Үнэт зүйл бол нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг хангаж, чиглүүлж байдаг гол хүчин зүйл юм. Гэр бүл, үр хүүхэд, эд хөрөнгө, боловсрол, байгалийн баялаг, эх орон, газар нутаг, шашин, түүх соёл, зан заншил гээд нэрлэвэл тоочоод баршгүй. Эдгээр тоймгүй олон үнэт зүйлээс өнөөгийн монголчуудын үнэт зүйлийг тодорхойлохоор Үндэсний хөгжлийн газарт “Монголчуудын үнэт зүйл”, “Монгол улсын хөгжлийн философи” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэн, ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэн зэрэг салбар салбарын эрдэмтэд нэгэн дор цугларч, монголчуудын үнэт зүйлийн талаар хэлэлцэж, өөр, өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлсэн ч монголчуудын үнэт зүйл бол ухамсар гэдэгт санал нэг байв. Харамсалтай нь, үндэсний ухамсар, эх оронч үзэл алдагдах болжээ.
ЗАХ ЗЭЭЛИЙН ШУУРГАНД ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛ ХЭЛМЭГДСЭН
ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.ЦОГТБААТАР:
-Монголчууд үлэг гүрвэлийн олдвор, цуглуулгаараа бахархдаг, үнэт зүйл нь гэдгийг мэддэг боловч энэ талаарх ойлголт мэдлэг нь маш бага. Монголын палеонтологийн судалгаагүйгээр дэлхийн палеонтологийн хөгжлийг тодорхойлох аргагүй юм. Гаднын орнуудаас олдсон томоохон олдвор цуглуулгуудыг Монголоос илрүүлсэн олдвортой харьцуулахгүйгээр дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлэх боломжгүй. Цаашид Монголын палеонтологийн шинжлэх ухаан бол Монголын маш том ирээдүй юм. Зөвхөн судалгааны ажил биш танин мэдэхүйн чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нь бий. Зөвхөн уул уурхайн салбарт түшиглэхгүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засаг хурдацтай өснө. Ялангуяа үлэг гүрвэлийн олдворт газруудад түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Ер нь зах зээлийн нийгэмд маш бүдүүлгээр шилжсэн. Энэ шуурганд үлэг гүрвэл маш их хэлмэгдсэн. Бүхий л зүйлийг мөнгөөр үнэлэх болсон. Үнэт ховор зүйлсээ эвдэж, монголын палеонтологи хөгжих найдварыг үгүй хийсэн. Үүний уршиг нь бид бүхэн одоо гадаадад алдагдсан олдворуудаа эргүүлэн авчрахаар хөөцөлдөж байгааг харж байгаа байх
ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУДЫН ОЮУН САНААНД ЧИНГИС ХААН БУРХАНЛАГ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН
ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэнгийн доктор Б.БАДМА-ОЮУ:
Эзэн Чингис хаан бол түүхэн хүн. Өнөөгийн монголчуудын оюун санаанд түүхэн хүн гэхээс илүү бурханлаг зүйл болсон. Дэлхийн монголчуудыг Чингис хаан нэгтгэж байдаг. Монголчуудын үнэт өв, оршин тогтнох үндэсний дархлаа бол түүх соёл, үндэсний ухамсар. Өнөөдөр монголчуудын хувьд үндэсний ухамсар хэт явцуурч байна. Манайхан энэ үзэлд хэт туйлширч буйн тод жишээ нь “Жалга довын асуудал” өнөөдөр их яригдах боллоо шүү дээ. Аймаг, сумаараа үндэстэн ястнаараа ялгарч байна. Эхлээд хувь хүн зөв төлөвшиж байж угсаатны аз жаргал бий болно.
МОНГОЛЧУУД ОЮУНЫ БАС ЁС ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛЭЭ АЛДСАН
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.ЧОЙЖАМЦ:
-Монголчууд маш олон үнэт зүйлтэй. Энэ дундаас үндэсний ухамсар хамгийн үнэт юм. Өнөөдөр монгол гэсэн сэтгэлтэй, монгол гэсэн дархлаатай, монгол оюунтай бусад улсаас өвөрмөц зан заншилтай улс болох зам руу орж байна гэж харж баярлаж байгаач ардчилал гарснаас хойш монголчууд үнэт зүйлээ их алдсан. Тэр тусмаа оюуны болон ёс зүйн талын үнэт зүйлээ алдсан. Европын соёлоор илүү хөгжсөн. Орчин үеийн хөгжил дэвшилтэйгээ хуучны зан заншил уламжлалаа хавсарч хөгжүүлбэл ард түмэн эх орноо гэсэн сэтгэлтэй, эцэг эхээ энэрч, үр хүүхдээ зөвөөр хүмүүжүүлж бие хэл сэтгэл гурвыг зөвөөр хөгжүүлэх болов уу.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ