Ерөнхийлөгчийн зөвлөх асан Н.Алтанхуяг өчигдөр /2019.05.01/мэдээлэл хийж, Ардчилсан намаа С.Эрдэнээс салгаж авна, МАНАН, шударга бусын хонгилын төлөөлөл нь С.Эрдэнэ гэх зүйлийг хэлсэн. Мөн өөрийг нь намаас хассан шийдвэр ирээгүй гэх мэдээллийг өгсөн юм. Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.
-Н.Алтанхуягийг намаасаа хөөсөн юм уу. Өөрөө бол хөөх шийдвэрээ сонсоогүй, хараагүй гэсэн?
-Зөрчил гаргаад намаасаа хөөгдсөн этгээд намын удирдлагуудаа явах ёстой, зайлах гэж хэлээд асуудал шийдэгдэхгүй. АН өөрийн гэсэн дүрэмтэй, журамтай. Намын дунд шатны байгууллагын шийдвэрээр Н.Алтанхуягийг удаа дараа зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр 4 жилийн хугацаатай намын гишүүнчлэлээс хассан. Энэ шийдвэрийг би гаргаагүй. Үндсэн дүрмийн хүрээнд дунд шатны байгууллага гаргасан. Гомдолтой байвал давж заалдах эрхтэй. Гэхдээ улс төрийн намын дотоод асуудлын талаарх гомдолыг аль ч шүүх хүлээж авдаггүй.
-Гэхдээ МАНАН, шударга бусын хонгил ярихдаа таныг болон намынхаа гишүүдийг дурдсан мэдэгдэл нь анх удаагийнх биш бөгөөд олон удаа тань руу болон намруугаа дайрч байна?
-Н.Алтанхуяг байнга л шохой самбар хоёр барьчихаад баахан юм яриад зогсч байдаг. Ер нь МАНАН гэдэг юмыг үүсгэн байгуулсан хүн нь Н.Алтанхуяг өөрөө шүү дээ, шударга бусын хонгил гээд байгаа зүйлийг ч байгуулсан хүн Н.Алтанхуяг өөрөө. Шударга бусын хонгилоор нь би ч гэсэн чирэгдэж, хэлмэгдээд явж л байсан шүү дээ. Би урдах хойдох янз бүрийн юмаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх сонирхол багатай. Өнөөдөр нотлох баримтуудаар бүх асуудлууд нь нотлогдох байх. Хууль хяналтын байгууллагад удахгүй асуудлуудыг тавих гэж байгаа юм билээ. Тиймээс энэ шийдвэр гэж ойлгож байгаа. Н.Алтанхуягийн яриад байгаа зүйлийг шаардлагатай гэвэл баримтаар гаргаж тавина. Түүн шиг худлаа, үнэн юм яриад байх сонирхол алга. Энэ асуудлаар тун удахгүй манай хуулийн газар хуулийн хяналтын байгууллагад хандана.
-Намаас олон гишүүн хөөсөн гэдгийг бас хэлсэн. Танай намаас хөөгдсөн гишүүдийн тоо олон уу?
-Манай намд хөөнө гэж байдаггүй, хасах тухай байдаг.
-Бондын 33 их наяд төгрөгийн хэргийг өршөөлд хамруулсан үүний буруутан нь АН буюу парламент гэж тайлбарлаж байна?
-Сая УИХ дээр ярьж буй гишүүдийн өнгө аясыг харахад асуудлыг дандаа улстөржүүлээд, 2012-2013 онд л их өр төлбөр үүсчихсэн юм шиг ярих гээд байна лээ. Тийм юм байхгүй. Бонд гэдэг АН-ын үед гарчихсан юм шиг юм яриад байгаа юм. 2011 онд С.Батболд Ерөнхий сайд байх үед Евро бондын зээл авч байсан шүү дээ. Хоёрдугаарт, энэ 33 их наяд төгрөг бол 1990 оноос хойш л хөрөнгө орлогын нөхцлийг мэдүүлж чадаагүй аж ахуйн нэгж, иргэдийн асуудлыг тухай үеийн хуулиар зохицуулсан.
Ш.ЧИМЭГ