Зураач Б.Отгонтүвдэн өвөөгийнхөө дүрээр үзэсгэлэнгээ дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Зураач Б.Отгонтүвдэн өвөөгийнхөө дүрээр үзэсгэлэнгээ дэлгэжээ

Зураач Б.Отгонтүвдэн өвөөгийнхөө дүрээр үзэсгэлэнгээ дэлгэжээ
Зураач Отгонтүвдэн

Гаанстай тамхиа татангаа элдэв зүйлийг эргэцүүлж, бодлогширч суугаа буурлын зураг үүдэнд угтана. Харин үзэсгэлэнгийн танхимаар ороход нэг л тийм өөр ертөнц. Насаараа хөдөө амьдарсан буурлын дүр хотын орчин үеийн хэв маяг, сошиал ертөнцтэй үл хорших мэт сэтгэгдэл төрнө.

Энэ бол зураач Б.Отгонтүвдэнгийн “Easel art by Otgontuvden” үзэсгэлэн. Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн гол дүр бол өвөө нь.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул буурлынхаа талаар зураач Б.Отгонтүвдэн ярихдаа “Энэ үзэсгэлэнгийн гол дүр бол авга ах буюу өвөө маань юм. Аавын маань хамгийн том ах л даа. Өвөө маань ямар амьдрал туулсан вэ гэдэг нь нүүрэнд нь харагдаж байгаа байх. Өвөө маань насаараа хөдөө амьдарч байгаад насны эцэст хотод ач охинтойгоо амьдардаг байсан. Бид хааяа өвөө дээрээ очихоор ач охин нь утсаа оролдоод л байж байдаг. Тэндээс л анх бүтээлийнхээ санааг авсан. Бодит хүнээр гол дүрээ сонгосон учраас бүтээл маань илүү тодорхой болж байна. Насаараа хөдөө амьдарсан өвөөгөө фэйсбүүк, инстаграм гэх мэт орчин үетэй холбосон юм.

Өвөөдөө байнга зургийн харуулж, очдог байсан. Энэ хүнийг сайн мэддэг учраас зурахад хүртэл амар байсан. Харамсалтай нь хоёр долоо хоногийн өмнө үзэсгэлэнгийнхээ товыг гаргаад байж байтал өвөө маань тэр өдөр бурхан болсон” хэмээн гунигтайхан өгүүлэв.

“Сэнгэраги” галерейд өчигдөр /2019.05.01/ нээлтээ хийсэн түүний энэ удаагийн үзэсгэлэнг зорьж үзэх хүн цөөнгүй байв. Зарим хүмүүс “Өвөөгийнхөө дүрээр дамжуулан өөрийн дотоод сэтгэлийн илэрхийллийг тун сайн гаргажээ. Өнгөний ялгарал, зохицол гээд тун нарийн мэдрэмжтэй бүтээлүүд болж” гэж дүгнэж байсан юм.

Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн  талаар урлаг судлаач П.Байгаль хэлэхдээ “Түүний бүтээлүүдэд ерөнхийлөл, оновчтой нарийвчлал, хагас тон өнгөний ялимгүй ялгаануудын зохицол, гүйцэтгэл гээд академик дэг сургалтын амин сүнс болсон элементүүд нэг дор нийлж чаддаг нь гайхамшигтай юм. Тэрбээр өвөөгийнхөө дүрийн донж төрх, дотоод сэтгэлийн илэрхийллээр өнөөгийн нийгэм дэх хүмүүсийн сэтгэлгээ, үзэл бодол дахь өөрчлөлт, нэгдэл нягтрал, зөрчил, тэмцэл, сошиал ертөнцийн үзэгдлүүдийг өвөрмөц шийдлээр бүтээлүүддээ харуулахыг зорьсон нь өвөрмөц байлаа” гэжээ.

Тэрбээр үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүддээ нэр өгөөгүй бөгөөд нэг бүтээлээ сонгон өөрийн тайллын тухай өгүүллээ. Үзэсгэлэнгийн танхимын үүдний хэсэгт хөрөг дээрээс бүдэгхэн гэрэл тусаж, хөргийг элдэв үг өгүүлбэрүүд тойрох бүтээлийг байрлуулжээ. Уг бүтээлийнхээ тухай ярихдаа “Хуучин хүн төрөлхтөн анх гал олоод хамгийн чухал гэж үздэг байсан. Орчин цагт эрчим хүч цахилгаангүйгээр амьдрал байхгүй болж байна. Одоо цагт гэрэлгүй, тоггүй, утас хэрэгсэл цахилгаан бараагүй бол амьдрал зогсоно. Мөн хүний толгойд үргэлж л эмх цэгцгүй олон бодол эргэлддэг. Түүнийг л бүтээлдээ илэрхийлж гаргахыг хичээсэн” гэдгийг хэллээ.

А.СҮРЭН

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж