“Төр мафижиж, нам компанчлагдаж дууслаа. Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор баян, хоосны ялгаа туйлдаа хүрлээ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэж байв.
Гэвч хоёр жилийн өмнөх баялаг, нийгмийн тэгш хуваарилалтыг бий болгох, Засгийн газрын бодлого хөрсөн дээрээ буусангүй.
Иргэд нь хорт хавдар туссан ч гадаад руу явж эмчлүүлэх зардалгүйгээс үхэж байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь хоолны хордлогоо БНСУ-д эмчлүүлээд ирэх жишээний. Засгийн газрын хуулийн хэлтсийн дарга нь албаны машинаараа хүүхдээ сургуульд нь хүргэж, авч байхад ард иргэдийн хүүхдүүд архичин согтуу хүнтэй автобусанд чихэлдсээр хичээлдээ очиж байна.
УИХ-ын гишүүдийн дийлэнх нь 10, 20 сая төгрөгөөс дээш төлбөртэй дунд сургуульд хүүхдээ сургаж байхад иргэд гурав, дөрвөн ээлжээр хичээллэдэг сургуульд хүүхдээ сургасаар… Зарим анги 60 хүүхэдтэй. Ийм сургуульд суралцдаг хүүхдээсээ сайн боловсрол эзэмш гэж шаардах эрх томчууд бидэнд бий билүү. Ийм олон хүүхдэд хичээл зааж байгаа багшийг хүүхдэд мэдлэг өгсөнгүй гэж шүүмжлэх ёс зүй бидэнд байгаа юу?…
Цэцэрлэг хүрэлцэхгүйгээс хүүхдүүд гэртээ цоожлогдож үлдсээр… Хүүхдүүдийнхээ хоногийн хоолны мөнгийг олохын тулд ээж нь Улаан чулуутын хогийн цэг дээр очиж, ажиллаж байна. Хамгийн харамсалтай нь, харгалзах хүнгүйгээр үлдээсэн хүүхдүүд гэртээ шатаж амь насаа алдсан эмгэнэлтэй жишээнүүд ч олон бий.
Хүүхдээ л эрсдэлд оруулахгүй байвал хоногийн хоол яах вэ гээд гудамжинд хүүхэдтэйгээ гуйлга гуйгаад сууж буй эхчүүд ч олширсон. Ийм дүр төрхтэй сууж байгаа ээжүүдийг арчаагүй гэж шүүмжлэх эрх бидэнд байхгүй. Хэрэв хүүхдийг нь хараад өгөх эцэг, эх, хамаатан садан байсан бол тэд бусдын нэгэн адил ажил хөдөлмөр эрхлэх хүсэл бий. Аминаасаа амь тасалж төрүүлсэн хүүхдээ ганцааранг нь орхиод явах зүрх зориг байдаггүй тул арга буюу гуйлга гуйдаг гэдгийг нь өршөөж үзээрэй.
Нөгөөтэйгүүр, 25-аас дээш насныханд ажил олдоно гэдэг бэрх болсон. Их, дээд сургууль төгссөн ч бай, царайлаг нуруулаг, танилтай талтай, ах дүү нь төрд том алба хашдаггүй л бол хэчнээн мэдлэгтэй, чадвартай ч ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг.
Нийгмийн энэ гажуудлаас болоод дүүгийнхээ сүүний мөнгө, гэрийнхнийхээ идэх хоолны мөнгийг олохын тулд гудамжинд дуу дуулдаг, гуйлга гуйдаг, ном, сэтгүүл зардаг хүүхдүүд олон болсон. Зарим нь худалдааны төв, захуудад ч ажилладаг. Сурч боловсрох цагаа ажил хөдөлмөрт зориулж яваа бяцхан үеэ бүү буруутгаарай. Тэд амьдралын төлөө зүтгэж байна.
Өндөр төлбөртэй сургуульд суралцаагүй ч өөрийнхөө мэдлэгээр их сургуульдаа цойлж, гадаадын тэтгэлэгт сургуульд суралцахаар шалгалт өгдөг ч томчуудын хүүхдүүдэд арын хаалгадуулж, боломжоо алдаж буй залуу үеийн итгэл сэтгэлийг харин бүү хулгайлаач…
Энэ нийгмийг өөрчилье гэвэл, эрүүлжүүлье гэвэл бид мэдлэгтэй, чадвартай залуу үеэ гадаадын хамгийн нэр хүндтэй сургуулиудад сургах ёстой. Кассын систем шиг энэхүү баян, хоосны ялгарлыг тас цохиж, хөгжлийг авчрах хүмүүс бол залуу үеийнхэн. Тэдэнд өөрсдийнхөө чадлаар гадаадын их, дээд сургуульд суралцаад явах тэрхүү боломжийг нь олго. Эцэг, эхэд нь олгоогүй тэр боломжийг одоо бүү хулгайл.
Лиценз, тендер, ЖДҮХС, ТЭДС гээд цөлмөж болох бүхнийг цөлмөсөн. Одоо зогсоо. Хүн чанарын хэлтэрхий үлдсэн бол бүхнийг юу ч үгүй хулгайлдагаа зогсоо.
Ард түмэн ийм нийгмийг хүсээгүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ