УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар өнөөдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд ажлын хэсэг гаргахаар болжээ. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл дээр Ч.Улаан гишүүн ажиллахаар болсон аж.
Мөн бүлгээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл түүнтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцээд тодруулах шаардлагатай гэж үзжээ.
Энэ тухай бүлгийн дарга Н.Батцэрэг “Уг хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдээд 21 хонож байгаа, Ерөнхий сайд 14 хоногт багтаан шийдэж өгөх хүсэлт тавьсан. Яагаад хуулийн төсөл ажлын хэсэг дээр удаад байна вэ гэдгийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Эвслийн удирдах зөвлөл гэж байгууллага бий. Удирдах зөвлөлөөс бүлэгт чиглэл өгсөн, Тавантолгойн орд газрыг хөгжүүлэхтэй холбоотой асуудал хоёр намын мөрийн хөтөлбөртэй нийцэж байх ёстой гэдэг чиглэл өгсөн. Хэлэлцээрийг ахалж байгаа М.Энхсайхан сайдад энэ тухай албан бичиг хүргүүлж, хариу авсан. Түүнд “Хэлэлцээр нь мөрийн хөтөлбөрт тусгагдсан үзэл санааг мөрдөж ажилласан” гэсэн байсан. Ойрын өдрүүдэд энэ чиглэлээр бүлгээс тодорхой тайлбар хийнэ” гэлээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан юм. Тус төслөөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон тус яамны холбогдох хүмүүсээс тодруулга авах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр өнөөдөр бүлэгт дээрх нэр бүхий албан тушаалтнууд оролцож мэдээлэл өгчээ. Бүлгийн дарга Н.Батцэрэг энэ тухай “Ойрын гурван жилийн төсөв анхаарал татсан асуудал. 2017 оноос гадаад бондтой холбоотойгоор томоохон хэмжээний төлбөр тооцоо гүйцэтгэнэ. Дээр нь дотоодын Засгийн газрын бонд гаргасан байгаа. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дотооддоо бонд гаргадаг. Гэвч гаргасан бонд нь төсвийнхөө орлогоос 2017-2018 онд давж мэдэх төлөвтэй байгаа. Тийм учраас төсвийн төсөөлөл дээр сайн ажиллах шаардлага бий.
Нөгөө талаас Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг оруулж ирэх бол хагас жилдээ багтааж яаралтай оруулж ирэх. Ингэхгүй бол урсгал зардлаас бусад санхүүжилтийг хийж чадахгүй болно. Хамтарч Засгийн газар байгуулсны хэрэг юу билээ, хурдан шуурхай төсвийн тодотголоо оруулж ирэх, намууд ойлголцох.
Тэр дундаа гарын үсэг зурчихсан, одоогийн өрийн дүндээ багтаад явж байгаа гадаад талаас авахаар амлагдчихсан байгаа Хятадын зээл, БНСУ-ын зээл дээр санхүүгийн оновчтой систем гаргаад ажиллах шаардлагатай гэж үзсэн” гэдгийг мөн энэ үеэр онцоллоо.
Тус бүлэг төгсгөлд нь Сонгуулийн хуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар товч санал солилцсон байна. Тогтолцоогоо бусад нам эвслийн бүлэгтэйгээ ярих, хуулиа энэ оны эхний хагас жилд багтаан батлах ёстой гэж үзжээ.
Г.ДАРЬ