Шударга ёс гэх үг өнөөдөр хамгийн хоосон, хамгийн хуурамч сонсогдог болсон. Яг нөгөө “Эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө” гэдэг шиг. Үнэндээ, улстөрчдийн ярьж байгаа шударга ёс нь иргэдийн төсөөлдгөөс тэс өөр юм. Иргэд уг нь, тэднээс жинхэнэ шударга ёсыг хүсдэг. Тэд эрх ашгаа шударга ёс гэж эндүүрдэг.
УИХ-ын Пүрэв /2019.05.02/ чуулганаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хянах Түр хороог байгуулсан бөгөөд Ж.Батзандан ахалж, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Болд, Х.Нямбаатар, Ө.Энхтүвшин, Я.Санжмятав нар ажиллах юм. Эдэн дундаа хуулийн мэдлэгтэй нь Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар боловч хүний эрх талаасаа “цаазын ял байх ёстой” гэсэн байр суурийг баримталдаг хүмүүс. Бүгд популист улстөрчдөөр нэрлэгддэг. Тэгэхээр тэдний хянах хэрэгт ямархуу дүгнэлт гарах нь тайлбарлалтгүй.
Рио-Тинтод харшилтай Д.Тэрбишдагвыг Оюутолгойг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилох үед “Дубайн гэрээг цуцална гэсэн дүгнэлт гарна” гэдгийг Ванга шиг зөгнөх эдийн засагчид цөөнгүй байсан. Энэ удаа ч ялгаагүй.
Тэгээд ч Ц.Нямдорж, Ж.Батзандан хоёрын шударга ёс зөвхөн С.Зоригийн хэрэг ба Эрдэнэтийн 49 дээр хурцаар илэрдэг. Л.Болд гурвуулаа тагнуулын экс дарга Б.Хурцад харшилтай.
Сүүлийн үед нийгэм доргиосон олон аймшигт хэргүүд шил дараалан гарч байна. Тэнд ч дөрөв таваараа осолд орж амиа алдан, энд ч нэг хоёроороо охид алга болсоор. Тэмцэгчдийн, шударга гишүүдийн дуу хоолой энд сонсогдсонгүй. Уг нь, иргэдийнхээ төлөө энэ мэт хэргийн төлөө тэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг “эвийлдэг” шигээ хандсан бол, тэдний ярьдаг шударга ёсонд итгэх байлаа.
Даанч, Ц.Нямдоржийн шударга ёсны ард хүүгээ Элчин болгох, Ж.Батзандангийн тэмцэлийн үр дүнд ахыгаа албан тушаалд тавих тухай л мэдээлэл сошиалаар тэнэж явна. Тэдний эрх ашиг “хамгаалагдаж” байвал иргэдийн эрх ашиг зөрчигдөх нь хамаагүй.
Ийм болохоор л хүмүүс өнөөдөр “Эцгийн бийд Элчин сайд” бол гэж инээд, ханиад болж байна шүү дээ. Жирийн айлын хүү хоёр адуу хулгайлаад гэмт хэрэгтэн, сайд, дарган нарын хүүхдүүд хоёр тэрбумын шахаа хийгээд Элчин болдог ийм шударга ёсонд иргэд дургүйцээд байгаа хэрэг. Энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэхээс Т.Аюурсайхан, Л.Элдэв-Очир, Л.Энхболд зэрэг МАН-ын бүлгийн гишүүд татгалзаж байгаа нь эцгийнх нь нэр нөлөөнөөс айсан уу, эсвэл гэдгийг хэлэхэд хэцүү. Юутай ч МАН-ын шударга ёс хэрхэн үйлчлэхийг харъя.
Хойд аавдаа харгис хэрцгийгээр зодуулсан хүүд эмчилгээний зардал хэрэгтэй болжээ. Иргэд халааснаасаа хандив өргөж байна. Ийм хандив үргэлж өрнөдөг. Эрх баригчид тэнд эрх мэдлийн хэрүүлээ хийдэг. Иргэд нь эмчилгээний мөнгөгүй зовж, эрх мэдэлтнүүд гадаад эмнэлэгт хэвтдэг. Энэ тэгээд манай эх орончдын хэлдэг шударга ёс мөн үү!
- Баян, ядуугийн ялгааг бууруулж, чинээлэг давхаргыг нэмэгдүүлнэ,
- Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогыг бүх салбарт баримтална.
- Хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг чухалчлан үзэж, хүүхдийн хөгжлийн ордон, хүүхэд хамгаалах төвүүдийг дэмжинэ.
- Хувийн хэвшил болон Жижиг, дунд үйлдвэр, бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлнэ. “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална.
- Бид таны хүүхдийг төрөхөд цэцэрлэг, сургуульд ороход боловсрол, эрүүл мэндийн хамгийн чанартай үйлчилгээг үзүүлнэ. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна.
- Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулна. Улсын хэмжээнд ижил үнэтэй байлгаж, үнийн дарамтыг бууруулна.
- Иргэдийг баталгаат хүнсээр хангаж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.
Энэ бол МАН-ынхан УИХ-д 65-уулаа сонгогдохдоо амласан амлалт. Харамсалтай нь, үүнийг бичих зуур ахиад л 11 настай охин ор сураггүй алга болжээ. Иргэдээ гэсэн төртэй улс юм бол энэ асуудалд анхаарал хандуулмаар. Гэвч, эрх барих дөрвөн жилийнхээ гурван жилийг ардаа орхихдоо МАН ажил биш албан тушаалын хэрүүл хийж.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ