгчээ.
УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ ЖИЛД НЭГ УДАА 100 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Өнгөрсөн жилийн долдугаар сарын 11-ныг хүртэлх хугацаанд уралдаанч хүүхдийн даатгалтай холбоотой асуудал бодит байдалд нийцэхгүй, нөхөн олговрын хэмжээ дээд талдаа таван сая төгрөгийн үнэлгээтэй явж ирсэн.
Энэ нь хүүхдийн эрүүл мэнд амь насыг хангахад хүрэлцэхүйц хэмжээний төлбөр болж чадахгүй байна. Дээрх асуудлаар даатгалын компаниудтай харилцан тохиролцоо хийгээд бодит асуудалд нийцсэн нөхөн олговрын хэмжээтэй даатгалын хэрэгцээ шаардлага байгаа гэдэгт үндэслээд даатгалын хувь хэмжээг жилдээ 100 мянган төгрөгийн хураамжтай, нөхөн олговрын хэмжээ 20 сая хүртэлх байх асуудлыг дэмжлэг болгож санал тавьж, дэмжүүлсэн.
2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын морин спорт уяачдын холбооны удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдсан. Энэ зөвлөгөөнд ГБХЗГ, Монголын морин спорт уяачдын хүсэлтийн дагуу бодит байдлыг танилцуул, манай санал санаачилгыг дэмжсэн. Морь уралддаг 10 мянга орчим хүүхэд бий гэсэн албан тоо байдаг. Өнгөрсөн жилээс уралдаанч хүүхдийн цахим бүртгэлийг нэвтрүүлснээр тухайн хүүхдийн бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөрт хамрагдалт зэрэгт хяналт тавих боломж бүрдсэн. Тухайлбал, оролцсон уралдааны мэдээлэл, уяачдын мэдээлэл, эрсдэлийн мэдээлэл, үзүүлсэн үйлчилгээ гэх мэт багтдаг” гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ