ХМЗ: Сэтгүүлч хүн хоёр нүүртэй байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

ХМЗ: Сэтгүүлч хүн хоёр нүүртэй байж болохгүй

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/ өнөөдөр /2019.05.02/ мэдээлэл хийлээ. Сонгуулийн кампанит ажлын үеэр сэтгүүлчдийн ёс зүйтэй холбоотой гомдол болон хэвлэл мэдээллийн байгууллагын албан ёсны пэйж хуудсаар түгээгдсэн мэдээлэлтэй холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийсэн юм.


СЭТГҮҮЛЧ ГЭДЭГ НЭРЭЭРЭЭ СОШИАЛ ОРЧИНД ӨӨР МЭДЭЭЛЭЛ ТАРААГААД БАЙЖ БОЛОХГҮЙ

Мэдээллийн эхэнд ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “ХМЗ нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 227 өргөдөл хүлээн авч шийдсэн. 2018 оны сүүлийн байдлаар нийт хүлээн авсан өргөдлийн тоо 100 байгаа нь өмнөх жилүүдээс өссөн дүн юм. Энэ нь иргэд редакцийн эсрэг гомдлоо шүүх, цагдаад гаргахаас илүү өөрийн зохицуулалтын байгууллагыг сонгож буйг харуулж байна. Тун удахгүй сонгууль эхэлнэ. Сонгуулийн үед хэвлэл мэдээллийн зөвлөл хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал бидэнд шинээр гарч ирсэн. Уламжлалт хэвлэл мэдээлэл төдийгүй олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хурдацтай тарж байна.

Хэрэглэгч бүхэн өнөөдөр үнэнийг хаанаас хайж олох вэ хэмээн асууж байгаа энэ үед мэргэжлийн сэтгүүлчдийн эрэлт ихээр гарч ирлээ. Сошиал медиагаар хүн бүхэн батлагдаагүй мэдээллийг цацаж тарааж байна. Энэ бүхнээс мэргэжлийн сэтгүүлчид ялгарч харагддаг байх ёстой.

Худал хуурмаг мэдээллийн дунд сэтгүүлчид ёс зүйгээ баримталж ажиллахгүй байгаа асуудлыг зохицуулахын тулд ХМЗ-өөс Ёс зүйн зарчимд нэмэлт заалт орууллаа. Сэтгүүлчид редакцаараа дамжуулан нэг мэдээлэл түгээгээд нийгмийн сүлжээгээр өөр нэг мэдээлэл түгээж байна. Сэтгүүлч гэдэг нэрээрээ сошиал орчинд өөр мэдээлэл тараагаад байж болохгүй. Өөрөөр хэлбэл хоёр нүүртэй байж болохгүй" гэв. 

УИХ-ЫН СОНГУУЛЬ БҮХЭН МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРТ ЭЭЛЖИТ СОРИЛТ БОЛДОГ

ХМЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж “Сэтгүүлч хүн ямар ч үед нэг л байр суурьтай байх ёстой. Сонгуулийн үед ч тэр дайны үед ч тэр. Тийм учраас сэтгүүлчдийн ёс зүйн зарчимд нэмэлт оруулсан. Мөн сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой гомдол мэдээллийг маш шуурхай шийдвэрлэдэг болж байна. Сонгуулийн үед ХМЗ-өөс ёс зүйн хорооны гишүүд маш шуурхай хуралдахад бэлэн ажиллана. УИХ-ын сонгууль бүхэн Монголын сэтгүүл зүйн салбарт ээлжит сорилт болж, сонгуулийн компанит ажил эхэлмэгц хэвлэл мэдээллийн салбарын зарим тоглогчид ёс зүйгээ баримтлахгүй байх тохиолдол бий. ХМЗ-өөс Сэтгүүлчдийн ёс зүйн зарчимд “Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураахаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ” гэдэг заалтыг нэмсэн”

МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЧИД ЁС ЗҮЙГЭЭРЭЭ  ЯЛГАРАХ ЁСТОЙ

ХМЗ-ийн удирдах зөвлөлийн  дэд дарга У.Тамир “Сошиал орчинд бодитой бус мэдээлэл тархаж байгаа энэ  үед мэргэжлийн сэтгүүлчид ёс зүйгээрээ ялгарах ёстой. Сошиал орчинд сэтгүүлч,  иргэн гэхчлэн бүхий л төрлийн хүмүүс холилдон байдаг. Үүнээс үүдэн хүмүүс мэдээллийн эрсдэлд орж байна. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэлд маш том давалгаа үүсдэг. Тийм учраас хэвлэл хэвлэл мэдээллийн байгууллагын Фэйсбуукийн албан ёсны пэйжээр түгээсэн мэдээлэлтэй холбоотой өргөдөл гомдлыг хүлээж авдаг болж байна.

Учир нь, сэтгүүлч хэмээн олонд танигдсан хүмүүсийн  сошиал орчинд бичсэн мэдээлэлд уншигчид “Сэтгүүлч юм чинь худлаа юм бичихгүй” хэмээн итгэдэг. Гэтэл  тухайн сэтгүүлч "Сошиал  орчинд хувийн үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ бол миний мэргэжлийн ажил биш" гэж  хэлдэг. Тэгэхээр энэ зөрчлийг бид  нэг тийш нь болгох хэрэгтэй байна. Сэтгүүлч хүн сошиал орчинд ч тэр мэргэжлийн редакци дээрээ ч тэр нэг л ёс зүйн зарчмыг баримтлах ёстой.

Нэмж нэг зүйлийг хэлэхэд сэтгүүлчдийг сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлэхийг хорьж цагдсан заалт биш гэдгийг тодотгохыг хүслээ. "Тухайн сэтгүүлчийг мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн талаарх мэдээлэл иргэнээс ХМЗ-д ирсэн үед л бид хэлэлцэнэ. Түүнээс биш сэтгүүлчдийн бичсэн пост болгоныг шүүгээд байх эрх бидэнд байхгүй” гэв. 

СОШИАЛ ОРЧИНД ТАРХАЖ БАЙГАА МЭДЭЭЛЭЛД ЁС ЗҮЙН ХЯНАЛТ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Д.Нарантуяа “Сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооноос Хэвлэл мэдээллийн зөвлөл буюу тусдаа хяналтын зөвлөл байгуулдаг. Сонгуулийн хуультай холбоотой  зар сурталчилгааны хууль зөрчсөн  зэрэг асуудлыг тэрхүү зөвлөл нь шийддэг. Харин  сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг хөндсөн гомдлуудыг хүлээж авахын тулд дээрх зохицуулалтыг хийсэн. Ялангуяа сонгуулийн сурталчилгаа дуусахаас өмнөх хоёр өдөр нэр дэвшигчдийн эсрэг, сөрөг мэдээллүүд их явдаг. Энэ хугацаанд ХМЗ зохицуулж шуурхай уян хатан ажиллана. Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор сурталчилгаа явуулах цаг хугацаа, хэмжээнд хатуу хяналт тогтоосон. Үнэндээ сүүлийн хоёр сонгууль буюу 2016 оны парламентын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн дуу хоолой сонгогчдод хүрч чадаагүй. Сэтгүүчлийн ёс зүйн зарчим бол нөхцөл байдлаас үл хамааран мөрдөгдөж байх зүйл юм” гэв.

 

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж