Э.Амарбатын оронд А.Эрдэнэбатыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Э.Амарбатын оронд А.Эрдэнэбатыг томилжээ

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа өчигдөр тушаал гарган Гүйцэтгэх албаны ахлах ажилтан А.Эрдэнэбатыг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилсон байна. Ингэснээр Э.Амарбатын оронд үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан Мөрдөн шалгах хэлтсийн I тасгийн дарга Н.Батзогсох тус албанаас чөлөөлөгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Авлигатай тэмцэх газрын удирдлагууд хуралдан хэлтсүүдийнхээ ажлыг дүгнэсэн бөгөөд тэдгээрээс Мөрдөн шалгах хэлтэс “муу” дүн авсан нь Э.Амарбатыг албан тушаалаас нь бууруулан, ахалж байсан хэлтсийнхээ мөрдөн байцаагч болоход хүргэсэн гэх ч өөр шалтгаантай холбоотой хэмээн тайлбарлах хүн олон байгаа юм. Тухайлбал, Э.Амарбат удирдлагаа Улсын ерөнхий прокурорт “ховлон” тагнаж, чагнаж байна хэмээн гомдол мэдүүлсэн нь албан тушаалаасаа буух гол шалтгаан болсон гэх. Мөн Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Улсын ерөнхий прокурорын газарт хүсэлт гарган Э.Амарбатыг тагнаж, чагнах шаардлага байна гэдгээ илэрхийлж, зөвшөөрөл авч болох байсан ч өмнө нь тэрбээр уг газарт олон жил ажилласан нь нууц ажиллагаа явуулахад хүргэсэн гэх хардлага ч бий. Гэхдээ одоогоор энэхүү хардлагад Авлигатай тэмцэх газрын дарга болоод тагнуулсан гэх Э.Амарбат аль аль нь тайлбар хийгээгүй байгаа билээ.

Харин Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг ажилтнуудаа зөвшөөрөлгүйгээр тагнаж чагнасан, төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэлийг Улсын ерөнхий прокурор наадмын өмнө УИХ-ын даргад уламжилсан ч эл асуудал гацаанд орж, намрын чуулган эхэлтэл хүлээгдэх болж байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж