Муйхар байдлаас болж, дөрвөн хүүхэд өнчирлөө

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Муйхар байдлаас болж, дөрвөн хүүхэд өнчирлөө

Муйхар байдлаас болж, дөрвөн хүүхэд өнчирлөө

Амьтны түүхий эд, эрхтэн хэрэглэж болохгүй гэж мэргэжилтнүүд сануулсаар байхад л тарваганы бөөр, ходоод залгиснаас болж эхнэр, нөхөр хоёр гурав хоногийн зайтай нас барж, дөрвөн хүүхдээ өнчрүүлсэн хэрэг гарлаа.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд дөрөвдүгээр сарын 27-нд 38 настай Т амиа алдаж, эхнэр болох 37 настай Б нь түүнээс гурав хоногийн дараа нас барж, 2-13 насны дөрвөн хүүхэд өнчирч хоцров.

ТАРВАГАН ТАХАЛ НЬ ГЭР БҮЛ, СУМ, АЙМАГ, УЛСЫН ИРГЭДИЙГ ҮХЭЛД ХҮРГЭХ ЭРСДЭЛТЭЙ

ЗӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Н.Цогбадрах

Уг нөхцөл байдалтай холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал, анагаах ухааны доктор Н.Цогбадрахаас ямар арга хэмжээ авч буйг тодрууллаа.


-Тарваган тахал гарсантай холбоотойгоор ямар арга хэмжээ авч байна вэ?

-Тарвага агнахыг хориглосон байхад иргэн Т тарвага агнан бөөр, хүн махыг нь эхнэртээ залгиулаад, өөрөө ходоодыг нь түүхийгээр нь залгиснаас болж тарваган тахлаар өвчилж нас барж, дөрвөн хүүхэд өнчирсөн эмгэнэлтэй хэрэг гарлаа. Лабораторийн шинжилгээний хариу гарсан.

Нас барсан хоёр хүн хоёул тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогдлоо. Баян-Өлгий аймагт одоогоор тарваган тахлын нэгдүгээр хавьтал болсон 158 хүн бий. Бүгдийг нь урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулсан.

Мөн тархвар судлалын судалгаагаар бусад хавьтагчдыг нарийн судалж, голомтыг цомхотгож, эмнэлгийн орчныг ариутгаж, халдваргүйжүүлэх, оршуулгын асуудлыг зохион байгуулах зэргээр нэмж хүн өвчлүүлэхгүй байх бүх арга хэмжээг авч, Баян-Өлгийн аймгийн Онцгой комиссыг арга зүйгээр ханган ажиллаж байна. Одоогоор нэгдүгээр хавьтлын хүмүүсээс өвчлөл илрээгүй. Хөл хорио тогтоосон байгаа. Хамгийн гол нь тарваганы түүхий эд эрхтэн залгиснаа нас барах хүртлээ нуусан тул шалтгааныг олох гэж эрүүл мэндийн байгууллага, онцгой комиссынхон зургаа хоног ажилласан.

Хэрэв үнэнийг эрт хэлсэн бол хоёр иргэн нас барахгүй байх байсан. Энэ талаар хэлээгүй тул эмч өвчтөн дээр халдвараас хамгаалах хувцасгүй шууд орж, нэгдүгээр хавьтагч болсон байгаа юм. Тарваган тахал нь маш аюултай байгалийн голомтот халдварт өвчин тул тухайн хүнээс гадна, гэр бүл, сум, аймаг, улсын иргэдийг халдварлуулж, өвчлүүлж, үхэлд хүргэх эрсдэлтэй.

Тиймээс иргэд нэгдүгээрт, амьтны эд эрхтнийг түүхийгээр нь залгилгүй өөрийн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна. Тарваганы, ямар нэгэн амьтны эд эрхтнийг түүхийгээр нь залгивал эрүүл мэндэд сайн гэдэг буруу бодлоос салах хэрэгтэй. Хоёрт, хуулиа биелүүлж, тарвага агнахгүй баймаар байна. Үүнийг зогсоохгүй бол бид өвчлөх, амь насаа алдах эрсдэл өндөр байна. Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаарх мэдээллийг иргэдэд хүргэх хэрэгтэй байна. Тарваган тахлын голомтот газруудад таних тэмдэг байрлуулах хэрэгтэй байна.

-Тарваганы түүхий эд эрхтэн хэрэглэснээс тахлаар өвчлөхөөс гадна өөр ямар тохиолдолд тахал үүсэх вэ?

-Хаврын тамирдсан тарвагыг нохой барьж, гэрийн ойролцоо хаяснаас, тухайн махыг шувуу идэж, энд тэнд гулгиснаас тахал үүсэх зэрэг олон зам байж болно. Гэхдээ ухаант хүний хувьд энэ бүхэнд болгоомжтой хандаж урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

-Урьдчилан сэргийлэх аргын нэг нь вакцин. Вакцин хангалттай байж чадаж байна уу. Сайн дураар вакцин хийлгэх хүн хаана хандах вэ?

-Жилд 30 мянга гаруй вакцин захиалж, 21 аймаг, гурван хотод тарааж байгаа. Эрсдэлтэй бүс нутгийн голомтод ажилладаг аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, цагдаа, онцгой байдал, нутгийн иргэдэд урьдчилан сэргийлэх вакциныг хийж байгаа. Мөн малчид, ан агнуур хийж болзошгүй хүмүүст хийдэг. Бас тухайн бүсэд амралт, аялал зугаалгаар явж байгаа хүнд вакциныг хийж байгаа. Түүнчлэн иргэд сайн дураараа вакцин хийлгэх боломжтой. Улаанбаатар хотын иргэд дүүргийн эмнэлэг, аймгийн иргэд аймгийн эрүүл мэндийн төвүүдэд очиж вакцин хийлгэж болно.

-Баян-Өлгий аймгаас тавдугаар сарын 1-ний нислэгээр ирсэн иргэдийг тусгаарласан. Энэ хүрээнд яг ямар үзлэг хийсэн бэ?

-Онгоцонд хатуу хууль хүрээний дэглэмтэй бүс нутгаас 11 хүн сууж ирсэн. Онгоцоор ирсэн 11 зорчигч болон онгоцны хоёр үйлчлэгчээс тархвар судлалын холбогдлыг тогтоох, арчидас авах, шинжилгээний үр дүнг харахаар ХӨСҮТ-д (Халдварт өвчин судлалын үндэсний төв) саатуулаад, өнөөдөр /2019.5.2/ 09.30 цагт хэвийн дэглэмд оруулсан.

-Иргэдийн дунд бас нэгэн буруу ойлголт яваад байна. Амьтны түүхий эд эрхтнийг хөлдөөгөөд хэрэглэхээр нян нь үхдэг гэж. Үүнд та анагаах ухааны доктор хүний хувьд гаргалгаатай тайлбар өгөхгүй юу?

-Тийм зүйл огт байхгүй. Тарваган тахлын нян нь хүйтэн, халуунд маш тэсвэртэй. Хөлдөөлөө гээд нян үхэхгүй. Ер нь түүхий эд эрхтэн эрүүл мэндэд сайн байх ямар ч боломжгүй. Хэрэв түүхий эд эрхтэн хэрэглээд эрүүл болчихдог юм бол анагаах ухаан байхын хэрэг байна уу.

ТАРВАГАН ТАХАЛ АЛЬ Ч УЛИРАЛД ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

-Зуны улиралд иргэд хөдөөг зорьдог. Тахлын голомттой газар хаагуур байдаг вэ?

-Тахлын голомт Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор зэрэг аймгуудад бий. Эдгээр дундаас хамгийн өндөр эрсдэлтэй байгаа нь Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Увс аймаг. Мөн өнгөрсөн жил хийсэн тандалт судалгаагаар Дорноговь аймгийн Замын-Үүдэд тарваган тахлын голомт байгаа нь илэрсэн. Тэнд гэрийн хулгана, харх, зурмаас тарваган тахлын нян илрүүлсэн. Тиймээс тэнд тарваган тахал гарах эрсдэлтэй байгаа.

Нөгөө талаас иргэд тарваган тахлыг зун, намар гардаг гэж ойлгодог. Одоо тарваган тахалд улирал нөлөөлөхгүй болсон. Гэрийн хулганад тарваган тахлын нян илэрсэн, гэтэл гэрийн хулгана ичээнд орохгүй. Тиймээс жилийн дөрвөн улирлын алинд ч тарваган тахал гарах эрсдэлтэй болоод байгаа. Мөн иргэд эд, эрхтнийг нь хөлдөөгөөд хэрэглэж байгаа тул өвөл ч тарваган тахал үүсэх өндөр эрсдэлтэй байна.

300 МЯНГААС ДЭЭШ ТӨГРӨГӨӨР ТОРГОХООС ГАДНА ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭНЭ

НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ

Тарвагыг хууль бусаар агнасан тохиолдолд хуулийн дагуу ямар хариуцлага хүлээдэг болон, хууль бус ан гаргахгүй байх тал дээр хэрхэн ажиллаж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнээс тодрууллаа.


-Тарвага агнасан, арьс, эд эрхтнийг нь худалдан авсан тохиолдолд хуулийн дагуу ямар хариуцлага хүлээх вэ?

-Тарвагатай холбоотой асуудлыг Амьтны тухай хуулиар зохицуулдаг. Амьтны тухай хуулийн есдүгээр зүйлд тарвага агнах хугацааг зохицуулсан байдаг. Хуульд зааснаар наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 15-нд зөвшөөрөл авсны дүнд тарвага агнаж болдог байсан. Гэтэл улсын хэмжээнд тарваганы ан хэт их болсноос үүдэн тарвага ховордсон. Зарим газар тарвагагүй болсон. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2005 онд тарвага агнахыг хориглосон шийдвэр гарч, тарвага агнаж болохгүй болсон. Сайдын тушаалын дагуу 2020 он хүртэл тарвага агнахыг хориглосон байгаа.

Тарвага агнаж, тарваганы мах, арьсыг худалдаж байгаа тохиолдолд асуудлыг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж байна.

-Яг ямар шийтгэл ногдуулж байгааг тодорхой дурдахгүй юу?

-Зөрчлийн тухай хуульд Амьтны тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хэрэгжүүлэх хэсэг гэж бий. Уг хуулиар тарвага агнасан, эд, эртхэнийг нь худалдаж авсан иргэнийг 300 мянган төгрөгөөр торгож, амьтны аймагт учруулсан хохирлыг нөхөн төлбөрөөр барагдуулдаг. Үүнд алтайн тарвагыг нэг толгой тутамд 180-210 мянган төгрөг, монгол тарвагыг 170-200 мянган төгрөгөөр үнэлдэг. Энэ нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлбөрийг тооцно. Мөн тарвагыг тусгай хамгаалалттай газраас агнасан тохиолдолд Эрүүгийн хуулиар зохицуулдаг.

-Хууль бус ан гаргахгүй байх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Мэргэжлийн хяналтын газрын даргын удирдамж жил бүр гардаг. Тухайн удирдамжийн дагуу улс даяар шалгалт хийдэг. Сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргаж тараадаг. Шалган нэвтрүүлэх товчоод дээр байцаагчид 24 цагаар шалгалт хийж байгаа.

-Улаанбаатарт орж ирж байгаа автомашин бүрийг шалгах боломжгүй. Тэгэхээр яаж илрүүлж байна вэ?

-Орон нутгийн дугаартай, ачаа бүхий тээврийн хэрэгсэл зэрэг үзүүлэлтийг харгалзан байцаагч ур чадвараараа шалгаж, илрүүлдэг.

-Жилд тарваганы антай холбоотой хэдэн зөрчил илэрч байна вэ?

-Өнгөрсөн жил хийсэн шалгалтаар 150 орчим тарваганы тулам Улаанбаатар хотод оруулахыг завдсаныг таслан зогсоосон. Эдгээр зөрчилд 15 сая төгрөгийн торгууль, 15-16 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, зармыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн дээрх зөрчилд 50 орчим иргэн холбогдсон.

-Интернэтэд ангийн эрхтэн худалдаалах талаар зар маш их байдаг. Үүнд шалгалт хийдэг үү?

-Интернэтэд байгаа зар дээр ажиллахад цагдаагийн байгууллагын мөрдөлт хэрэг болдог. Хууль бус агнуурыг зогсоохын тулд холбогдох төрийн байгууллагууд хамтран ажилладаг. Ийм хэргийг цагдаагийн байгууллага илрүүлж, манайх руу шилжүүлсэн тохиолдол бий. Тухайн хэрэг эрүүгийн шинжтэй бол цагдаад, зөрчилтэй  байвал манайд шилжүүлдэг.

-Хууль бус агнуурыг зогсоох нэг арга нь энэ талаарх мэдээлэл ирүүлсэн иргэнийг урамшуулах байж болох юм. Энэ урамшууллыг хэрхэн олгодог вэ?

-Өгсөн мэдээлэл нь батлагдвал ногдуулсан торгуулийн 15 хувийг урамшуулал болгон олгох журам байдаг. Мэдээлэл өгсөн хэрэгт улсын байцаагч ямар хэмжээний торгууль ногдуулсныг үндэслэн иргэн орон нутгийн (дүүрэг, аймаг, сумын) Засаг даргад хүсэлт гаргаснаар олгох юм. Урамшууллын журмыг боловсронгуй болгохоор Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны яамны ажилчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.

АМЬТНЫ ТҮҮХИЙ ЭД ЭРХТЭН ЗАЛГИВАЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛ

  • Дэлхий дээр хүнд халдварладаг 1600 гаруй ѳвчин үүсгэгч бүртгэгдсэн. Үүний 60 гаруй хувь нь амьтнаас халдварладаг байна. Японы эрдэмтэдтэй хамтарсан судалгаагаар 2014 онд монгол тарвага, хулгана зэрэг зүйлээс анх удаа гепатит E илэрсэн юм.
  • Тарваганы цѳс, түүхий мах, хүн мах зэрэг эрхтнийг хэрэглэвэл юуны ѳмнѳ тарваган тахлаар өвчлөхөөс гадна олон аюулт өвчнөөр халдварлах эрсдэлтэй. Үүнд боом, бруцеллёз, гепатит “Е”, хулгана тахал буюу туляреми, лептоспироз, листериоз, эризипелоид, пастереллёз, тарваганы хүж хорхой мэрэгчдийн ходоодны хүж хорхой, салмонеллёз, токсоплазмоз, листериоз, зэрэг олон ѳвчин тусах эрсдэлтэй.
  • Зарим шимэгч хорхой завсрын хөгжлийн үе шат дамжилгүй хүнд шууд халдварладаг нь тогтоогдсон юм. Тухайлбал, 2018 онд тарваганы түүхий ходоод залгисан хүнээс Physaloptera тѳрлийн мэрэгч амьтны ходоодны дугариг хорхой илэрчээ.
  • Махан идэшт ангууч амьтдын тархи, нугас, мэдрэлийн судас зэргийг идвэл галзуу ѳвчний вирусийн халдвар авах эрсдэлтэй. Мөн түүхий, шүүрхий болгосон мах, дотор эд эрхтэн идвэл бэтэг, боом, бруцеллёз, хулгана тахал, листериоз, салмонеллёз ѳвчин халдварлах эрсдэл өндөр. Шимэгч хорхойн авгалдай нь хүний булчин, нүд, тархи зэрэг олон эд эрхтэнд шивэн байршина. Харамсалтай нь, мэс аргаар авгалдайг бүх эрхтнээс түүж цэвэрлэх боломжгүй аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж