“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч, "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн зуурдаар амь насаа алдсан нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээнд олон янзын мэдээлэл гарсаар ирсэн билээ. Үүний нэг хувилбар нь Н.Мөнгөншагайтай холбоотой асуудал юм. Түүнийг хэрэг болсон өдөр тухайн газарт байхыг харсан гэрч байгаа. Уг гэрч нас барсан гэсэн яриа гарсан бөгөөд гэрч гэгдсэн талийгаачийн ар гэрээс энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй, тэр яригдаад байгаа өдөр Монгол Улсад байгаагүй, худал мэдээлэлд хүүг нь холбогдуулж байгаад харамсч байгаа талаар мэдэгдэж байсан удаатай. Харин энэ хэрэгт буруутгагдан нэр холбогдож, сошиалд элдвээр хэлүүлсээр ирсэн Н.Мөнгөншагай шүүхэд хандсан гэсэн мэдээллийн дагуу түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэгээс дараахь тодруулыг авлаа.
-Таныг Н.Мөнгөншагайгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэж дууллаа. Яг ямар үндэслэлээр гомдол гаргаж, та өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа вэ?
-Миний хувьд Н.Мөнгөншагайгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Н.Мөнгөншагай өөрийн нэр төрийг сэргээлгэх, худал мэдээллийг тараасан хэлбэрээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийг Э.Цэрэндолгор гэдэг хүнд холбогдуулан гаргасан байгаа.
-Ямар мэдээлэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан юм бэ?
-Иргэн Э.Цэрэндолгор нь 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдөр өөрийн “Tseren Enebish” гэсэн хаяг бүхий фэйсбүүк хуудсанд: “Чамин-Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан Цор Ганц ГЭРЧ Г. Улсболд 2019.02.25-ны өдөр 00 өрөөнд нас барсан байдалтай олдож… Тэрээр 2018.10.24-ний өдөр 10 давхарт найзынхаа гэрийн 00 өрөөнд байхад… Доод айлын нойлд хүчирхийллийн чимээ сонссоноо талийгаачийн ахад гэрчилсэн… Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм гэх эрийн дайрах чимээ, эсэргүүцэх бүсгүйн дууг сонссон… Тамхи татахаар өмнө нь гарахдаа тэрээр Мөнгөншагайг 3 өөр залуугийн хамт вискитэй 10 давхарлуу шатаар явж орохыг харснаа ярьсан… Тэр тэднийг гарцаагүй таньж бас айж байгаагаа ч хэлж байсан…” гэсэн зүйлийг нийтэлсэн байсан. Ийм огт үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд түгээснээр талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхэлд Н.Мөнгөншагай нь буруутай мэт, хүчирхийлсэн, аллага үйлдсэн, мөн цорын ганц гэрчийг үхэлд хүргэсэн мэтээр олон нийтэд ойлгуулж нэр төр, алдар хүнд, аюулгүй байдалд нь ноцтой хохирол учруулсан.
-Яагаад аюулгүй байдалд хохирол учруулж байна гэж үзэж байгаа юм бэ?
-Уг мэдээллийн доор нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 978 сэтгэгдэл бичигдсэн байгаа юм. Эдгээр сэтгэгдлүүд дотор заналхийлсэн, үзэн ядсан, хараасан сэтгэгдэл дийлэнх нь байна л даа. Өөрөөр хэлэх юм бол бусдын амь насыг хохироосон хүн зүв зүгээр яваад байгаа мэтээр ойлгоход хүргэх тийм нөхцөл байдал шууд анзаарагдаж байгаа юм. Энэ нь миний үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлөхөөр байна гэж үзэж байна. Хүмүүс огт үндэслэлгүй мэдээлэл дээр үндэслэн гэмт хэрэгтэн гэж ойлгож, тэр тусмаа бусдын амь насыг хохироосон мэтээр үзэн ядаж, хараан зүхэж, заналхийлж байна гэдэг ямар ч хүнд таатай зүйл биш. Тиймээс нэр төрөө сэргээлгэх, уг хэрэгт хамааралгүй болохоо нотлох зайлшгүй шаардлага бий болж эхэлсэн. Энэ байдал удаан үргэлжлээд байвал хүмүүсийн дунд буруу ойлголт лавширч, хувь хүний нэр хүндэд халдаж, гүтгэлэг даамжирсаар байхаар байгаа тул хууль ёсны дагуу хууль хяналтын газарт хандаж байгаа юм.
-Э.Цэрэндолгор буюу цэнхэр үст Цэрэнгийн тавьсан мэдээлэл огт үндэслэлгүй гэдгийг нотлох хангалттай баримт байгаа гэсэн үг үү?
-Энэ асуудлаар бид хангалттай нотолно. Тиймээс ч шүүхэд хандаж байгаа юм. Хэрэг болсон өдөр Н.Мөнгөншагай хаана байсан талаар, талийгаач Ч.Чамин-Эрдэнэтэй огт холбоогүй, түүнийг танихгүй талаар, мөн уг гэрч гээд байгаа хүн үнэхээр гэрч мөн эсэх талаарх нөхцөл байдлыг хангалттай баримтаар нотлох болно.
-Одоо хэргийн явц ямар шатандаа явж байгаа вэ?
-Бидний зүгээс нэхэмжлэлээ шүүхэд өгсөн. Шүүх иргэний хэрэг үүсгээд хариуцагч Э.Цэрэндолгорт нэхэмжлэлийг гардуулж өгөх гээд удаа дараа дуудаж байгаа боловч шүүхэд ирэхгүй, нэхэмжлэлийг гардаж авахаас зориуд зайлсхийгээд байна. Үнэхээр шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байна уу гэхээр өөрийн сошиал хаягаараа өөр бусад үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа харагдах юм. Тиймээс Э.Цэрэндолгор гэж хүнийг шүүхэд ирж нэхэмжлэлээ гардаж аваач гэж хүсмээр байна. Шүүхийг үл хүндэтгэж ирэхгүй байгаа нь өөрөө бас хууль зөрчиж байгаа явдал. Хэрэв шүүхэд дуудсан хугацаанд ирээгүй бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн алба гүйцэтгэж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалттай.
-Та энэ хэрэг шийдэгдсэнээр олон нийтийн эргэлзээ арилна гэж бодож байна уу. Сүүлийн үед мөнгөтэй хүмүүс, мөнгөөр бүгдийг шийдэж байна гэсэн хар сэр ч их байх болсон…
-Мэдээж, мөнгө өгөөд шийдвэр гаргуулж байна гэдэг ч юм уу, шүүхэд нөлөөлсөн ч гэх юм уу, мөнгөтэй хүн бүхнийг талдаа шийдвэрлүүлж чадна ч гэх юм уу олон зүйл ярьж хэлэгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулж өгөөсэй гэсэн хүсэлтэй байгаа. Шүүх зохих зөвшөөрөл өгөх юм бол бидний зүгээс татгалзах зүйл огт байхгүй. Энэ бол ганц Н.Мөнгөншагай гэдэг залуугийн хэрэг биш цаашдаа огт мэдэхгүй хүнийг огт хийгээгүй хэргээр нь ямар ч баримт нотолгоогүй дуртай нэг нь буруутгаж, үүнийг нь дагаж нийтээрээ тухайн хүнийг буруутгаж, үзэн яддаг энэ буруу байдлыг өөрчлөх том жишиг болох учраас энэ хэрэгт ач холбогдол өгч байгаа. Үнэндээ цахим сүлжээгээр хэн нэгнийг дуртайгаараа яллаж байна. Гэтэл уг цахим сүлжээнд байгаа мэдээлэл бодит байдалтай үнэхээр нийцэж байна уу, үгүй юу гэдгийг хэн ч анхаардаггүй. Шууд л уг мэдээллийг бодитой мэтээр хүлээн авч байна. Ингэснээр хүний нэр төр, алдар хүндэд шууд хохирол учруулж байна. Иймээс шүүх хуралдааныг нээлттэй явуулж, олон нийтэд ил тод байлгаснаар тодорхой ашиг сонирхол, санаархал бүхий этгээдүүд сошиал орчныг ашиглан олон нийтийг хэрхэн төөрөгдүүлж, бусдыг гүтгэн, гутааж, доромжилж байдаг тухай асуудлыг ойлгуулах нэг том алхам болох юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд зөвхөн өөрийнхөө нэр төрийг сэргээх бус ийм байдлаар нэр төр алдар хүндээрээ, ирээдүйн амьдралаараа хохирч болзошгүй олон залуусын өмнөөс хуулийн дагуу эрхээ хамгаалах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Э.ТҮВШИН