Хөдөө орон нутаг дахь хоол үйлдвэрлэлийн салбарынхан сургалтанд хамрагдаж, аваргаа тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Хөдөө орон нутаг дахь хоол үйлдвэрлэлийн салбарынхан сургалтанд хамрагдаж, аваргаа тодрууллаа

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хүнс, хөдөө аж ахуйн газар, Орхон аймаг дахь Мэргэжлийн хяналтын газар, Мастер тогоочдын Холбоо хамтран энэ сарын 14-17-ны хооронд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь” сургалт, Төвийн бүсийн аварга тогооч шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд Төв, Хангайн бүсээс  Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсад, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, төрийн бус байгууллага болон бусад холбогдох албан байгууллагын төлөөлөл 200 хүн хамрагдлаа.Сургалтын хичээлийн сэдэв нь Хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн заалтууд, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн зохистой дадал, хоол үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн хөгжил, олон улсын хөгжлийн хандлага НАССР тогтолцоог нэвтрүүлэх нь зэрэг байлаа.  Мөн энэ салбарт ажиллаж байгаа тогооч нарт тулгарч буй бэрхшээл, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр хоол үйлдвэрлэлийн гал халуун цэг дээр хоёр нарны хооронд ажилладаг тогооч нар мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгогддоггүй, ажлын нөхцөл хүнд, нийгмийн асуудлыг төр засгаас анхаардаггүй, ажил олгогч нар хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангадаггүй зэрэг зөрчил байгааг уламжилж байв.

Үүнээс гадна “Төвийн бүсийн аварга тогооч” шалгаруулах тэмцээн болж, Зоогийн газрын аварга, Цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн аварга тогооч, Талх, нарийн боовны аварга тогооч, Шилдэг баг номинациар шилдгүүдээ тодрууллаа. Зоогийн газрын аварга тогоочоор Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Маэстро” зоогийн газрын ахлах тогооч Ш.Төмөртогтох, “Цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн аварга тогооч”-оор Д.Түмэнжаргал, аварга нарийн боовчноор “Жүр үр” ХХК-ын Д.Баасансүрэн нар тодорсон байна. Мөн” Шилдэг баг”-ийн төрөлд явуулдаг “Маэстро” зоогийн газрын баг хамт олон аваргалж, алтан цомоор гардан авлаа. Тус сургалт, тэмцээнийг зохион байгуулахад идэвх санаачлагатай ажилласан Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор аймгийн хүнс, хөдөө аж ахуй газрын мэргэжилтэн, Орхон аймаг дах мэргэжлийн хяналтын газар, Мастер тогоочдын Холбооны салбар зөвлөлийн дарга Ж.Цагаанцоож болон тус аймгаас төрсөн Монгол Улсын Мастер тогооч нартаа талархлаа илэрхийлье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж