Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Махны үнэ хямдарчээ

Мах магнаг боллоо гэж бид гараа цуцтал бичиж байв. Харин урин дулаан цаг ирж, хүн зоны нуруу тэнийсэн энэ үед махны үнэ хямдарсан байна шүү. Өчигдөр Дэнжийн мянгын “Хүчит шонхор” захыг зорилоо. Махны жижиглэн худалдааны хэсэгт барилгын засвар үйлчилгээ хийж байгаа бололтой, хашлага татжээ. Харин махны ченжүүдийн машинтайгаа зогсдог газар павильон зассаныг олж харлаа. 20 ширхэг павильоны хойд талын цөөн хэд нь үүдээ нээж, голдуу хонь, ямааны махыг гулуузаар нь зарна гэж байв. Ченжүүдийн хэлснээр гулууз мах 45 000 төгрөгөөс хэтрэхгүй юм байх. Ямааны махыг кг-ыг нь 2000, хониныхыг 2500 төгрөгөөр бодож үнэ гарах ажээ.

Жижиглэнгээр мах худалддаг тасгийн орчим засвар хийж байгаа тул хашлагын хойгуур явж тус тасаг руу орлоо. Махны лангуунуудын тэн хагас нь шахуу хоосон байлаа. Төмөр лангуугаа худалдагч нар арчаад буу халж сууна. Харин жаал жуулхан махтай худалдагч нар үйлчлүүлэгчдэд бараагаа сурталчилж, шинэ сайхныг нь магтан, уриалгахан яриа өднө. Энэ зуур махны үнийг сонирхлоо. Үхрийн цул махыг 3000, ястайг нь 3100 орчим төгрөгөөр худалдаж байна. Тэгвэл хонины цул махыг 3600, ястайг нь 2900-д өгч байлаа. Хамгийн хямдхан бөгөөд элбэг мах адууных байлаа. Кг нь ястай нь 1200, цул нь 2000 төгрөгийн үнэтэй. Ямааны мах адууныхтай ойролцоо үнэтэй байдаг ч энэ удаа тийм байсангүй. Ямааны мах ястай нь 2900, цул нь 3500 төгрөгийн үнэтэй байлаа. Махны лангуунд тэмээний мах ховор харагдсан, гэхдээ мэр сэр худалдаалж байна лээ. Тэмээний мах тус захад кг нь 3400 төгрөгийн үнэтэй.

Цаашид ойрын үед махны үнэ ямар байх бол. Тайван төсөр энэ үнэ хэдий хугацаанд үргэлжлэх бол. Энэ талаар худалдагч Н-тай ярилцлаа. Сүүлийн үед хөдөөнөөс мах маш ихээр орж ирж буй тул үнэ хямдарч байна гэдгийг тэр хэлсэн. Мөн наймдугаар сард ч энэ үнэ хэвээр байх боломжтойг дуулгасан. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, оюутан сурагчид сургуулийн бэлтгэлээ базаана. Энэ үеэр чамгүй мах хөдөөнөөс ирэх тул мөн л үнэ буурах боломж бүрдэх гэнэ. Тэгэхээр хэрэглэгчид ойрын хэдэн сардаа махны үнэд санаа зовохгүй байж болох нь.

Энэ дашрамд “Хүчит шонхор” захад тахианы мах ямар ханштай байгааг сонирхуулъя. Тахианы гуяыг 4000, мөчийг нь 4200 төгрөгөөр худалдаж байна.

Хэдийгээр махны үнэ буурсан ч хүнсний ногооных өндөр хэвээр байна. Гурван төрлийн төмсний хамгийн хямд нь хятадын үрийн төмс байна, кг 600 төгрөг. Голлонд сортын төмс 800, жинхэнэ гэх тодотголтой монгол төмс 1000 төгрөгийн ханштай байна. Сонгинын үнэ мөн өндөр байна, кг нь 1000 түүнчлэн лууван бас 1000 төгрөг. Хамгийн хямдхан хүнсний ногоо  манжин байна. Кг нь 700 төгрөгийн үнэтэй бол байцаа 900 төгрөгийн ханштай байна. Чинжүүний үнэ хямдарч кг нь 2000 төгрөг болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж