СУДАЛГАА: Хэвлэл мэдээллийн салбар гэр бүлд ээлтэй бус салбар

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

СУДАЛГАА: Хэвлэл мэдээллийн салбар гэр бүлд ээлтэй бус салбар

СУДАЛГАА: Хэвлэл мэдээллийн салбар гэр бүлд ээлтэй бус салбар

ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Хэвлэлийн хүрээлэн Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудал, цалин хөлсний түвшин, энэ салбарт Үйлдвэрчний эвлэлийг байгуулах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг мэдэх зорилгоор судалгаа явуулжээ.

Энэ чиглэлийн судалгааг хэвлэл мэдээллийн салбарт анх удаа хийсэн болохыг онцолж байна. Судалгаагаар:

  • Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эдийн засгийн байдал (өрхийн орлого, орон сууцны байдал, өр, зээл)
  • Хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн байдал (хэвлэл мэдээллийн салбарт хувиараа бизнес эрхэлдэг эсэх,  хөдөлмөрийн гэрээний төрөл)
  • Ажил, хөдөлмөрийн нөхцөл (ажлын цаг, үргэлжлэх хугацаа, ачаалал,  цалингийн түвшин, нэмэлт урамшуулал, даатгалд хамрагдсан байдал, ажлаас халагдах нөхцөл, хууль бусаар ажлаас халагдахад ямар нэгэн хамгаалалт байдаг эсэх, хэвлэл мэдээллийн салбарт анх ажилд хэрхэн орсон байдал, туршилтын хугацаагаар ажилласан нөхцөл)
  • Ажлын байрны сэтгэл ханамж, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт
  • Сэтгүүл зүйн нөхцөл байдлын тухай ерөнхий үнэлэмж, сэтгүүл зүйн ирээдүйд итгэх итгэл,  хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтийн тухай ойлголт, байр суурь)
  • Мэргэжлийн сургалт, өөрийгөө хөгжүүлэх боломж (ажилд орох, өсөн дэвжихэд мэргэжлийн мэдлэг боловсрол хэр чухал бөгөөд хамааралтай байдал, ажлаа хийнгээ мэргэжлийн мэдлэг боловсролоо дээшлүүлж чаддаг эсэх, сургалтад хамрагдсан давтамж, нэр төрөл)
  • Мэргэжлийн мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд учирч буй саад бэрхшээл, сурч боловсрохтой холбоотой төлбөрийн асуудал (ажил олгогчоос сургалтын төлбөр төлдөг, дэмждэг эсэх)
  • Хэвлэл мэдээллийн салбарын ҮЭ, түүний үүрэг, хариуцлага, шаардлага, хэрэгцээний тухай ойлголт, төсөөлөл. ҮЭ-ийг хэн байгуулах, хэн санхүүжүүлэх  ёстой тухай ойлголт
  • Хэвлэл мэдээллийн салбарын ҮЭ байгуулагдах үйл явцад оролцох хүсэлтэй эсэх байгуулагдвал гишүүнээр элсэх эсэх,  гишүүнчлэлийн төлбөр хураамж төлөх бэлэн байгаа эсэхийг судалсан байна.

Судалгаанд Улаанбаатар хот болон 19 аймгийн 260 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 1100 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдыг хамруулжээ.

2019 оны эхний улирлын байдлаар Монголд хэвлэл мэдээллийн 430 орчим хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж, эдгээрт 4500 хүн ажиллаж байна. 2100 орчим бүтээлч ажилтнууд буюу сэтгүүлч, сурвалжлагч, редакторууд 670 удирдах албан тушаалтан байна.

Хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсдын дунд 26-35 насныхан буюу ид амьдралаа хөл дээр нь босгож буй залуучууд 60 орчим хувийг эзэлж байна. Нийт ажиллагсдын 92 хувь нь дээд, магистр ба түүнээс дээш боловсролтой байна.

Ажиллагсдынх нь дийлэнхийг залуус эзэлдэг, өндөр боловсролтой ажиллагсадтай салбар байна. Гэр бүлийн байдлын хувьд 62 хувь нь гэр бүлийн хариуцлагатай буюу гэрлэсэн, 70 хувь нь дунджаар 2 хүүхэдтэй. Судалгаанд оролцогсдын 50-иас дээш хувь нь телевизэд, 19 % нь сонин сэтгүүлд, радио фм-д 8%, мэдээллийн сайтад 14%, 2% бусад салбарт ажиллагсад байсан.

Өрхийн эдийн засаг, санхүүгийн байдал: өрхийн гишүүдийн тоо дунджаар дөрөв, ажил эрхэлдэг гишүүдийн тоо дунджаар хоёр байна. Судалгаанд оролцогсдын өрхийн дундаж орлого улсын дунджаас доогуур байна.

Гурван өрх тутмын нэг нь өрхийн орлого хүрэлцдэггүй (31%), таван өрх тутмын хоёр нь өрхийн орлогын хүрэлцээ дунд зэрэг (40%) огт хүрэлцдэггүй (4%) гэсэн бол таван өрх тутмын нэг нь өрхийн орлого хүрэлцдэг (21%)  гэжээ.

Ерөнхийдөө сэтгүүлчдийн гэр бүлийн 77% -ийн өрхийн орлого хүрэлцдэггүй аж. Ажиллагсдын 60 орчим хувь нь цалин бага, цалингаа өгдөггүй, өсөх ирээдүй муутай, хамт олон даргатай зөрчилтэй гэсэн шалтгаанаар 1-4 удаа ажлаа сольсон тогтвор суурьшил муутай ажилладаг байна.

Харин ажиллагсдын 92% нь хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг. Мөн хөдөлмөрийн дотоод журам нь хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Ажлын цагийн хувьд салбарын ажиллагсад өдөрт дунджаар 9.1 цаг 7 хоногийн 6.5 өдөрт ажилладаг. Долоо хоногийн 7 өдрийн зөвхөн хагас өдрийг нь гэр бүлтэйгээ өнгөрөөх боломжтой, хэвлэл мэдээллийн салбар гэл бүлд ээлтэй бус салбар юм байна.

Амралтаа эдэлдэг эсэх: салбарын ажиллагсдын талаас илүү хувь нь нийтээр амрах өдрүүдээр ажилласан бол нөхөн амарч чаддаггүй (62%), цалингаа нөхөн авч чаддаггүй (60%), тэр ч байтугай ээлжийн амралтаа эдэлж чаддаггүй, эдэлж үзээгүй ч ажиллагсад олон байна.

Цалин хөлсний төвшин: Энэ бүх тоо мэдээнээс харахад сэтгүүлчдийн цалин өндөр бус байх нь ойлгомжтой. ҮСХ-ноос 2019 оны 1-р улиралд ажиллагсдын сарын дундаж цалин 990 мянган төгрөг (татварын дараах)  гэж тогтоосон бол хэвлэл мэдээллийн салбарынх 664 мянган мянган төгрөг байна.

Ажиллагсдын 92% нь өндөр боловсролтой ч улсын дунджаас 30 гаруй хувь доогуур цалин авдаг юм байна. Ажиллагсдын 63% нь нэмэгдэл цалин авдаггүй. Салбарын ажиллагсдын 89% нь НД, ЭМД-ын шимтгэлээ төлдөг.

Орон нутагт гурван хүн тутмын нэг нь НД, ЭМД-ын шимтгэл төлдөггүй. Ажиллагсдын 40 орчим хувь нь хөдөлмөрийн эрх зүйн мэдлэгээр тааруу.

Туршилтаар ажилласан гурван хүн тутмын хоёр нь цалинтай ажилладаг. 30 орчим хувь нь цалингүй ажилласан. Сэтгэл ханамжийн байдлын хувьд хамт олны уур амьсгалдаа хамгийн өндөр сэтгэл ханамжтай харин цалиндаа хамгийн сэтгэл ханамж муутай байна.

Өөрийгөө хөгжүүлэх, сургалтад суух боломжийн талаар: ажиллагсдын 76 % нь сургалтанд суух хүсэлтэй. Сургалтад хамрагдахад хамгийн их тулгардаг бэрхшээл санхүүгийн бэрхшээл (49%) аж.

Үйлдвэрчний эвлэлийн талаар: ажиллагсдын 78.5% нь сонсох төдий мэдээлэлтэй. Салбарт тусгайлсан ҮЭБ хэрэгтэй гэж судалгаанд оролцогсдын 62% нь үзсэн. Байгууллага ҮЭ-Хороотой байх ёстой гэж 50-иас дээш ажилтантай томоохон байгууллагад ажиллагсад үзсэн. Гурван хүн тутмын нэг нь үйлдвэрчний эвлэл байгуулах үйл явцад оролцох хүсэлтэй. 36 хувь нь гишүүний хураамжаа төлөхөд бэлэн гэжээ.

Эх сурвалж: Монголын хэвлэлийн хүрээлэн 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж