Гадаад паспорт яагаад саатав?

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Гадаад паспорт яагаад саатав?

Улсын бүртгэлийн ерөнхий газарт ийм тайлбар өлгөөстэй байгаа тухай цахим ертөнцөд нэгэн зураг нийтлэгджээ. Уг зарлалд “МИАТ-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гадаад паспортын бэлдэц хугацаандаа ирээгүй” гэх тайлбарыг бичиж,  МИАТ компанийн захирлуудын холбогдох утсыг бичсэн байх юм.

Учрыг УБЕГ-ын ажилтнаас тодруулахад,

-“Гадаад паспортын бэлдэц хугацаандаа ирээгүйгээс шалтгаалан цөөнгүй иргэдийн паспорт хэвлэгдэлгүй хүлээгдэж, энэ нь асуудал үүсгээд байгаа. Иймээс бид юунаас болж паспорт хүлээгдэж байгаа талаар иргэдэд мэдээлэх үүднээс дээрх тайлбарыг иргэдтэй харилцах цонхнуудад өлгөсөн. Тавдугаар сарын 9-нд ирэх ёстой байсан паспортын бэлдэц өчигдөр орой /05.19/-ний орой л ирсэн. Бид өнөөдрөөс паспортыг хэвлэж байна. Гадаад паспорт үйлдвэрлэдэг газрын ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж, иргэдийн паспортыг шуурхай гаргаж өгөхөд анхаарал хандуулан ажиллана” гэлээ.


Харин ямар шалтгаанаар паспортын бэлдэцийг хугацаанд нь тээвэрлэж авчраагүй талаар МИАТ компанийн дэд захирал Н.Ганболдоос тодруулахад,

-“Энэ асуудалд МИАТ компани буруутай мэтээр УБЕГ-ынхан өөрсдийгөө хаацайлж, зар тараагаад байгааг гайхаж байна. Үнэндээ энэ сарын 09-нд Берлин дэх каргод паспортын бэлдэцийг өгсөн юм билээ. Ингэхдээ бэлдэцийг үнэт цаасны баримт бичиг гэж ачаанд өгөх байтал зүгээр ачаа гээд өгчихсөн байсан. Яг тэр үед айлчлал таарч, онцгой үүргийн ачааг л тээвэрлэж ирэх шаардлага гарсан. Улмаар энэхүү ачааг өөрсдөө Бээжингээр дамжуулан тээвэрлүүлэх гэж байхдаа бичиг баримтаа буруу бүрдүүлсэн, цаг агаараас шалтгаалан нислэг хоёр хоног хойшилсон. Ингээд өчигдөр /05.19/ орой бэлдэцийг авчирч, УБЕГ-ынханд хүлээлгэж өгсөн. МИАТ компаниас хариуцлага алдсан зүйл байхгүй гэдгийг дахин онцолмоор байна” гэх хариултыг өглөө.


Ямартай ч ийнхүү гадаад паспортын бэлдэц ирсэн тул өнөөдрөөс эхлэн паспортын хэвлэлт хэвийн үргэлжлэх юм байна.

Д.ЖАРГАЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж