Кофе, жимс, хүнсний ногоогоор баялаг хоолны дэглэм нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх өндөр ач тустай болохыг судлаачид онцолж байна. Шотландын Глазго хот дахь таргалалтын эсрэг Европын конгресст танилцуулсан судалгаагаар жимс, хүнсний ногоо, бүхэл үр болон кофенд агуулагдах фенолын хүчил нь цэвэршилтийн дараах хөхний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг аж. Фенолын хүчил нь нэрс, бөөрөлзгөнө, алим, тоор, сонгино, бүхэл үрийн гурил, будаа, эрдэнэ шиш, овьёос, улаан дарс, кофенд ихээр агуулагддаг байна. Тиймээс эдгээрийг түлхүү хэрэглэх нь хөхний хорт хавдраар өвдөх эрсдэлийг 65 хувиар бууруулах аж.
Судалгааг Испанийн Жаен их сургууль, Наварра их сургуулийн хамтарсан баг хийжээ. Тэд хөхний хорт хавдрын асуулга судалгааг 11028 эмэгтэй дээр явуулжээ. Оролцогчдын өдөр тутам иддэг 136 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 12 жилийн турш тандаж судалсан байна. Үр дүнд нь фенолын хүчил ихтэй хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг хүмүүс хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл бага байгаа нь илэрчээ. Судалгаанд оролцогчдоос 101 хүн хөхний хорт хавдар өвчинтэй байжээ. Үүгээр ч зогсохгүй эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь өөхний эдийн өсөлтийг бууруулж, исэлдүүлэх үйл явцыг дэмжсэнээр таргалалтын эсрэг үр дүнтэй аж.
Хөхний хорт хавдар нь Монгол улсын эмэгтэйчүүдийн хорт хавдрын дөрөвдүгээр байр, дэлхий дахинаа нийт эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаантай нас баралтын 2-р байрыг эзэлж байна. Хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлт, үр хөндөлттэй холбоотойгоор хөхний эмгэг өөрчлөлтүүд нэмэгдсээр байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд хөхний хавдар эрс өссөн нь эмч, мэргэжлийн байгууллагуудын санаа зовоосон асуудал болжээ. Хөхний хавдар өвчнөөр оношлогдсон хүмүүсийн 80 хувь нь хожуу үе шатандаа мэддэг ба хөхөө тайруулахаас өөр аргагүйд хүрдэг байна. Хөхний хорт хавдар нь сүүний булчирхайн цорго эсвэл хэлтэнг хүрээлж байдаг хучуур эдийн хэвийн бус ургалтаас үүсдэг. Хөхний хорт хавдраар эрэгтэйчүүд ч бас өвддөг. Америкийн хорт хавдар судлалын нийгэмлэгийн судалгаагаар 2030 он гэхэд дэлхий даяар хорт хавдраар нас барах эмэгтэйчүүдийн тоо жилд 5.5 сая хүрэх төлөвтэй байгааг дурджээ.
Холбоотой мэдээ