Монгол Улс 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцэд нэгдэн орсон ч, бүр долоон жилийн дараа буюу 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай болж, 2018 онд агентлаг байгуулсан юм. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын хүн амын 3.3 хувь нь буюу 106,691 хүн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн статистик бий. Энэ өдрүүдэд УИХ-д тайлагнаж буй хүний эрхийн үндэсний коммиссын 18 дахь удаагийн илтгэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хөндөн судалсан нь сайшаалтай.
Ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн зөрчлийг өргөн хүрээнд тусгажээ. Тэдний бие даан шийдвэр гаргах чадваргүй, хүнээс хараат, хүчирхийлэлд өртөх магадлал өндөр зэрэг эмзэг талуудад дөрөөлөн эрхийг нь ноцтой зөрчсөөр байна.
Түүнчлэн хүчээр үр хөндүүлэх, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийг тулган хэрэглүүлэх зэрэг харгис шинжтэй үйлдлээр төрийн байгууллагууд хүртэл ялгаварлан ханддагийг уудлан дэлгэжээ. Ийм эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй, бүр доод түвшинд байгааг бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын үеэр илрүүлсэн байна. Тухайлбал, тулгуур эрхтний бэрхшээлтэй 44 настай эмэгтэй “Би тэргэнцэртэй болоод 20 жил болсон. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхийг хүсдэг ч тохирох ариун цэврийн өрөө эмнэлэгт байхгүй, үзлэгийн орон дээр яаж гарах зэрэг бэрхшээлээс айгаад одоо хүртэл нэг ч удаа үзүүлээгүй” хэмээн ярьсан бол сонсголын бэрхшээлтэй бүсгүй “хэлмэрчгүйгээс болж эмчтэйгээ ойлголцож чаддаггүй, тиймээс эмнэлэгт очдоггүй” гэсэн байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг хүчирхийлэх тохиолдол жирийн иргэдээс гурав дахин их байдаг аж. Ихэвчлэн хамаатан, таньдаг хүн, хөрш болон хойд эцэг нь хөөрхий охидыг бэлгийн ёс бус хүслээ хангахад ашигладаг аж. Ийм хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 71 хувь нь хэнд ч хэлэлгүй нуудаг, хэн нэгэнд хэлсэн гэх 29 хувийн талаас илүү нь зөвхөн найздаа л хэлсэн байв. ЦЕГ-аас ирүүлсэн мэдээнд 2018 онд 24 хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг бүртгэгдсэнээс дийлэнх нь орон нутагт үйлдэгдсэн байна. ХЭҮК-ийн илтгэлд харааны бэрхшээлтэй нэгэн эмэгтэй “хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртдөг. Би хэнд хүчирхийлүүлснээ мэдэж чадаагүй, бэлгийн замын халдварт өвчин авч байсан. Эмнэлэгт үзүүлэхээр очиход “хараагүй байж хэнээсээ авдаг юм бэ. Эрийн донтой байх нь ээ” гэх мэтээр эмч доромжилсон. Би эмнэлэгт очих дургүй. Яагаад өвчин авсан талаар асуухгүй байж шууд гүтгэж дүгнэдэг” хэмээн ярьжээ.
Мөн сэтгэлийн дэмээр дутагдаж явдаг тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх анхан шатны байгууллага буюу өрхийн эмнэлэг жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг хүчээр тулгадаг байна. Тариа хийх, ерөндөг тавих, үрийн сувгийг нь боох аргуудыг тулгаж, татгалзсан тохиолдолд “группыг чинь сунгахгүй, асран хамгаалагчийн чинь мөнгийг хасна” гэх мэтээр эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамт үзүүлдэг ажээ. Тулгуур эрхтний бэрхшээлтэй нэгэн эмэгтэй “Би 35 настай, хүний эрхийн байгууллагад ажилладаг. Жилийн өмнө төрсөн. Сүүлийн саруудад өрхийн эмч маань байнга залгаж жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тавиулахыг шаардах боллоо. “Энэ миний эрхийн асуудал, шийдвэрээ би өөрөө гаргана” гэхэд, тэгвэл чиний асаргааны тэтгэмжийг сунгахгүй” гэж ярьсан нь илтгэлд бий.
- Эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй, бүр доод түвшинд байна.
- Сонсголын бэрхшээлтэй бүсгүй “хэлмэрчгүйгээс болж эмчтэйгээ ойлголцож чаддаггүй, тиймээс эмнэлэгт очдоггүй” гэжээ.
- Дэлхийн хүн амын 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэдгээр нэг тэрбум гаруй хүний 80 хувь нь буурай хөгжилтэй орнуудад амьдарч байна.
Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хөсөр хаясан олон тохиолдлыг өнөөдөр зөвхөн сонсож өнгөрөөмөөргүй байна. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу тусгайлсан агентлагаар дамжуулан олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Аж ахуйн нэгжүүд 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулийг чангатгаж, хэрэв ажил олгоогүй бол жил бүр зорилтот санд мөнгө төвлөрүүлэхээр заасан. Компаниуд энэ мөнгийг төлөхийг зөвшөөрдөг ч төрийн байгууллагад тухайн сангийн эрхийг өгөхийг эсэргүүцдэг. Шинэ агентлагийн хэрэгжүүлж буй ажлууд, төрийн болон олон улсын байгууллагын санхүүжилтээр туйлж өнгөрөөх биш, зорилтот хүмүүстээ хүрсэн, асуудлыг шийдвэрлэсэн байхыг хаана хаанаа хүсэж буй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах хил хязгааргүй бодлого
1970-аад оны АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөгийн Монголынх шиг нөхцөлд амьдардаг байжээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй америк иргэдийн тухай хууль (ADA) батлагдсанаас хойш тус улсын зорилтот бүлгийн 52 сая гаруй иргэyий эрх чөлөөний тунхаг болж чаджээ. Төрийн департментын тусгай зөвлөх хатагтай Жүди Хьюман хууль батлагдсаны 26 жилийн ойн уулзалтад хэлсэн үгэндээ “Би Нью-Йоркийн Бруклин дүүрэгт өсөж улсын сургуульд элсэн орох гэсэн боловч тэд намайг галын аюул шиг үзэж, суралцахыг минь зөвшөөрөөгүй. Гадаа булан тохойд налуу замгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд суудаг автобус, галт тэрэг байдаггүй байсан бол өнөөдөр би ажилдаа автобус, галт тэргээр чөлөөтэй зорчдог боллоо. 1970-аад оны эхэн үед алхаж чадахгүй байсан учраас багшийн ажилд авахгүй гэдэг байсан бол өнөөдөр ийм үйлдэл нь ADA-ийн дагуу ялгаварлан гадуурхалт болохоор боллоо” гэжээ.
Дэлхийн хүн амын 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Тэдгээр нэг тэрбум гаруй хүний 80 хувь нь буурай хөгжилтэй орнуудад амьдарч байна. 2013 оноос эхэлж дэлхийн 19 орныг төлөөлүүлэн солилцооны хөтөлбөр, АНУ, БНХАУ хоорондын хөгжлийн бэрхшээлийн талаарх зохицуулах уулзалт, АПЕК-ийн орнуудтай хамтран ажилласан нөхөрлөлийн бүлгийн механизм амжилттай хэрэгжиж ирсэн. Эдгээр төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, хамгаалах зорилготой хуулиудыг хэрэгжүүлэхээс өмнө хүмүүсийн хандлагыг өөрчлөхийг уриалсан байдаг. Жирийн хүн тэднийг хараад “өөрөө ийм болчих вий” гэсэн айдас төрөх нь хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гутаан доромжилсонд тооцогддог, хүн бүр өөр гэдгийг хүлээн зөвшөөрдөг тэрхүү ойлголтод эдгээр иргэнийг хамруулж энгийнээр хүлээж авдаг байх зэрэг хандлага тогтоохыг чухалчилж байна. Хөгжлийн бэрхшээл гэдэг нь эмгэнэлт зүйл биш гэдгийг дэлхийн улсууд нэгэнт хүлээн зөвшөөрчээ.
Монгол Улс 2011 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, хүн амын сангийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн тайлан илтгэлээ тавьсан. Тус илтгэлд дурдсаар үндэсний телевизийн мэдээллийн хөтөлбөрийг дохионы хэлний орчуулгатай болгож, албан байгууллагуудыг үүдэндээ налуу зам байгуулахыг үүрэгдсэн гэдгээс өөр дорвитой хийсэн ажил өнөөг хүртэл алга байна. ХЭҮК-ийн илтгэлд дурдсан хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн эмзэг асуудлуудыг ор мөргүй арилгах ажил нь олон нийтийн хандлагыг өөрчлөхөөс эхэлнэ гэдгийг хариуцсан агентлаг ухамсарласан байгаасай.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ