"33 их наядтай холбоотой асуудлыг шалгаж, нээлттэй мэдээлэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

"33 их наядтай холбоотой асуудлыг шалгаж, нээлттэй мэдээлэх ёстой"

"33 их наядтай холбоотой асуудлыг шалгаж, нээлттэй мэдээлэх ёстой"

АТГ-аас чөлөөлөгдсөн Х.Энхжаргал 2015 оны УИХ хууль баталж, бондын 33 их наядын гэмт хэргийг өршөөсөн гэсэн ноцтой мэдэгдлийг хийсэн. Энэ талаар болон цаг үеийн зарим асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.


-33 их наядын бондын өрийг өршөөлийн хуульд хамруулсны бурууг таны удирдаж байсан парламентын буруу гэж үзэж байх шиг байна?

-Х.Энхжаргал гэдэг хүн халагдахынхаа өмнө маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Ямар ч 33 их наядтай холбоотой хэрэг байхгүй, тэр дундаа бондын мөнгө огт хамааралгүй. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсан, Бондын мөнгө 2012 онд гарч ирсэн. Зарцуулагдаагүй байсан. 33 их наядтай холбоотой гэж хардаж байгаа хүмүүсээ бүгдийг шалгаад ил зарлах хэрэгтэй. Энэ бол популизм биш. МАН-ын бүлэг хүсээд байгаа бол өөрсдөө хийх хэрэгтэй. Худлаа шоу болгож ярьж болохгүй шүү дээ. 2017 оноос хойш л бондын мөнгө, үнэ тогтворжуулах хөтөлбөр шалгана гэж ярилаа. Шалгаад гаргаад ир л дээ. Харин ч бондын мөнгөөр 2014, 2015 онуудад зам баригдсан, 80 мянган айлын орон сууцны дэд бүтэц баригдсан. Нэг их наяд орчмыг жижиг дундын зээлэнд өгсөн. Бондын зарцуулалт маш ил тод, юунд зарцуулсан нь тодорхой, төгрөг болгон эзэнтэй. Тухайн үeийн ханшаар үржүүлэхээр 3.2 их наяд. Гэтэл нөгөөх чинь 33 их наядын тухай ярьж байна. Харин одоо энэ 33 их наядын асуудлыг шалгаж, бүгдийг нь нэр устай нь зарлаж, үндэслэлгүй байвал хөрөнгийг нь хурааж авах ёстой. Ялангуяа төрийн албан хаагчдынхыг. Х.Энхжаргал гурван жил энэ ажлыг хийчихээд халагдах өдрөө ийм мэдэгдэл хийж болохгүй. Гурван жил юугаа хийсэн юм. Хоёр тэрбумын бонд авсан.

-Х.Энхжаргал ямар зорилготой ярьсан гэж ойлгох вэ тэгвэл?

-Ажлаасаа халагдахгүйн тулд. Ийм чухал юм илрүүлчихсэн байсан чинь намайг халах гээд байна гэж ойлгуулах гэсэн байх. Үнэн эсэхийг нь УИХ шалгаж, ил болгох хэрэгтэй.

-Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийн талаар мөн маш ноцтой зөрчил илэрсэн, түүнийгээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэсэн?

-Оюутолгойн мэдээлэлтэй би танилцаагүй, би мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа хэрэг. Дараагийн дарга нар учрыг нь олох ажил.

-Ерөнхийлөгч иргэдийн өрийг дарна гэдэг зүйл хэлж байсан. Олон нийтийн сүлжээнд энэ асуудал сүүлийн үед их хөндөгдөх боллоо?

-Ерөнхийлөгч хэзээ ч өр төлнө гэж амлаагүй. С.Эрдэнэ дарга Ерөнхийлөгчид “Монголчууд гурван их наяд төгрөгийн цалин, тэтгэвэр, оюутны зээлтэй байна. Та Ерөнхийлөгч болбол энэ зээлийг барагдуулах талаар ажил хийгээрэй” гэсэн. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр өдрийн өмнө болсон яриа шүү. Ерөнхийлөгч тэр саналыг нь хүлээж авсан. Хүлээж авах үед нь би “юу ч дуугарч болохгүй шүү” гэж зөвлөсөн. Хэрвээ дуугарвал сонгуулийн санал худалдаж авсан хэрэг болно, сонгуулийн хууль зөрчинө. Тэгээд юу ч дуугараагүй тэр бичгийг нь хүлээн авсан. Одоо Ерөнхийлөгч АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэн үүргийг биелүүлнэ.  Гэхдээ байгалийн баялгаа 30 гэр бүлээс буцааж авсны дараа эндээс авах ногдол ашгаар зээлүүдийг төлнө. Тухайлбал, "Эрдэнэс-Тавантолгой"-н ирэх жилүүдийн ногдол ашгаар иргэдийн өрийг төлж болно. Гэхдээ хэн ямар өртэй байна тэрийг нь шууд төлөх биш ногдол ашгаас хувьцаа эзэмшигч хүн болгонд тэгш мөнгө хуваарилж, тэрүүгээрээ иргэд өрөө дарах боломжтой. Түүнээс тэр, тэр иргэн ийм өртэй байна, тэрийг хүчингүй болго гэж хэлэх боломжгүй шүү дээ. Өр төлөх эх үүсвэр байгалийн баялагт байна. Улсын мэдэлд 400 гаруй лиценз авчих юм бол үүнээс гарах ногдол ашиг хангалттай байгаа. Гурван их наяд байтугай их мөнгө гарна.

-Сүүлийн үед гарч байгаа онц хүнд, нийгмийг сэртхийлгэсэн гэмт хэргүүд гараад байна. Цаазын ялын асуудлыг Ерөнхийлөгч сэргээх ёстой гэж байсан?

-Жилийн өмнө Ерөнхийлөгч цаазын ялтай болгох, ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон хэрэгтэнг цаазын ялтай болгох санал гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн яамд саналаа хүргүүлсэн. Цаазын ялыг сэргээх эсэх нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон УИХ-ын асуудал.

-АТГ-ын удирдлагаар томилогдсон хүмүүсийг таны “хүн” гэх яриа гараад буй. Ямар шалгуураар нэр дэвшүүлж томилсон юм бэ?

-Энэ ажлыг хэн нэгэн хүн хийх ёстой. Хуулийн дагуу тавигдсан шаардлага хангаж байгаа, өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүн.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж