
Сонгон шалгаруулалтад онцлон зааснаар бол нөөцийн махыг мал нядалгааны үйлдвэр, мах боловсруулах, ангилж савлах цехтэй, зориулалтын тээврийн хэрэгсэл, зоорь агуулахтай газрууд л бэлтгэх учиртай юм байна. Гэтэл ийм шалгуурт тэнцэх газар нь хэд хэчнээн байгааг хэлэх боломжгүй юм. Тендерт өндөр шалгуур тогтоохын хэрээр бэлтгэж буй махны чанар сайжрах логиктой ч энэ жилийн хувьд нөөцийн махнаас өөх олж хараагүй хэмээн гомдоллох хүн цөөнгүй байна. Зооринд удаан хадгалснаас хөрс нь хатсан байсны дээр хонь, ямааны хаа голдуу мах зарагдаж байжээ. Мах ихтэй гуяны хэсгийг нь хэн авчихсан юм бол доо хэмээн чамлах боловч 1900, 2900 төгрөгийн үнэтэй нөөцийн махыг аргагүйн эрхэнд хүмүүс авч байсан юм. Тэгэхээс ч аргагүй цаг үе байлаа. Үхрийн шулсан мах 6800 төгрөгт хүрч, хонь, ямаа, адууны мах хүртэл урьд өмнө байгаагүйгээр үнэд орсон болохоор “чамлахаар чанга атга” гэгч л болж байсан даа.
Харин ирэх хавар энэ байдал давтагдахгүй гэх баталгаа байна уу?
Энэ асуултад “12 мянган тонн мах нөөцлөх болохоор санаа зоволтгүй” гэсэн хариултыг мэргэжилтнүүд өгч байна. Нийслэлийн нийт хүн ам нэг өдөрт 203-205 тонн мах хэрэглэдэг ажээ. Бүгд нөөцийн мах хүнсэндээ хэрэглэнэ гээд тооцвол хоёр сарын турш элбэг хүрэлцэнэ гэж тэд хэлж байлаа. Махны чанарын тухайд ахиц гаргахын тулд мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдэд олгох урамшууллын системдээ ч шинэчлэл хийсэн гэнэ. Нөөцийн махыг бэлтгэсэн хэмжээгээр нь бус зарагдсан хэмжээгээр нь урамшууллын мөнгийг олгож эхэлжээ. Тэгэхээр ирэх хавар нийслэлчүүд өөх мах нь алагласан зэрэглэл өндөртэй мах зооглох нь гэж ойлгож болно.
Харин мах бэлтгэх аж ахуйн нэгжийг хэр шударга шалгаруулахаас дээрх амлалтууд шалтгаална. Хэдийгээр туршлага арвинтай ч сэтгэл дулимаг нэгэн таарвал урьд жилүүдийн адил хатаж шим шүүсээ алдсан маханд “нөөцийн” гэх хаяг хадаатай хэвээр байхыг үгүйсгэхгүй. Урьд өмнөх жилүүдэд бод, богийн мах хольж бэлтгэсэн ч “яс голдуу мах зарж байна” гэсэн хэрэглэгчдийн гомдлоос үүдэн 2009 онд дан богийн мах нөөцөлжээ. Гэвч хэрэглэгчдийн дотор бодын мах, тэр дундаа үхрийн мах авах хүсэлтэй хүн цөөнгүй байгааг харгалзан ирэх хаврын нөөцөд үхрийн мах бэлтгэхээр шийджээ. Харин үхрийн махыг яс мах нь тэнцүүхэн байхаар хэрхэн хуваах, хэдэн кг-аар савлах зэргийг мах бэлтгэх компаниудтайгаа зөвлөхөөр болсон байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хавар идэх махаа урьд оныхоо хавар нь бэлтгэдэг байжээ. Мал хямд байх үед туранхай ч гэж гололгүй авсан малаа зун, намрын зургаан сард оторлон таргалуулаад өвлийн эхэн сард нядлын нөөцөлдөг байсан туршлагыг “урьд нийгмийнх” хэмээн адлах аргагүй. Яагаад бэлээхэн хэрэглэж байсан аргыг хэрэглэхгүй байгааг Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүхээс тодруулахад:
-Тэр талаар бид бас бодолцсон. Ингэж бэлтгэхийн тулд “Эргэлтийн сан” байгуулах шаардлагатай байгаа. Эргэлтийн сантай болсон тохиолдолд малаа хямд үед нь аваад чанар сайтай мах бэлтгэх, хэрэгцээтэй үед нь нөөцөлсөн махаа худалдах боломжтой болно. Харамсалтай нь уг санг байгуулах эрхзүйн орчин хараахан бүрдээгүй байна гэлээ.
2009 онд мах хямд байсны дээр урьд онд нь нөөцөлж бэлтгэсэн 7000 тонн махаа арайхийн борлуулсан тул 2010 онд бэлтгэх махны хэмжээг эрс бууруулж, ердөө 2800 тонныг нөөцөлсөн нь үнэхээр харалган шийдвэр болсон. Энэхүү болчимгүй алхмыг НИТХ төсөв хассантай холбоотой гэж тайлбарлаж байна. Харин энэ жил хотын парламентынхан харамгүй сэтгэл гаргаж, ирэх хавар ахиухан мах нөөцлөх боломжийг амлаад байгаа юм. Ингэхээс ч аргагүй гэдгийг өнгөрсөн хахир хатуу хавар харуулсан. Дээхэн үедээ бол махны хэрэглээ зуны цагт харьцангуй багасдаг байсан ч сүүлийн хэдэн жил улирлын ялгаа гарахаа больжээ. Ийн махны хэрэглээ, үнэ ханш өсч байгаа нь малчдад боломж олгож байсан бол бас нэг хэрэг. Тэд малаа, малынхаа мах, арьс шир, үс ноосыг өндөр үнээр борлуулаад ахуй амьдралаа дээшлүүлэх, үр хүүхдээ их дээд сургуульд толгой өвдөхгүйгээр сургадагсан бол хотын бидний хувьд нэг хэсэг хүмүүст хөрөнгө оруулалт хийж байна гэж өөрсдийгөө баясгахсан. Гэтэл махны үнийн хөөрөгдлөөс хождог цөөн хэдхэн хүн хожиж олонх нь халаас нимгэрэн үлддэг нь манай улсын мах бэлтгэлийн тогтолцоо буруу байгааг илтгэнэ. Тогтолцооны гажгийг даруйхан илааршуулах хамгийн найдвартай арга нь “Хөдөө аж ахуйн бирж” гэдгийг малчид ч, мэргэжилтнүүд ч хэлж байна. Нөөцийн махыг ч нөөцийнх тодотголд нь тохируулах, цаашлаад махны үнийг өөрийн орныхоо нөхцөлд тааруулан барих гарц нь ч энэхүү бирж байх бололтой. Махаа хүртэл улстөр, бизнесийн ашиг сонирхлоор зооглох болсон энэ цаг үеийг түүх болгон үлдээхийн тулд мах бэлтгэлийг шинэ шатанд гаргах цаг болжээ.
Д.Цээпил