Монгол Улс 2006 онд Авлигын эсрэг хуулиа баталж, 2007 онд Авлигатай тэмцэх газрыг байгуулсан. Тус газрын даргыг улс төрөөс ангид байлгах зорилгоор УИХ-аас зургаан жилийн хугацаатайгаар томилдог байхаар хуульд тусгасан юм. Гэвч АТГ байгуулагдсанаас хойших 12 жилийн хугацаанд таван дарга солигджээ. Өөрөөр хэлбэл, хугацаат албаа хуулийн дагуу дуусгасан дарга байхгүй, улс төрийн ашиг сонирхлоор тэд ажлаа өгдөг гэсэн үг.
АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн 2007 оны аравдугаар сарын 25-нд Австралийн Сидней хотод учир битүүлгээр амиа алдсан. Талийгаачийг эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан гэж хуулийнхан тайлбарладаг ч түүний үхлийн шалтгаан өнөөг хүртэл бүрхэг хэвээр. Б.Дангаасүрэн агсны үхлийн шалтгааны талаар түүний төрсөн дүү Б.Дансалын яриа одоо ч олны анхаарлыг татдаг.
"Талийгаачийн цогцос эх орондоо ирэхдээ нүдгүй буюу нүднийх нь алимны оронд шар бөөрөнхий хуванцар наасан, олон хавирга нь хугарсан, Австралийн шүүхийн шинжилгээний хариу Монголынхтой зөрсөн зэрэг олон эргэлзээтэй баримтууд байсаар байтал прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон" тухай тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
НАМТАР: Тэрээр 1951 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1975 онд ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Дээд шүүхэд ахлах зааварлагч, Нийслэлийн шүүхэд орлогч дарга, Дээд шүүхийн гишүүн, хэлтсийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, Шүүхийн сахилгын хорооны ажлын албанд хянан шалгагч, Дээд шүүхийн судалгааны төвийн захирал зэрэг албыг хашиж байгаад АТГ-ын даргаар томилогдсон юм.
Дараачийн дарга нь Ч.Сангарагчаа. Тэрбээр 2007 оноос 2011 он хүртэл даргын албыг хашсан боловч түүнийг Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед УИХ-ын гишүүдийн өрөөнд тагнах, чагнах төхөөрөмж тавьсан гэх хэрэгт “орооцолдсоноор” ийнхүү ажилгүй болж байсан юм.
Түүнд анхан шатны шүүхээс 2.4 жилийн ял оноосон. Шүүхэд давж заалдсан ч Дээд шүүх түүний ялын хэмжээг хэвээр үлдээсэн юм. Тэрбээр яллагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 2017 онд АТГ-аас 36 сарын цалин буюу нийт 43 сая гаруй төгрөгийн тэтгэмжийг авсан ажээ.
НАМТАР: Тэрбээр 1951 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. 1974 онд ОХУ-ын Ростов хотын ДЯЯ-ны сургууль, 1990 онд ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академийг эрх зvйч, удирдлагын менежер мэргэжлээр төгсчээ. Цагдаагийн төлөөлөгчөөс Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Эрvvгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, ЦЕГ-ын 803 дугаар ангийн захирагч бөгөөд Цагдан хорих төвийн дарга, Цагдаагийн академид гүйцэтгэх ажлын тэнхмийн эрхлэгч, ЭЦГ-ын дэд дарга бөгөөд Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, ЭЦГ-ын дэд дарга бөгөөд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
АТГ-ын гурав дах дарга нь буурал комиссар Н.Ганболд. Тэрбээр Монголын түүхэнд хамгийн удаан АТГ-ын даргаар ажилласан хүн. Үүрэгт хугацаа нь дуусахаас нэг жилийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. “Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан. Ямар нэгэн тохироо байхгүй” гэж тэрбээр тайлбарласан байдаг.
НАМТАР: Н.Ганболд 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгсөж хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшин, тус сургуульд мөн магистрын зэрэг хамгаалжээ. Улаанбаатар төмөр замын илчит тэрэгний депод засварчин, бригадын дарга, мастер, Төмөр замын цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, НАХЯ-ны Төмөр зам дахь хэлтсийн орлогч дарга, Цагдан сэргийлэх ангийн дарга, Эрдэнэт хот дахь Цагдаагийн хэлтсийн дарга, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга бөгөөд Улаанбаатар Цагдаагийн хүрээний дарга, ТЕГ-ын дарга, Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.
АТГ-ын дөрөв дэх даргаар Х.Энхжаргал томилогдсон. Тэрбээр 2016 оны долдугаар томилогдсон бөгөөд түүний үүрэгт хугацаа дууссан учир үүрэгт ажлаас нь өчигдөр /2019.05.02/ УИХ-ын чуулганы хуралдаанаар чөлөөлсөн.
НАМТАР: 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Хууль эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.
1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын дарга, 2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар тус тус ажиллаж байсан.
АТГ-ын тав дахь буюу шинэ даргаар З.Дашдаваа томилогдоод байна. З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой.
НАМТАР: Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ