Баримтыг шалгах чадвартай сэтгүүлчид эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Баримтыг шалгах чадвартай сэтгүүлчид эрэлттэй байна

Баримтыг шалгах чадвартай сэтгүүлчид эрэлттэй байна

Дэлхий дахины веб (www) бий болсноос хойш буюу сүүлийн 30 жилд асар олон тооны веб сайт бий болж, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй өрсөлдөж эхэлсэн. Үүний улмаас радио, телевиз, сонин, сэтгүүлүүд ч мөн онлайн платформтой болохтой зэрэгцээд маш олон сорилт сэтгүүл зүйн өмнө тулгарч байгаа билээ. Тэдгээрийн нэг нь цахим ертөнцөд өргөнөөр тархах болсон үзэн ядах үг хэллэг, хуурамч мэдээллийг яах вэ гэдэг асуудал юм. Энэ талаар Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагчдын нэг, Ройтерс агентлагийн сэтгүүлч Д.Мөнхчимэгийн байр суурийг хүргэе.


"Сүүлийн үед сошиал медиа маш эрчимтэй хөгжиж байна. Хүн бүр лайв хийж, хүссэн мэдээллээ олон нийтэд түгээх боломжтой болсон. Зарим талаар энэ нь сайн. Гэхдээ энэ их замбараагүй мэдээллийн эрин үед үзэн ядах үг хэллэг, хуурамч мэдээ зэрэг нийгмийг сөргөлдүүлэн бутлах, олон нийтийг төөрөгдүүлэх муу үр дагавартай зүйл ч их болж байна. Хүний хэлээгүйг хэлсэн болгоод гаргачихдаг, байгаагүй газар нь байсан юм шиг зураг эвлүүлээд нийгмийн мэдээллийн сүлжээнд оруулах зэрэг нь маш хялбар болсон. Энэ бүхэн сэтгүүл зүйн салбарын хувьд томоохон сорилт, нөгөө талаас харахад мэргэжлийн ур чадвараараа ялгарах боломж болж харагдаж байгаа юм.

Тухайлбал, хуурамч мэдээ элбэг болохын хэрээр мэдээллийг нягтлан шалгах арга улам бүр нарийсч, сэтгүүлчдийн ашиглаж болох хэрэгслүүд буюу Tools ч элбэг болж байна. Факт-чекэр гэдэг мэргэжил хүртэл гарч ирээд, зарим томоохон редакц зөвхөн мэдээллийг нягтлан шалгах үүрэгтэй баг, хэлтэстэй хүртэл болж эхэлсэн. Зөвхөн энэ чиглэлээр дагнан ажилладаг эрэн сурвалжлах сэтгүүл зүй, факт-чекингийн төвүүд ч олноор бий болчихсон байгаа.

Цахим орчинд мэдээллийг нягтлан шалгах (Online verification) онлайн хэрэгслүүд бий болж, улам бүр хөгжиж байна. Их сургуулиуд, хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд, технологийн компаниуд ийм хэрэгслүүдийг улам бүр хөгжүүлэх, илүү хүртээмжтэй болгох чиглэлд ажилласаар байгаа. Энэ нь нийгмийн ач холбогдолтой учраас ихэнх нь үнэгүй, нээлттэй байдаг нь сайн хэрэг. Тэр бүх арга хэрэгслүүдийг Монголын сэтгүүлчид ч ашиглаад, мэдээллийг нягталж шалгах боломж нээлттэй байгаа юм. Гэхдээ үүнд тодорхой чадвар хэрэгтэй. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвөөс факт-чекингийн чиглэлээр чадавх бэхжүүлэх томоохон төсөл эхлүүлэх бэлтгэл ажлаа хийж байгааг энэ дашрамд дуулгая.

Сэтгүүл зүйн уламжлалт аргаар баримт, мэдээллийг нягтлан шалгахын зэрэгцээ онлайн хэрэгслүүдийг ашиглаад сурчихсан судлаачид, сэтгүүлчид олон улсын хэмжээнд маш эрэлт хэрэгцээтэй байгаа нь харагддаг. Энэ нь хэвлэл мэдээллийн салбар дахь “секси” мэргэжлүүдийн нэг яах аргагүй болоод байна.

За тэгээд интернетийн хөгжлийг дагаад маш олон шинэ ажлын байр бий болж байгаа нь мөн харагддаг. Тухайлбал, паблик эдитор, сошиал медиа эдитор зэрэг албан тушаал олон улсын томоохон хэвлэлүүдэд элбэг болж байна. Манайхан маш их бодож, судалж, бөөн юм болж нэг гоё нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэчихээд тэрийг гаргахаар нь мартаад, дараагийн юмаа хийгээд эхэлдэг дээ. Тэгвэл паблик эдитор, сошиал медиа эдитор зэрэг нь тэдгээр бүтээлийг хэрэглэгчдэдээ хүргэх, тэдний сэтгэгдлийг авах, сэтгүүл зүйн бүтээл нь олон хүнд, тэр тусмаа шийдвэр гаргагчдад хүрч, тодорхой өөрчлөлт бий болгох чиглэлд нэг талаас анхаарч ажилладаг юм билээ.

Нөгөө талаас, тухайн редакцийн сайт дээр уншигчид нь ямар сэтгэгдэл бичиж байгаа, тэд реакциас юу хүсэж, хүлээж байгааг судалж, бодлого гаргаж байдаг.

Манай томоохон сайтуудын хүртэл мэдээний араас хүмүүс аймшигтай сэтгэгдлүүд бичих нь бараг л хэвийн үзэгдэл болсон. Новш, орк, тэнэг, малаас эхлээд “Наадахыгаа ал”, “Цаазаар ав!” гэх мэтийн хэн нэгнийг, эсхүл хэсэг бүлэг хүнийг гүтгэсэн, доромжилсон, дайрч давшилсан, бүр хүчирхийлэлд шууд уриалан дуудсан сэтгэгдлүүд маш их ажиглагддаг. Үүнийг үзэн ядах үг хэллэг гээд байгаа юм.

Ц.Чимэддондог багш бид хоёр Фридрих-Эбертийн сан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэгт контент анализын судалгаа өнгөрсөн жил хийж байсан. Нийт 43 сайтаас 80 орчим бүтээлд анализ хийж үзэхэд аймшигтай дүр зураг харагдаж байлаа.

Харин гаднын томоохон хэвлэлд тиймэрхүү сэтгэгдэл огт харагддаггүй. Яагаад гэхээр тэд мэдээгээ, бүтээлээ гаргачхаад манайхан шиг мартчихдаггүй. Тэр нь хүнд яаж хүрч байна, хүмүүс юу гэж байгааг ажигладаг. Үзэн ядах үг хэллэгээс урьдчилан сэргийлэх тал дээр технологийн шийдлүүдийг ашигладаг. Үнэ цэнэтэй, сайн сэтгэгдлүүдийг нүдэнд харагдахуйц байрлуулдаг, сэтгэгдэл хариуцсан хүн нь уншигчидтайгаа харилцаж, хариу өгч, амьд харилцаа бий болгодог. Энэ мэт янз бүрийн туршлага байдаг юм билээ.

Өнөөдөр хуурамч мэдээ, үзэн ядах үг хэллэг зэрэгтэй олон улс тэмцээд эхэлчихлээ. Энэ нь сэтгүүлчдэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тухайлбал, Германы хуулиар Facebook, Twitter зэрэгт репорт хийсэн тохиолдолд сошиал медиа платформууд 24 цагийн дотор хариу өгдөг байх жишээтэй. Гэтэл Монгол Улсад үүнийг огт тоохгүй байна. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвөөс Фэйсбүүк дэр үзэн ядах үг хэллэгт мониторин хийх явцдаа 137 репорт явуулахад хоёрхон хариу ирсэн. Гэтэл Германд хүн хуультай болохоор асуудлыг хялбархан шийдэж байна. Гэтэл манайхан туйлшраад бүгдээрээ одоо хуультай больё гээд хуулийн төсөл бичээд регистрийнх нь дугаараар бүртгэнэ гээд яриад эхэллээ.

Хамгийн гол нь бид Германыг дуурайж, хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэдэг шиг юм болох вий. Платформоос хариуцлага нэхэх, Facebook-с хариуцлага нэхэх, хэрэглэгчээс хариуцлага нэхэх гэдэг бол өөр асуудал. Гэтэл бид Германтай адил платформоос хариуцлага нэхээд та нар хагас жил тутамдаа тайлан гарга, та нар репорт хийсэн даруйд наадахынхаа учрыг 24 цагийн дотор ол гээд сууж байдаг. Бид Герман биш шүү дээ. Бид тэд нараас хариуцлага нэхээд л, нөгөөдүүл нь гурван сая хүнтэй монголын хуулийг дагахгүй л байхгүй юу. Энэ нь яваандаа сэтгүүлчдийг дарамталдаг болчихвий. Яагаад ингээд яараад байгаа юм вэ. Сонгууль дөхчихсөн байна. Би энэ үзэгдлийг айдастай харж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж