Тамлал яргалал өргөст торны цаана өрнөдөггүйг хойд эцгийнхээ гарт 72 цаг тамлуулсан дөрөв, зургаан настай хоёр хүүгийн амьдрал харуулсан ч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүлээ гэж орилж суусан “эх орончид” таг чиг.
Дорноговь, Хөвсгөл, Сэлэнгэ аймгаас бага насны охид алга болж, хуулийнхан тэднийг хоёр жилийн турш хайж буй ч сэжүүр гаргаж чадаагүй л байна. Гэтэл охид хаашаа юм ч алга болсоор. Хамгийн сүүлд аймшигтай мэдээ цацагдсан нь сураггүй болсон охидын нэгийг хүчирхийлж, ууланд булсан байж болзошгүй тухай юм. Ташаа л байгаасай.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд өглөө бүр өмнөх өдрийн гэмт хэргийн мэдээ очдог тул албан тушаалын томилгооноос илүүтэй нийгмийг айдас хүйдэст автуулж буй эл хэргүүдэд анхаарал хандуулж, шийдэл олох шаардлага үүссэнийг ухаарсан байлгүй. Олон нийт ч шаардаж эхэллээ. Гэхдээ шийдэл нь цаазын ялыг сэргээхэд бүү чиглээсэй. Ялыг нь хүндрүүлж, бүх насаар нь хорьж, шийтгэлийг хүлээлгэдэг байхаар зүйчилж өгөх. Өөрөөр хэлбэл, өвчилсөн нийгмээ эрүүлжүүлж, Монгол хүн байхын үнэ цэнийг хүүхэд наснаас нь ойлгуулж, яргалалгүй нийгэмд амьдрах өрх гэр, ахуй орчин, төлөвшлийг бий болгох нь төрийн бодлого болохоос хүчирхийллийг хүчирхийллээр дарахыг оролддог төр байж болохгүй.
Бага насны хүүхдийг хүчирхийлсэн араатнаас дор авиртнууд, гэр бүлээ хүчирхийлж, хүүхдээ эрэмдэг зэрэмдэг болгосон, амийг нь егүүтгэсэн хүмүүсийг өмөөрөх гэсэнгүй. Хэрэг үйлдсэн хэн ч хийсэн хэрэгтээ тохирсон ял зэмийг эдлэх ёстой. Тэр тусмаа ийм хэрэг үйлдсэн этгээдэд бүх насаар нь гэм зэмийг үүрүүлж гэмээнэ цаазаас илүү шийтгэл болон бууж, бусдад ч мөн сургамж болно.
Нэг үгээр хэлбэл, нийгмээ эрүүлжүүлж, хүнээ хүн шиг амьдрах орчин нөхцлийг бий болгоогүй цагт хүчирхийлэл буурахгүй үйлдэгдсээр л байх болно. Энийг дэлхий дахин туулсан замналаараа харуулсан юм.
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Гурван сая иргэний 907.5 мянган иргэн сард 146 мянган төгрөгөөр амьжиргаагаар залгуулахаар зүтгэж байгаа нь баян, хоосны ялгарал бий болж буйг харуулах бодитой жишээ болов уу.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 340 мянган төгрөгт хүргэж, иргэдийн сарын орлого 1 сая төгрөг давсан тухай мэдээлэл сар бүр гардаг ч энэ нь зөвхөн төрийн албанд ажиллагсдад л хамаарч байна. Төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийн салбарынхан хүмүүсийнхээ цалинг нэмэх чадавхи алга. Одоогийнхоо нөхцлийг дордуулчихгүй, хүмүүсээ ажилтай байлгаж, цаг хугацаанаас нь хождуулалгүй цалинг нь тавих нь чухал болж, зүтгэцгээж байна.
Харин төрд ажилладаг албан тушаалтнууд, УИХ, Засгийн газрын гишүүдийн амьдрал нь сайжирч хөрөнгө орлого нь хэд дахин үржигдэн тэрбумын үнэтэй хаусанд амьдарч, хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй төмөр хүлэг хөлөглөн, хадгаламжаа нэмэгдүүлж чадсаныг өнгөрсөн сард Авлигатай тэмцэх газраас гаргасан албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлэг харуулсан. Ийм амьдралтай хүмүүст бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлөхгүй. Харин дунджаас доогуур амьдралтай, тэр тусмаа 146 мянган төгрөгөөр амьдралаа залгуулах гэж зүтгэж, яваа, ямар ч орлогогүй өрхүүдэд энэ бол гамшиг.
Улаанбаатар хотод өнөөдөр нэг кг мах 14 мянган төгрөгт хүрсэн. Нөөцийн мах 7500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Орлого багатай өрх 146 мянган төгрөгийнхөө хэдээр нь мах авч, хэдээр нь гурил, будаа, түлээ нүүрсээ авч, амьдралаа залгуулах вэ. Албан тушаалтны ганц удаа зоогийн газарт хооллодог мөнгөөр тэд сарын турш дөрвөөс таван ам бүлийг тэжээх гээд зүтгэж явна. Ийм л амьдралыг үе, үеийн эрх баригчид бүтээж…
Гэтэл өмнөд хөрш өнгөрсөн таван жилийн хугацаанд 68 сая иргэнийг ядуурлаас нь ангижруулж, дундаж давхаргад шилжүүлэн, ирэх таван жилд мөн тооны иргэнийг чинээлэг амьдралтай болгох зорилго тавьж, ажлаа эхлүүлж байна. Харин Монголд нэг сая иргэнийг ядуурлаас гаргах гэж хэчнээн жилийн ажил болов.
Ажилгүй, орлогогүй залуус өрх гэрээ тэжээж чадахгүй болсондоо гутарч хорзоор гутралаа тайлсаар эцэстээ архинд живж, амьдралаа сүйтгэж байна. Архинд донтсон хүний авир ямар байдгийг хүчирхийлэлд өртөж буй гэр бүлийн зүрх зүсэм кейсүүдээс уншиж болно. Хүчирхийллийн улмаас хүүхдүүд амиа алдаж, эрэмдэг зэрэмдэг болж, хүчирхийлэгч нь шоронд бүх насаа өнгөрөөх болж байна.
Ийм нийгмийг бүтээхгүйн тулд хүнээрээ хүн хийж, хүн шиг амьдрах боломжийг олгох болохоос цаазын ялыг сэргээснээр хүчирхийллийг зогсооно гэвэл том алдаанд хүргэнэ. Хүүхдээ хүн болгоход эцэг, эхчүүдийн үүрэг, ухамсар, оролцоо ч бас чухал.
Холбоотой мэдээ