Хаврын сүүл сар гарч, сүүлчийн хонхны жингэнэх чимээн дуу өдөр өдрөөр ойртсоор л… Дөнгөж арван жилийн сургуулиа төгсөх сурагчид, дөрвөн жил их сургуульд сурсан оюутнууд амьдрал гэх их далайд хөл тавихаар “сүүлчийн хичээлийн өдөр”-ийг инээд хөөр, баяр баяслаар дүүрэн сэтгэл догдлон хүлээж буй.
Гэхдээ эрдэм мэдлэг эзэмшсэнээ тэмдэглэх зорилготой энэхүү баяр асар их зардал, чамирхал, хавтгайрсан архидалт болж өнгөрдөг жишиг бараг тогтсон гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл, бага, дунд анги төгсөж байгаа хүүхдүүд хүртэл хонхны баяр тэмдэглэх нэрээр эцэг, эхээ хөөрхөн торгоод авдаг.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийг 6668 сурагч, 20 гаруй мянган оюутан их дээд сургуулийг төгсөнө. Тэгэхээр 26 мянга гаруй хүүхэд, залуус хонхны баяр тэмдэглэх нь. Тухайлбал, нэгдүгээр ангийн үсэглэлийн баяр 60 мянган төгрөг, зарим сургууль төгсөлтийн баяртаа 100 мянга хол давсан мөнгө зарцуулж байгаа гэх албан бус мэдээлэл ч бий.
Эдийн засгийн хямралтай энэ үед иргэд хамгийн ихээр хямарч, тэдний гар дээрх мөнгө улам багасаж байгаа. Гэтэл хонхны баярт зарцуулах мөнгө нь улам л нэмэгдсээр. Боломжтой айлд бол хүүхдийнхээ хонхны баярыг тэмдэглэхэд гаргах мөнгө асуудал биш. Харин цалингаас цалингийн хооронд амьдардаг хүн амын дийлэнх олонх жирийн иргэдийн хувьд хонхны баяр эдийн засгийн дарамт, амаргүй даваа. Гэсэн ч аав, ээжүүд зээл авч, наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад баяраар хэрэглэх мөнгийг нь гаргах нь гарцаагүй.
Уг нь БСШУСЯ-аас хонхны баярыг цэгцлэхийн тулд “Эрдмийн баяр” болгох тушаал гаргаад багагүй хугацаа өнгөрсөн ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Ё.Баатарбилэг сайд хэдхэн хоногийн өмнө дээрх тушаалыг гаргасан бөгөөд зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл мөрдөгдөх юм.
Тушаалд зааснаар “Эрдмийн баяр” тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хатуу хориглосон. Гэвч хориглох тусам хорхойсдог гэгчээр хонхны баярын үйл ажиллагаа харин ч нууц хэлбэрт шилжсэн гэдгийг хүн бүхэн мэднэ.
Сайдын тушаал гарсан ч жил бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хонхны баяраараа аялал зугаалгад явцгаадаг. Тэгвэл энэхүү тушаалын хэрэгжилтэд хэн хяналт тавих ёстой гэдэг асуудал урган гарна. Ямартай ч, ерөнхий боловсролын сурагчид, их сургуулийн оюутнууд сайдын тушаалыг зөрчиж хонхны баярыг нууцаар үргэлжлүүлэх нь ойлгомжтой. Энэ жилийн төгсөгчид “Сайд тушаасан” гээд төгсөлтийн баяраа тэмдэглэхгүй гэж би л хувьдаа итгэхгүй байна. Аль эртнээс хонхны баярын төсвөө бүрдүүлж, өмсөж зүүх гоёлоо бэлдчихсэн болохоор шийдвэрийн биелэлт зуун хувь байх нь юу л бол.Үүнээс гадна хүний баяр хөөрийг хэмжих хэмжүүр гэж байхгүй ч, үүнийг өөр аргаар зохицуулахгүй бол горьгүй нь. Үгүй тэгээд Хонхны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хууль батлалтай нь биш дээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ