Монгол Улсаас анх удаа 60 цэргийн эмч нараас бүрдсэн цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэг Судан улсын Эль Фашер хотоос баруун хойш Кабкабия дахь НҮБ-ын баазад байрлан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр тус улсыг удахгүй зорих нь. Цэргийн хээрийн хөдөлгөөнт хоёрдугаар шатны эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, эмчилгээний хэрэгслийн хангалт, хүчин чадал, үйл ажиллагааны бэлэн байдалтай АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Жэймс Стайнберг энэ сарын 19-ний өдөр Монголд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд танилцлаа. Тус хоёрдугаар шатны эмнэлгийн бие бүрэлдэхүүн нь хүлээн авах, мэс засал, гэмтлийн, эрчимт эмчилгээний, яаралтай тусламжийн, шүдний тасаг, эмийн сан, эмнэлгийн татан гаргалтын бүлэг, хангалт үйлчилгээний гэсэн бүтэцтэйгээр НҮБ-ын цэргийн албан хаагч, иргэний цагдаагийн албан хаагч, цэргийн ажиглагч, штабын ажилтнууд, НҮБ-ын сайн дурын ажилтнууд, түүнчлэн хариуцлагын бүсэд оршин суугаа энгийн ард иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх юм байна.Түүнчлэн яаралтай тохиолдолд автомашин болон нисдэг тэргээр татан гаргалт хийхийн зэрэгцээ 1500-2000 орчим өвчтөнд долоо хоногийн эмнэлгийн нөөцтэйгөөр бие дааж үйлчилгээ үзүүлэх, өдөрт дөрвөн хүнд мэс засал хийх хүчин чадалтайгаар ажиллах бүрэн боломжтой аж. Эмч нарын 40 хувь нь өмнө нь ажиллагаанд явж байсан туршлагатай бөгөөд Хуурай цөлийн уур амьсгалтай, хуурай болон борооны улиралтай учраас тухайн бүс нутагт амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнүүд, хумхаа, гэдэсний халдварт суулгалт өвчнүүд, сүрьеэ, менингэт ихэвчлэн зонхилдог байна. Манай улсаас өмнө нь энхийн ажиллагаануудад эмч нар багийн бүрэлдэхүүнд орон хэд гурваараа л явж үүрэг гүйцэтгэж байсан бол НҮБ-ын шинжээчид ирж бүрэлдэхүүний бэлэн байдлыг үзэж танилцаад сэтгэл хангалуун буйгаа энэ үеэр илэрхийлсэн байна.
Д.Долгор