Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2019.05.03/тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын хэвлэл мэдээллийн салбар ямар түвшинд байгаа талаарх судалгааг хүргэе. Тус судалгааг монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан юм.
2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл
СОНИН
2017 онд сонины тоо өмнөх оныхоос нэгээр цөөрч 88 болжээ. Гаралтын давтамжийн хувьд 10-14 хоног тутмын сониныг эс тооцвол бусад сонины тоо мөн буурсан. 2016 онд өдөр тутмын 11 сонин байсан бол “Улс төрийн тойм” сонин 2017 оны 4-р улирлаас давтамжаа өөрчилж, 7 хоног тутам гарах болсон. Сонины тоо буурахын хэрээр борлуулалтын тоо ч бас буурч байгаа бөгөөд энэ хандлага 2017 онд мөн хадгалагдсан байна. 2017 онд өмнөх 2016 онтой харьцуулахад сонины борлуулалтын тоо 800 мянга орчмоор буурсан.
- Өдөр тутмын-9
- 3-4 хоног тутмын-3
- 7 хоног тутмын-23
- 10-14 хоног тутмын-36
- Сар тутмын-11
СЭТГҮҮЛ
2017 онд 10 сэтгүүл гарахаа больж, 1 сэтгүүл шинээр мэндэлснээр хэвлэмэл сэтгүүлийн тоо өмнөх 2016 оныхоос цөөрч 71 болсон байна. Нийт сэтгүүлийн 34 хувийг сар тутмын, 36 хувийг улирал тутмын сэтгүүл эзэлж байна. Зах зээлд нийлүүлж буй нийт сэтгүүлийн 91 хувь буюу 1.4 сая хувь ширхэг сэтгүүлийг худалдан борлуулжээ. Сэтгүүл уншигчдын хувь хэмжээ 2016 онтой харьцуулахад буурсан бөгөөд газар зүйн хувьд авч үзвэл орон нутагтай харьцуулахад Улаанбаатар хотын иргэдийн сэтгүүлийн хэрэглээний давтамж өндөр байна.
- 7 хоног тутмын-5
- 14 хоног тутмын-3
- Сар тутмын-25
- 2 сар тутмын-6
- Улирал тутмын-27
РАДИО
2017 онд тогтвортой үйл ажиллагаа явуулсан радиогийн тоо 48 болж, өмнөх оноос 8-аар цөөрчээ. Хамрах хүрээний хувьд авч үзвэл МҮОНР-ийн 2-р суваг “Алтан сан” радио хаагдсанаар үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ түгээдэг радио 3 болон буурсан байна. Бүсийн хэмжээнд болон Улаанбаатар хотод эфирээ цацаж буй радиогийн тоонд өөрчлөлт ороогүй бол орон нутагт 7 радио хаагдаж, 17 болсон байна. Радиогийн 7 хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг Улаанбаатар хотод 150 болж өмнөх оноос 1 цагаар хасагдсан бол орон нутагт 3 цагаар нэмэгдсэн байна. 2016 онтой харьцуулахад радионууд цахим орчин болон нийгмийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан бүтээгдэхүүнээ түгээх нь нэмэгдсэн байна.
ТЕЛЕВИЗ
2017 онд тогтвортой үйл ажиллагаа явуулсан телевизийн тоо өмнөх оноос хоёроор нэмэгдэж 127 болсон. Улаанбаатар хотын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг 1 телевиз үйл ажиллагаагаа зогсоож, 2 телевиз шинээр байгуулагджээ. Үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацаж буй 16 телевизийн 7 хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг 130 болж, өмнөх 2016 оноос 4 цагаар хасагдсан байна. Түүнчлэн Улаанбаатар хотынх 121 цаг болж, 1 цагаар багассан бол орон нутагт 99 цагт 2 цагаар багасчээ. Хамгийн хүртээмжтэй телевизийг МҮОНТВ,”Монгол”, “Боловсрол суваг” тэргүүлж буй бөгөөд мэдээ, уран сайхны кино голлон үзэж байна. Телевизийн сувгийг сонгохдоо 2 хүн тутмын нэг нь санамсаргүй байдлаар сонголт хийж буй бөгөөд өдөрт дунджаар 2-3 цагийг телевиз үзэхэд зарцуулж байна.
МЭДЭЭЛЛИЙН САЙТ
2017 онд мэдээллийн 2 сайт хаагдаж, 6 сайт шинээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэснээр мэдээллийн сайтын 2016 оныхоос 4-өөр нэмэгдэж 100 болсон байна. Эдгээр 100 сайт нь “Монголын сайтын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциац”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”-д хуваагдан харьяалагддаг. 2016 онтой харьцуулахад интернэтийн хэрэглээ зөвхөн Улаанбаатар хот төдийгүй орон нутагт ч нэмэгдсэн байна. Хэрэглэгчид интернэтэд холбогдоод хамгийн түрүүнд Фэйсбүүкээ шалгадаг бөгөөд өдөрт дунджаар 2-5 цагийг интернэт ашиглахад зарцуулж байна. Нас залуужих тусам интернэтийн орчинд өнгөрөөх цаг нэмэгдэж байна.
ХАРЬЯАЛАЛ
Монгол Улсад байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн /ХМХ/ дийлэнхийг буюу 78 хувийг хувийн компани, хувь хүн эзэмшиж байна. Ялангуяа телевизийн салбарт хувийн харьяалал давуу байна. Үйл ажиллагаа явуулж байгаа 10 телевиз тутмын 9 нь хувийн эзэмшилд байна. Харин ТББ, иргэний холбоод дэргэдээ радио ажиллуулж, сонин, сэтгүүл гаргах нь түгээмэл байна.
Сонин | Сэтгүүл | Радио | Телевиз | Мэдээллийн сайт | |
Хувийн байгууллага | 72 | 63 | 78 | 91 | 92 |
ТББ, Иргэний холбоо | 11 | 25 | 10 | 6 | 6 |
Улс төрийн нам/эвсэл | 2 | 0 | 0 | 0 | 0 |
Төрийн байгууллага | 15 | 12 | 12 | 3 | 2 |
2017 оны байдлаар ХМХ-ийг олноор эзэмшиж буй байгууллагууд
Эзэмшил | Нийт тоо | ХМХ-ийн нэр | Борлуулалтын нийт тоо/ 7 хоногийн нэвтрүүлгийн цаг |
МОНЦАМЭ агентлаг | 6 | “Монголын мэдээ” сонин /хятад хэлээр/ | 273,000 ш |
“Монгол цушин” сонин /япон хэлээр/ | |||
“Mongol Messenger” сонин | |||
“Mongolia Today” сэтгүүл | |||
“Новости Монголии” сонин /орос хэлээр/ | |||
“Хүмүүн бичиг” сонин /монгол бичгийн/ | |||
Эгэл ХХК /Орон нутгийн сонины холбоо/ | 6 | “Дундговийн амьдрал” сонин | 242,000 |
“Завхан” сонин | |||
“Их Алтайн мэдээ” сонин | |||
“Монгол говь” сонин | |||
“Өвөрхангайн элч” сонин | |||
“Хэнтийн мэдээ” сонин | |||
“Монгол масс медиа” групп | 7 | “Үндэсний тойм сэтгүүл | 72,000 |
“Asian ox” телевиз | 133 цаг | ||
“Боловсрол суваг” телевиз | 133 цаг | ||
“Dreambox” телевиз | 84 цаг | ||
“Moviebox” | 160 цаг | ||
“Eagle news” телевиз | 132 цаг | ||
www.eagle.mn сайт | |||
“Монгол ньюс” групп | 6 | “Өнөөдөр” сонин | 2,252,800 ш |
“UB Post” сонин | |||
“MN25 суваг” телевиз | 126 цаг | ||
“Shop Mongolia” телевиз | 112 цаг | ||
www.unuudur.mn | |||
MMJ ХХК | 6 | “Алаг хорвоо” сонин | – |
“Болсон явдал” сонин | – | ||
“Далд амьдрал” сонин | – | ||
“Байлдан дагуулагч” сонин | – | ||
“Хоёулаа” сонин | – | ||
“Янаг хорвоо” сонин | – | ||
“Масс” агентлаг | 4 | “Их Монгол” FM радио | 168 цаг |
“Масс” телевиз | 40 цаг | ||
ETV телевиз | 133 цаг | ||
www.mass.mn сайт | |||
“Медиа” групп | 3 | NTV телевиз | 161 цаг |
“Smart” FM радио | 168 цаг | ||
www.time.mn | |||
National News Corporation | 4 | “Засгийн газрын мэдээ” сонин | 1,177,600 ш |
“Forbes Mongolia” сэтгүүл | |||
“Bloomberg TV Mongolia” телевиз | 118 цаг | ||
www.ubinfo.mn сайт | |||
“Сэрүүлэг констракшн” ХХК | 4 | “Сэрүүлэг” сонин | 163,200 ш |
“Монголчуудын амьдрал” сонин | |||
“Эрүүл амьдралын радио” FM 104.0 | 168 цаг | ||
TV8 телевиз | 168 цаг |
БОЛОВСОН ХҮЧИН
Хэвлэл мэдээллийн салбарын 434 байгууллагад 4462 хүн ажиллаж байна. Телевизийн салбарт хамгийн олон буюу 2443 хүн ажиллаж, нийт ажиллагсдын 55 орчим хувийг бүрдүүлж байна. Насны хувьд авч үзвэл нийт ажилтнуудын 40 орчим хувийг 30 хүртэлх насныхан, 33 орчим хувийг 30-40 насныхан бүрдүүлж байна. Энэ салбарын олонх нь буюу 54 хувь эмэгтэй байна. Цалингийн хувьд өмнөх 2016 оныхоос онцын өөрчлөлтгүй, шийдвэр гаргах түвшний удирдах ажилтны дундаж цалин 1 сая 800 мянга, сэтгүүлчид 780 мянга, техникийн болон туслах ажилтан 710 мянга, захиргаа, үйлчилгээний ажилтан 600 мянган төгрөгийн дундаж цалинтай байна.
Эх сурвалж: Монголын хэвлэлийн хүрээлэн
Холбоотой мэдээ