"Тавдугаар сард цаг агаар тогтворгүй байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

"Тавдугаар сард цаг агаар тогтворгүй байна"

"Тавдугаар сард цаг агаар тогтворгүй байна"

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ихэнх нутгаар 20 хэм хүртэл дулаан байлаа. Говийн аймгийн нутгаар буюу Өмнөговь аймгийн Мандал говьд энэ сарын 1-ны өдрийн байдлаар нэмэх 30 хүртэл халжээ. Өнөөдрөөс эхлэн агаарын температур ихэнх нутгаар 5-6 хэмийн хүйтэн, салхи 15-16 м/с хүртэл ширүүсч нойтон цас орох бол зарим газраар бороотой гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлын талаар Цаг уурч Х.Ахмед-Алигаас тодрууллаа.


-Өнөөдрөөс ихэнх нутгаар сэрүүсч байна. Энэ сард цаг агаар ямар байх  төлөв ажиглагдаж байна вэ?

-Өнөөдрөөс нутгийн хойд  хэсгээр цаг агаар муудаж, нойтон цас орно.  Маргаашаас зүүн аймгуудын нутгаар бороотой. Ерөнхийдөө энэ сарын 5-н хүртэл ихэнх нутгаар хүйтэрч, салхи 14-16м/с хүртэл ширүүснэ. Тавдугаар сард  агаарын температур нутгийн зүүн өмнөд тал буюу говийн ихэнх нутаг, зүүн аймгуудаар олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх юм. Сарын хоёрдугаар 10 хоногийн дундуур нутгийн зүүн хагас, зарим газраар бороотой, уулархаг нутгуудаар нойтон цастай.  Ерөнхийдөө энэ сард цаг агаар тогтворгүй, сэрүүн байна. Нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаахан, хур тунадас багатай байх юм.

-Газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад бороо хэр их орох төлөвтэй байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр газар тариалангийн бүс болон төвийн нутгаар хур тунадас их орно. Олон жилийн дунджаас илүү байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, Архангайн хойд хэсэг, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаар 21-31 мм хур тунадас /бороо/ ордог бол үүнээс илүү байх төлөвтэй юм. Харин бусад нутгаар 3-21 мм хүртэл тунадас ордог. Хур тунадас говийн өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутгаар болон бусад газраар  олон жилийн дундаж орчим байна.

-Нийт нутгаар хуурайшилттай, гал түймрийн аюултай төвшинд хүрснийг Онцгой байдлын ажилтнууд сэрэмжлүүлж байгаа. Дөрөвдүгээр сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо орсон ч газарт чийг өгч, хуурайшилтыг дарж чадсан болов уу?

Дөрөвдүгээр сард Зүүн аймгуудаар хур тунадас барагтай л ороогүй. Тэгэхээр хуурайшилтын зэрэг өндөр, гал түймрийн аюул гарах эрсдэлтэй хэвээрээ байгаа гэсэн үг. Харин бусад нутгуудаар буюу Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн зүүн хэсэг, говийн нутгуудаар ахиу цас, бороо орсон нь хуурайшилтыг дарж, газрыг чийглэсэн байх.

-Тавдугаар сарын төлөв байдлаас ажиглахад зургадугаар сарын ерөнхий төлөвийн зураг гарсан уу. Ирэх сард хур тунадас ямар байх бол?

– Зургадугаар сард  олон жилийн дунджаар төвийн нутгийн хойд тал, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас 49-70 мм хүртэл ордог байгаа. Баруун болон говийн аймгуудын нутгаар 8.3 мм бол бусад нутгаар 29-49 мм хүртэл хур тунадас ордог. Энэхүү дунджаас ирэх зургадугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу хур тунадастай. Бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
72
ЗөвЗөв
45
ГайхмаарГайхмаар
26
ХахаХаха
16
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж