Нэг тэрбумын үнэтэй аппарат гацаанаас гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Нэг тэрбумын үнэтэй аппарат гацаанаас гарчээ

Манай улс эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Гэвч анхан шатны нэгж болох өрхийн эмнэлэг дээр энэ зорилт гацаж байна. Нийслэлийн хэмжээнд 129 өрхийн эмнэлэг бий. Эдгээрт өрхийн эмчийн хүрэлцээ тааруу, тоног төхөөрөмж муутай талаар ярьсаар дорвитой өөрчлөлтгүй олон жилийн нүүрийг үзэж байгаа юм. Наад зах нь иргэд өрхийн эмнэлэг дээрээ очиж шээсний шинжилгээ өгөх боломж байдаггүй. Заавал дүүргийн эмнэлэгт оочер дугаар болдог.

Энэ байдлыг өөрчлөхөөр нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан БНСУ-аас буцалтгүй тусламжаар нэг тэрбумын үнэтэй шээсний шинжилгээний болон бусад аппаратуудыг оруулахаар болсон. Гэвч НӨАТ-ыг төлөх газар байхгүйгээс гаалийн агуулахад жил орчим түгжигдсэн юм. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатаас тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс НӨАТ-ыг шийдэхээр болжээ. Удахгүй өрхийн 140 гаруй эмнэлгүүдэд тарааж өгөх юм байна.

Энэ аппаратыг өрхийн эмнэлгүүдэд суурилуулбал өдгөө үүсээд байгаа оочер дугаар бүрэн арилах боломжтой юм. Уг аппаратууд нь цагт 700 хүний шээсний шинжилгээний хариу гаргаж, шинжилгээний хариуг интернэт болон утсаар дамжуулан эзэнд нь хүргэнэ. Өөрөөр хэлбэл эмнэлэг дээр заавал өөрөө очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болох юм. Эхний ээлжинд өрхийн эмнэлгүүдэд тулгамддаг тоног төхөөрөмжийн асуудал багахан ч гэсэн шийдэгдэж байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж